ШУТИС-ийн багш нар метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ыг зорилоо

ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ыг зорилоо.
Тодруулбал, метроны механик ба хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл хөтөлбөрөөр Механик инженер, тээврийн сургуулийн багш О.Эрдэнэ-Очир, Э.Уранбаяр, метроны удирдлага, хяналтын инженерчлэл хөтөлбөрөөр Ж.Азжаргал, Б.Дэлгэрмаа, метро барилгын инженерчлэл хөтөлбөрөөр Барилга, архитектурын сургуулийн багш Н.Саранчимэг, М.Цас-Оргилмаа, метроны дохиолол ба цахилгааны инженерчлэл хөтөлбөрөөр Мэдээлэл холбооны технологийн сургуулийн багш А.Сундий, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн багш Б.Энх-Амгалан БНСУ-ын Халла их сургуульд мэргэжил дээшлүүлнэ.
ШУТИС, БНСУ-ын Халла их сургууль “Улаанбаатар метро” төслийн инженер техникийн ажилтан бэлтгэхээр “2+2” хөтөлбөрт эхний ээлжид 200 оюутныг сургахаар харилцан тохиролцсон билээ.
Ийнхүү мэргэжилтнээ тусгайлан бэлтгэснээр авто замын түгжрэлийг багасгах, иргэдийн тээврийн хэрэгслийн сонголтыг нэмэх ач холбогдолтой юм. Мөн, Монгол Улс, БНСУ хооронд хамтарсан боловсролын тогтолцоо бий болгож, сургалтын системийг нэвтрүүлэх, багшлах боловсон хүчин бэлтгэх, “Духуа инженеринг” ХК-д дадлага хийх зэрэг боломжийг багш, суралцагч нарт олгож байна.
Ташрамд дурдахад, ШУТИС нь 2025-2026 оны хичээлийн жилд метроны удирдлага хяналт, барилга, дохиолол ба цахилгаан, механик хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл гэсэн бакалаврын дөрвөн шинэ хөтөлбөрөөр оюутан элсүүлнэ.