Антибиотикт тэсвэртэй нянгийн аюул дэлхий дахинаа заналхийлж байна

0

Балба улсын Катманду дахь Трибхуван Их сургуулийн харьяа эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмч нар антибиотикт тэсвэржилттэй нянгийн халдвартай өвчтөнүүдтэй ажиллаж байна. Тэдгээр өвчтөнүүдийн нэг нь 8-р сараас хойш антибиотикт тэсвэржилттэй нянгийн халдварын хүндрэлээр эмчлүүлж буй Радха Лама (зурагт ороогүй) юм.

-Энэхүү өгүүллийн жинхэнэ эхийг Глобал Пресс Жоурнал нийтэлсэн болно-

Радха Лама олон жилийн турш өөрийн гэрийн ойролцоох эмийн сангаас антибиотикийг бөөнөөр нь авдаг байв. Тэрээр толгой өвдөх, гэдэс өвдөх зэрэгт эмч эсвэл сувилагчтай зөвлөлгүйгээр эм гаргаж ирээд уучихдаг байсан тухай түүний охин Пратикчия Лама хэлэв.

Харин одоо 57 настай Радха Лама Балбын Трибхуван Их сургуулийн харьяа эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хиймэл амьсгалын аппарат залгуулж байна. Тэр 8-р сараас хойш өөрөө амьсгалж чадахаа больсон. Тэрээр ойлгох чадвартай байгаа хэдий ч гар, хөлөө хөдөлгөж чаддаггүй. Тэр зөвхөн нүдээрээ л харилцдаг.

Ламагийн давсганд гуурс тавьсан ба тэрээр насан туршдаа гуурстай байх шаардлагатай байж болзошгүйг эмч нар хэлж байв. Тэдний хэлснээр гуурсыг авбал Лама шууд халдвар авах аж. Бусад хүмүүсийн хувьд антибиотикийн энгийн эмчилгээгээр эдгээж болох түгээмэл халдвар ч Ламагийн хувьд амь насанд нь аюултай.

“Түүнд өгөх өөр ямар ч антибиотик бидэнд байхгүй” гэж доктор Пушкар БК хэлэв.


Гэрэл зургийг Алин Суарез дел Реал. Мехико хот дахь Мексикийн Үндэсний өөртөө засах Их сургуульд нянгийн эсрэг эсэргүүцлийг судалдаг микробиологийн лабораторт хэрэглэдэг нян үржүүлдэг хэрэгслүүд. Зөвхөн Мексикт байх антибиотикт тэсвэртэй нянгийн хэлхээг илрүүлэх судалгаа хийгдэж байна. Эдгээр нянгийн генийн мэдээллийн санг тодорхойлсон ба эдгээр тэсвэртэй хэлхээтэй тэмцэх чадвар бүхий антибиотикийг бүтээх ажил ид өрнөж байна.Ганц Лама ийнхүү өвдөж шаналаагүй. Түүнээс зүүн хойд чигт 3,200 километрийн зайд Монгол Улсад, Цэндийн Дашзэвэг амьдралынхаа хугацаанд антибиотик хэрэгтэй санагдах үедээ худалдан авч, хэрэглэсээр ирсэн гэв.

Ц.Дашзэвэг 10 дугаар сард халуурч, зүүн цавин дээр нь хатиг төст зүйл гарч хавдсан тул эмнэлэгт хэвтжээ. Тэрээр MRSA (метициллинд тэсвэртэй алтлаг стафилококк) буюу нэгэн төрлийн стафилококкын халдвар авсан болохыг эмч нар илрүүлсэн. Тухайн халдварыг үүсгэгч супер нян нь олон төрлийн антибиотикийг эсэргүүцдэг. Одоо тэрээр хэвтрийн дэглэмд орж, хүчилтөрөгч, гуурс, дусал тариа тогтмол хэрэглэхээс өөр аргагүйд хүрчээ.

Антибиотикт тэсвэртэй нянгийн халдвар нь орчин үед тулгарч буй эрүүл мэндийн томоохон асуудлын нэг болж байна. Нянг устгах зорилготой бүтээсэн эмийн бүтээгдэхүүнийг тухайн нян эсэргүүцэх чадвартай болон хувьсаж, жил тутам 5 сая хүнийг үхэл хүргэж буй талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас мэдээлжээ. Лондонд төвтэй, нянгийн эсрэг эсэргүүцлийг судалдаг Флеминг санаачилга хэмээх судалгааны байгууллагын мэдээлснээр 2025 он гэхэд антибиотикт тэсвэржсэн нянгийн шалтгаанаар нас барах хүмүүсийн тоо хорт хавдраар нас барагсдын тооноос давах аж.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Нэн шаардлагатай эм, эмийн бүтээгдэхүүний загвар жагсаалтын багийн ахлагч, эрдэмтэн Лорензо Можагийн хэлснээр гучин жилийн өмнө нас баралтын түгээмэл шалтгаануудыг ерөнхийд нь хорт хавдар эсвэл зүрхний шигдээс, цус харвалт гэж хоёр ангилдаг байжээ.

