Мах, цемент, гурилын үйлдвэрлэл I-II сард өмнөх оны мөн үеэс 10-30 хувиар буурчээ

0

Шингэн сүүний үйлдвэрлэл хамгийн өндөр буюу 28.4 хувиар нэмэгдсэн байна.

Боловсруулах салбарын үйлдвэрлэл оны эхний хоёр сарын байдлаар нэг их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 14 хувиар өслөө. Тайлант хугацаанд нийт борлуулалт нь 1.2 их наяд төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 20 орчим хувиар өссөн дүн болж байна.

Аж үйлдвэрийн гол нэрийн бүтээгдэхүүнээс мах болон цемент үйлдвэрлэл хамгийн өндөр хувиар буюу 23-30 хувиар буурчээ. Мөн дээрх хугацаанд 29.6 мянган тонн гурил үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар буурсан байна.

Өнгөрсөн онд тохиосон зудын улмаас есөн сая гаруй мал хорогдсон нь энэ жил махны нийлүүлэлт буурахад нөлөөлжээ. Мөн Засгийн газар гурил, улаанбуудай, малын тэжээлийн гаалийн татварыг тэглэсний нөлөөгөөр дотоодын үйлдвэрлэл буурч, зарим нь хаалгаа барьж байгааг салбарын сайд мэдээлсэн юм.

Боловсруулах үйлдвэр дотроо шингэн сүү үйлдвэрлэл хамгийн өндөр буюу 28.4 хувиар нэмэгдсэн байна. Нэгдүгээр сард сүүний үйлдвэрүүдэд 3.7 сая литр сүү нийлүүлсэн 2000 гаруй малчин, фермерт нийт 3.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосныг ХХААХҮЯ мэдээллээ. Энэ онд сүү, сүүн бүтээгдэхүүний урамшуулалд нийт 20 тэрбум төгрөг олгохоор төсөвт тусгаад байгаа юм.

Үүнээс гадна ноолууран сүлжмэл эдлэл, ус, ундаа, самнасан ноолуур, шахмал түлш үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 3-14 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *