“Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан болон УИХ-д сонгогдсон гишүүдийг шалгасан зүйл байхгүй”
“Андын илч” ХХК-тай холбоотой гомдол мэдээллийн талаар Эрүүгийн цагдаагийн алба (ЭЦА)-наас мэдээлэл өглөө.
Одоогийн байдлаар Эрүүгийн цагдаагийн албанд дараах гомдлууд шалгагдаж байгаа аж.
1. Эрүүгийн цагдаагийн албанд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б-с албан бичгээр ирүүлсэн “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Андын илч” ХХК-ний эзэмшлийн гаалийн хяналтын талбайд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 20 орчим хүмүүс бүлэглэн, зэвсгийн чанартай эд зүйл ашиглаж БНХАУ-н иргэн Эрдэнэтогтохыг ална” гэж заналхийлсэн гэх утга бүхий Г-315 дугаарт бүртгэгдсэн гомдол мэдээлэл,
2. Иргэн Ц-с албан бичгээр гаргасан “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Андын илч” ХХК-ний эзэмшлийн гаалийн хяналтын талбайд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг “Майробалан” ХХК-ны ажилчид, жолооч нар руу 2023 оны 02 дугаар сарын 12-ноос 14-ний өдрүүдэд 20 гаран гэмт этгээдүүд дайрч довтлон, айлган сүрдүүлэн заналхийлсэн” гэх утга бүхий Г-316 дугаарт бүртгэгдсэн.
Дээрх гомдол мэдээлэлд Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан болон тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийг холбогдуулан мэдүүлэг авсан, дуудсан, шалгасан зүйл байхгүй байна гэдгийг ЭЦА-ны дарга, хурандаа Т.Сүхболд мэдээлсэн юм.
Үргэлжлүүлэн тэрбээр “Андын илч” компанийн лицензтэй холбоотой асуудлын талаар мэдээлэл өглөө.
“Анх 2014 онд Хил хамгаалах ерөнхий газарт хийсэн дотоод аудит шалгалтаар төрийн байгууллагын лицензийг хувьд шилжүүлсэн асуудал илэрч, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр 2015 онд хэрэгсэхгүй болж шийдвэрлэж байсан. Үүнтэй холбоотой урьд өмнө гарсан лицензтэй холбоотой асуудлыг цагдаагийн байгууллага шалгаагүй” гэв.
Цагдаагийн байгууллагаас гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийг залилах, булаах, тэдгээрийг айлган сүрдүүлж байгаа гэмт үйлдлийг шалгах ажлын хэсэг гарч жил гаруйн хугацаанд шалгалтын ажиллагааг явуулсан байна.
Энэ ажлын хүрээнд нийт 56 хэрэг шалгагдаж нийт 47 хэргийг нь шийдвэрлээд байгаа бөгөөд үлдсэн есөн хэрэг нь шалгагдаж байгаа аж.
Бидний үйл ажиллагаа прокурорын хяналтын доор явагддаг. Тиймээс дээрх асуудал болон удаа дараа ял шийтгэл хүлээсэн хүмүүсийн хэргийг замхруулах асуудал байхгүй гэдгийг албаныхан онцолж байсан юм.