“Өнөөдөр, нянгийн эсрэг эсэргүүцэл гэх гурав дахь төрөл бий болсон” гэж Можа хэлэв.


Мексикийн Үндэсний өөртөө засах Их сургууль дахь нянгийн эсрэг тэсвэржилтийг судалдаг микробиологийн лабораторын дарга Корина-Диана Сеапа нь Мехико хот дахь лаборатортоо үзүүлэнгийн материалуудыг дэлгэж байна. Эдгээр материал нь “Молекулуудтай амьдрах нь” нэртэй дээшлүүлсэн бодит байдлын аппликейшны нэг хэсэг юм. Тухайн апп нь олон нийт, химийн чиглэлээр сурдаг оюутнууд, анагаахын мэргэжилтнүүдэд зориулсан, тэдэнд тэсвэртэй нянгийн харилцан үйлчлэлийг харуулж, харгалзах мэдээллийг олгох зорилготой.Зүрх судасны асуудал эсвэл яс цуурснаас үүдэн эмнэлэгт хэвтсэн хэнбугай ч, ер нь хүний биеийг сульдаах аливаа өвчлөл, гэмтэл авсан өвчтөн тэсвэртэй нянгийн халдвар авах магадлал өндөр. Тухайн хүнд хэд хэдэн төрлийн антибиотик өгч болох ч тэсвэржсэн нян тэр бүгдийг эсэргүүцэж “эм, эмийн бүтээгдэхүүнийг юу ч биш болгож хувиргадаг” тухай Можа хэлэв.

Нянгийн эсрэг эсэргүүцлийн шалтгаан нь маш ярвигтай. Хүн бохирдсон ундны ус эсвэл чанар муутай цэвэр, бохир усны шугамаас ч нянгийн халдвар авах боломжтой. Олон эмч нар антибиотикийг буруу тунгаар өгөх эсвэл үл тохирох антибиотик давхар бичиж өгдөг нь ч бас нөлөөлдөг. Эмийн сангууд болон эм, эмийн бүтээгдэхүүний албан бус лангуунууд эмийг “чихэр шиг” хэрэглэдэг хүмүүст эм зардаг тухай нэгэн балба эмч хэлж байв. Ихэнх хүмүүс антибиотикийг бүтэн тунгаар авч хэрэглэх санхүүгийн боломжгүй байдаг. Хүнсний зориулалтаар үржүүлдэг мал, амьтдад хэрэглэдэг антибиотик тухайн мал, амьтдын ялгадсаар дамжин байгаль, орчинд тархдаг болох нь бас нэг шалтгаан болж байна. Эдгээр нөхцөл байдлын улмаас нян илүү тэсвэржиж, улмаар хамгийн хүчтэй эмчилгээг эсэргүүцэх чадвартай болдог. Заримдаа тухайн өвчтөний бие яагаад халдвартай тэмцэж чадахгүй байгаа нь тодорхойгүй байдаг. Өвчтөн нас барах хүртэл нян хүчээ авсаар байдаг.

Антибиотик бараг хэрэглэдэггүй хүмүүс ч мөн эрсдэлд орж болзошгүй. “Эрүүл хүмүүст энэ нь өөрсдөөс нь хол асуудал мэт санагдаж болох юм. Гэхдээ нянгийн эсрэг эсэргүүцэл хурдтай тархаж байгаа төдийгүй үүний нөлөө одоо өвдөж шаналж байгаа хүмүүс гэлтгүй өргөн хүрээнд хүрч байна” гэж Нигери улсын Ибадан дахь Эрүүл африкчуудын платформын судалгааны захирал Абдуллахи Тунде Абороде хэлсэн.


