Гашуунсухайтын боомтоор өдөрт нүүрс тээврийн 1000 гаруй автомашин хил давж байна

0

Манай улсын Гашуунсухайтын боомтоор өдөрт нүүрс тээврийн 1000 гаруй автомашин хил давж байна.

Тус боомтоор нүүрсний экспортын 55, зэсийн баяжмалын экспортын 60 хувийг гаргадаг юм.

Шивээхүрэнгийн боомтоор Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай найман аж ахуйн нэгж нүүрс экспортолж байна. Өнгөрсөн онд 24 сая тонн нүүрс экспортолжээ. Компаниуд нүүрсний олборлолтын өртгөө багасгах, экспортын хэмжээг нэмэхийг зорьж, 2025 онд 25-26 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөн, шийдэх асуудлаа нэгтгэн Засгийн газрын гишүүдэд уламжилсан юм.

Нүүрсний тээврийг оновчтой зохион байгуулах, хил дээрх нүүрсний овоолгыг яаралтай шийдэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг богино хугацаанд эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэхээр Ажлын хэсэг Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтын нөхцөл байдалтай танилцав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар тэргүүлж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгснөөс гадна аж ахуйн нэгжүүдээс тавьсан зарим саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхээр болжээ.

Манай улсын экспорт, импортын хамгийн том боомтуудын дунд Ханги боомт байршдаг. Гадаад худалдааны эргэлтэд хүч нэмэх чухал гарц учир хүчин чадлыг нь өргөтгөн, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэх боломжтой. Мөн хоёр улсын хил төмөр замаар холбогдсоноор Замын-Үүд, Гашуунсухайтын боомтын ачааллыг хуваалцан, хүлээгдэж буй уул уурхайн төслийн үйлдвэрлэл эхлэхэд Ханги боомт экспортын гол гарц болох юм.

Аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл өдгөө уурхай гүнзгийрч, тээврийн зай уртсан, хөрс хуулалтын хэмжээ, нүүрс олборлолтын өртөг жил бүр нэмэгдэж байгааг тодотгоод, нүүрсний АМНАТ тооцох жишиг үнийг эргэн харах, аж ахуйн нэгжүүдэд ажиллах хүчний хомсдол бий болсныг хэлж байв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан экспортыг нэмэх, аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй асуудлыг цаг хугацаа алдалгүй шийдэж, хамтдаа зах зээлийн сорилтыг даван туулна гэлээ. Сайд нар хил, гаалийн дотоод сүлжээний доголдлоос үүдэн сүүлийн өдрүүдэд нүүрсний тээврийн нэвтрэлт Шивээхүрэнгийн боомтод удааширсныг сайжруулах, дахин сүлжээний доголдол үүсгэхгүй байхыг албаныханд даалгав.

Ажлын хэсэг Шивээхүрэн-Сэхэ боомтын нарийн царигийн төмөр замын хил холболтын бүтээн байгуулалт, чингэлэгт терминал, AGV тээвэр, “Тэлмэн Ресурс” компанийн хэрэгжүүлж буй нүүрсний давхаргын метан хийн төслийн талбайгаар орж, төслийн явцтай танилцсан.  Нүүрсний давхаргын метан хий илрүүлэх гурван төсөл Өмнөговь аймагт хэрэгжиж байна. Нүүрсний давхаргын метан хийг ашигласнаар агаарын бохирдлыг багасгах, эрчим хүч, дулааны шинэ эх үүсвэр бий болох боломжтойг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *