Ж.Энхжаргалан: Бөхчүүдтэйгээ зөвлөлдөж, туршиж байгаад наадмаас өмнө шинэ зүлэг тавина

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэгтэй холбоотой асуудлаар “Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК”-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Хиймэл зүлэгт усны хаялага гээд жийргэвч тавьдаг. Өнгөрсөн жил дэвссэн зүлэгт жийргэвчийг стандартын дагуу тавьж чадаагүй. Одоо хиймэл зүлэгний дор зориулалтын бус жийргэвч байгаа. Үүний доор бетон бий. Бид сайжруулья гээд хийсэн боловч алдаа, дутагдал гарсан. Тиймээс энэ жил дахин асуудал гарахгүй байхын төлөө ажиллаж байна. Бөхчүүдийн сандал суудал, орц гарц, амрах зай талбайн асуудлыг ая тухтай байж шийдэхийн төлөө ажиллая. Амьд зүлэг тарих тал дээр нэлээн хүнд, хэцүү нөхцөлд байгаа. Зургаадугаар сарын 15-ны дараа наадмын бэлтгэлийн ажил эхэлнэ. Бид өнгөрсөн жилийн алдаан дээрээсээ суралцаж, энэ жил судалгаагаа сайн хийх болно” гэлээ.