Уганда улсын Матуггад Зипиора Мавежже гэртээ нярай хүүхдээ угжих ба нөхөр Лаурен Мавежжегийн хамт байна. Эдний гэр бүл заг хүйтэн өвчинтэй олон сар тэмцэж байгаагийн шалтгаан бол тухайн халдварыг уламжлалт пенициллиний эмчилгээгээр эмчлэх боломжгүй болжээ. Энэ халдвар нярайд хүртэл халдсан тул хүүгийн нүд нуухтаж, нүдээ нээж ч чадахгүйд хүрч байна.Оношилгоо ховор бөгөөд нарийн төвөгтэй байгаа хэдий ч “Бидний олонхынх нь хамаатан садан дунд тэсвэртэй нянгаас шалтгаалан амь насаа алдсан нэгэн байдаг” хэмээн Мексик улсын Олон нийтийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн нянгийн эсрэг эсэргүүцлийн судлаач Анахи Дресер хэлсэн юм.

Гэвч бусад асуудлын нэгэн адил энэ нь ижил тэгш хохирол учруулдаггүй.

Нянгийн эсрэг эсэргүүцлийг бий болгогч хүчин зүйлүүд нь баян улс орнуудаас бусад газарт давамгайлж байна.

“Эдгээр ялгаатай байдал нь нянгийн эсрэг эсэргүүцэлтэй огт хамаагүй. Тэдгээр нь улс төр эсвэл авилга эсвэл эрүүл мэндийн үйлчилгээ болон ариутгалын ерөнхий тогтолцоотой холбоотой” хэмээн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон бусад томоохон байгууллагын санхүүжилт бүхий судалгааны фирм болох “One Health Trust”-ын судалгааны шинжээч Изабелла Импалли хэлэв. Импалли нь “The Lancet” сэтгүүлд 2024 онд нийтлүүлсэн нянгийн эсрэг эсэргүүцлийн судалгааны голлох тайлангийн зохиогч нарын нэг юм.

“The Lancet” сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаанаас үзэхэд Дэлхийн банкны нэгж хүн ам тутамд ногдох үндэсний орлогыг ашиглан тодорхойлсноор бага болон дунд хэмжээний орлоготой улс орнууд дахь 5 хүртэлх насны хүүхдийн нас баралтын дийлэнх шалтгаан нь антибиотикийн эсэргүүцэл байна. Африк тивд Сахарын цөлөөс урагш бүсэд амьдрах хүүхдүүд илүү эрсдэлд орж байна. Өндөр орлоготой орнууд дахь хүүхдүүдтэй харьцуулахад тэдний нянгийн эсрэг эсэргүүцлээс болж нас барах магадлал 58 дахин их байна.


Ядуурал асуудлыг бойжуулагч болох нь

ДЭМБ-аас “анхаарах патоген”-ны жагсаалтад байх антибиотикт тэсвэртэй арав гаруй нянгийн нэг нь сүрьеэ өвчний үүсгэгч юм. Африкт сүрьеэ өвчний улмаас хагас сая хүн нас бардаг нь дэлхий дахинд сүрьеэ өвчний шалтгаанаар нас барагсдын 30-аас илүү хувийг эзэлж байгаа нь ноцтой асуудал болж байна.

Зимбабве улсад Таурай Чингома 20 орчим жилийн өмнө сүрьеэ өвчнөөр оношлогдсон. Өдгөө 62 настай түүний бие байнга сульдаж, биеийн хүчний ямар ч хүнд хөдөлмөр хийж чадахгүй болжээ. Тэрээр өмнө нь мужааны ажил хийдэг байсан ч одоо ямар ч тогтмол орлогогүй болсон. Сүрьеэ өвчин нь дахин илрэхээс тэрээр үргэлж сэтгэл зовнидог.

Учир нь тэрээр антибиотикийг бүрэн эмчилгээний хэмжээгээр худалдан авч чадахгүй.

“Өдөр бүр 14 эм ууна гээд боддоо!” гэж тэрээр хэлээд “Мөнгө санхүүгийн боломжгүй бид өдрийн хоолоо ч авч чаддаггүй болохоор заримдаа уух ёстой эмээ уулгүй өнгөрдөг” гэв.

Цөөн хэд хоног эсвэл хэдэн долоо хоног үргэлжилдэг антибиотикийн ердийн эмчилгээтэй харьцуулахад сүрьеэгийн эмчилгээнд хамгийн багадаа зургаан зар, заримдаа хоёр хүртэлх жилийн хугацаанд чанд дэглэм баримтлах шаардлагатай байдаг. Олон хүний хувьд үүнийг дагана гэдэг хэт урт хугацааны асуудал болдог. Тэднийг антибиотик уухаа зогсооход биед нь нян үлдэж, илүү тэсвэртэй болдог байна.


Мутаре дахь эрүүл мэндийн төвд Таурай Чингома өдөрт уух эмнүүдээ авч байна. Чингома 20 орчим жилийн өмнө сүрьеэ өвчнөөр оношлогдсон ба эмчилгээгээ тогтмол хийлгэхийн тулд тус төвд ирдэг.


Сүрьеэгийн тохиолдлуудад гарах эсэргүүцлийн үр дагавар нэн ноцтой. Сүрьеэгээр өвчилсөн ихэнх хүнд шинж тэмдэг илэрдэггүй, нян тээгч болдог учраас халдвар болон антибиотик эсэргүүцдэг хэлхээ аль аль нь өргөн хэмжээнд тархдаг. Антибиотикт тэсвэртэй нянгийн халдварын шалтгаант нас баралтын 3 тохиолдол тутмын 1 нь эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөлөөс болдог.

Чингомагийн адилаар ихэнх зимбабвечууд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ авах санхүүгийн боломжгүй байна. Зимбабвегийн Эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжүүлэгчдийн холбооны мэдээлснээр тус улсын нийт хүн амын 93 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байдаг нь өндөр үнэтэй хураамжтай холбоотой.

Даатгалгүй бол улсын эмнэлэгт үзүүлэхэд 5 ам.доллар, хувийн эмнэлэгт хандахад 15 ам.долларын төлбөртэй байдаг. Санхүүгийн чадамжгүй олон зимбабвечуудын хувьд үлдсэн ганц сонголт бол эмийн лангуунаас жор эсвэл зааваргүйгээр антибиотик худалдан авах юм.

Тэдгээр эм, эмийн бүтээгдэхүүнүүд хуурамч байх өндөр магадлалтай. Зимбабвегийн Эм, эмийн бүтээгдэхүүний хяналтын газрын мэдээлснээр албан бусаар худалдаалдаг тэдгээр эмэнд төдийгүй албан ёсны жоронд хүртэл идэвхтэй бодис агуулагддаггүй болохыг илрүүлжээ.

“Тухайн эмийн бүтээгдэхүүнүүд нь өвчний байдлыг дордуулж, үхэлд ч хүргэж болох аюултай” гэж тус газрын олон нийттэй харилцах албан тушаалтан Дэвидсон Кайёо хэлэв.


Зимбабвегийн Хараре дахь эмийн сан, эрүүл мэндийн төвийн урдуур нэгэн эмэгтэй алхана. Зимбабвегийн Эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжүүлэгчдийн холбооны мэдээлснээр ихэнх зимбабвечууд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ авахын тулд ихээхэн сорилттой тулгардаг ба 93 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдах санхүүгийн боломжгүй аж. Олонх хүмүүсийн хувьд антибиотикийг албан бус эмийн худалдаанаас зарим тохиолдолд жор эсвэл тохирсон зааваргүйгээр авах л сонголт бий.Угандачуудын талаас илүү нь эмнэлгийн үзлэгийн төлбөрөө төлөхдөө бэрхшээлтэй тулгардаг. Макерере Их сургууль, Жонс Хопкинсын Их сургууль, болон бусад хамтрагчдын тайланд дурдсанаар тэдний ихэнх нь эрүүл мэндийн үйлчилгээний хэрэгцээ шаардлагаа хангахын тулд мөнгө зээлж эсвэл, байгаа эд зүйлсээ зарж борлуулдаг.

Эмчилгээний төлбөрийг төлөх боломжтой хүмүүс нь заримдаа буруу эм авдаг.

Эмийн санч нар лабораторийн шинжилгээгүйгээр, газар дээр нь таамгаар оношилж, хэрэглэж үзээрэй гээд антибиотик худалдаалдаг гэж Мулагогийн Үндэсний нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эмч, доктор Катерин Абала хэлэв.

“Хүмүүс өөрийн халдварт үл тохирох антибиотикийг хэрэглэснээр нэгэн төрлийн нян устахгүй оршсоор байгаа” гэж тэрээр хэлэв.

Африк даяар олон тооны өвчтөн юуны түрүүнд тохирох антибиотик авч чадахгүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас антибиотикуудыг гурван төрөлд ангилж үздэг. “Хүртээмжтэй байлгах” ангилалд нийтлэг халдваруудад хэрэглэдэг бага үнийн дүнтэй эмүүд, “хянах” ангилалд ноцтой халдваруудын үед хэрэглэдэг өндөр үнийн дүнтэй эмүүд, “нөөцлөх ёстой” ангилалд олон эмэнд тэсвэртэй халдваруудад хэрэглэдэг эцсийн сонголт болох төрлийн антибиотик ордог.

Африкийн холбооноос 8-р сард нийтлүүлсэн тайланд дурдсанаар тус тивийн хэмжээнд нөөцлөх ёстой ангиллын антибиотикийн ердөө 14 хувь хүртээмжтэй, антибиотикийн нийт хэрэглээний 80 хувь нь хүртээмжтэй байлгах ангиллынх байна.

Эмчилгээнд тохирохгүй байсан ч хэрэглэдэг боломжит цөөн эмийг хэтрүүлэн хэрэглэж байгаа тухай тус тайланд тэмдэглэжээ.


Нийт угандачуудын тал нь эмнэлэгт үзүүлэх төлбөрийн бэрхшээлтэй тулгардаг. Макерере Их сургууль, Жонс Хопкинсын Их сургууль болон бусад хамтрагчдын тайланд дурдсанаар тэд эмнэлгийн үйлчилгээний хэрэгцээ шаардлагаа хангахын тулд бараг бүгд мөнгө зээлэх эсвэл эд агуурсаа борлуулах ёстой болдог аж.

Буруу жор

Бөөр, шээсний замын халдварын шалтгаан болдог патоген болох Е.коли нь онцгой асуудал болж байгаа ба антибиотикт ихээхэн тэсвэртэй. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдэгдсэнээр Е.коли бол антибиотикт тэсвэртэй, анхаарах патогены жагсаалтад байдаг.

Бөөр, шээсний замын халдвар авсан гэж үзэх бүрдээ антибиотик худалдаж авдаг, олон улсад оршин суух хүмүүстэй Глобал Пресс Жоурналаас ярилцлага хийсэн.

Кармен Ана Гонзалез Миранда 2012 оноос хойш бөөр, шээсний замын халдвар авах бүрдээ антибиотик ууж, биеийн байдал дээрдэж, шинж тэмдэг дахин илэрч, бүр ихээр антибиотик уудаг хэвшилтэй болжээ.

“Манай энд Пуэрто Рикод ямар ч жижиг юмыг антибиотикоор шийдэж болно гэж итгэдэг” гэж тэрээр хэлэв.

Эм үйлчлэхгүй болохын алдад Гонзалез эмчээс эмчийн хооронд үзлэгт орж байв. Тэрээр эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээд, дараа нь урологич эмчид хандаж, тэгээд дотрын эмчид үзүүлсэн.

Эцэст нь тэрээр халдварт өвчний нарийн мэргэжлийн эмчид үзүүлснээр насаараа антибиотикийн тэсвэржилттэй болсон ба өөр халдвар авбал амь насанд нь аюултай болохыг мэдсэн юм.


Пуэрто Рикогийн Хатилло дахь гэртээ Кармен Ана Гонзалез Миранда байна. Гонзалез нь антибиотикт тэсвэртэй Е.коли бактерийн халдвартай ба бусад халдвараас сэргийлж, вакцинуудаа цаг тухайд нь хийлгэх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэг. Тэрээр цаашид амьдралынхаа туршид антибиотикийн эсэргүүцэлтэй явах магадлалтай ба хэрэв тэрээр өөр халдвар авбал амь насанд нь халтай.Олон улсын эмийн зааварчилгаанд антибиотикийг ямар тохиолдолд заавал хэрэглэж, ямар тохиолдолд зайлсхийх ёстойг тодорхой заасан байдаг. Антибиотик нь ханиад, томуу зэрэг халдварт өвчнийг эдгээдэггүй. Өргөн хүрээний антибиотикийг анхан шатны эмчилгээнд олгож болохгүй ба ихэнх тохиолдолд антибиотикийг урт хугацаанд хэрэглэхээр жор бичиж болохгүй.

Гэсэн хэдий ч тохирохгүй жор бичих асуудал олон улсад гаарчээ.

Зарим тохиолдолд хүмүүс бөөр, шээсний замын халдварын шинж тэмдэг илэрвэл микробиологийн шинжилгээ өгч баталгаажуулалгүйгээр эмчилгээ хийлгэхийг хүсдэг.

Олон эмэнд тэсвэртэй Е.коли нянгийн хэлхээ олон улсад ихээр тархаж, үр дүнтэй эмчилгээний арга замууд багасч байна.

Балба улсад оршин суух Бишну Раж Карки бөөр, шээсний замын ужиг халдвартай тул 2020 онд давсагны мэс ажилбарт оржээ. Мэс ажилбарын дараа тэрээр дахин бөөр, шээсний замын халдвар авсан ба антибиотик уусан хэдий ч биеийн байдал дээрдсэнгүй. Тэрээр үр дүнтэй эмчилгээ хийлгэхийн тулд хил давж, Энэтхэгт очив. Тэрээр тэнд бөөрний үрэвсэл гэсэн онош авч, 42 өдрийн антибиотик эмчилгээний жор бичүүлжээ.

Түүнээс хойш нөхцөл байдал дордов. Бөөр, шээсний замын үрэвсэл дахин сэдэрч, Каркид бие дагжих, өндөр хэмтэй халуурах, дотор муухайрах болон бусад шинж тэмдгүүд илрэв. Одоо 71 настай тэрээр илааршиж чадахгүй, долоо хоногт гурван удаа диалезын эмчилгээ хийлгэж байна. Тэрээр одоогоор эмчилгээндээ 2 сая гаруй балба рупи (ойролцоогоор 14,000 ам.доллар) зарцуулжээ.

“Бөөр, шээсний замын үрэвсэл маань сэдэрвэл би хэзээ л бол хэзээ үхнэ гэдгээ мэдэж байгаа” гэв.

Балба дахь Америкийн анагаахын мэргэжилтнүүдийн төвд Каркигийн эмчилгээг хариуцдаг, халдварт өвчлөл, хүндэрсэн өвчний эмчилгээний эмч, доктор Прабхат Адхикаригийн хэлж буйгаар олон тохиолдолд антибиотикийг “чихэр шиг” хэрэглэж байна.

Эмчийн хэлснээр бөөр, шээсний замын үрэвсэлд 42 хоног антибиотик уух жор олгох нь муу туршлага ба Каркиг антибиотикийн тэсвэржилттэй болоход нөлөөлсөн байх магадлалтай. Үүний улмаас Карки бөөрний дутагдалд орсон.

Нянгийн эсрэг эсэргүүцэл нь бөөр, шээсний замын үрэвслийн тохиолдлуудад ноцтой өндөр хэмжээнд байгааг Адхикари хэлсэн юм. 2021 онд хийсэн судалгаанаас үзэхэд Балбад оношилж буй бөөр, шээсний замын үрэвслийн тохиолдлуудын 84 хувь нь хамгийн багадаа нэг антибиотик, 54 хувь нь хэд хэдэн эмэнд тэсвэржилттэй болжээ.

“Бөөр, шээсний замын үрэвсэлтэй өвчтөнүүдийн амьдралын чанар буурсаар байна” гэж Адхикари хэлэв.


Балба улсын Катмандуд Уркен Хялмо нөхөн сэргээх эмчилгээ хийж байна. Хялмо хоёр жилийн өмнө бөөрний дутагдалд орж, өндөр тунтай антибиотик ууж хэрэглэсэн тул түүний биеийн байдал антибиотикийн тэсвэржилтээс болж муудсан тухай эмч нар нь хэлж байв. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болсон хэдий ч 9-р сард дахин бөөрний дутагдалд орсны улмаас хэвтрийн дэглэмд орж, давхар халдвар авч, асаргаа шаардлагатай болсон. Түүний бие үргэлж маш их зовуурьлан, туйлдаж, ямар ч тамир тэнхээгүй болов.

‘ХДХВ-ээс ч том сорилт’

Олон тохиолдолд антибиотик нь ид шидтэй эм болдог. 1928 онд Александр Флеминг пенициллинийг илрүүлсэн нь зууны шилдэг шинжлэх ухааны амжилтуудын нэг болж байв. 1945 оноос пенициллинийг эмчилгээнд өргөн нэвтрүүлснээр эрүүл мэндийн үйлчилгээ огцом өөрчлөгдсөн. Халуун хумхаа, сүрьеэ зэрэг халдварт өвчнүүд, мөн хоолой өвдөх зэрэг өдгөө багавтархан хүндрэл үүсгэгч үрэвслүүд нь хамаагүй хялбар эмчлэгдэж болж, хүмүүс урт наслах болов.

Өдгөө антибиотикийн хариуцлагагүй хэрэглээ нь “ХДХВ-ээс ч том сорилт” учруулж байна гэж Зимбабве улс дахь Пан-Африкийн эмчилгээний хүртээмжийн хөдөлгөөний захирал Тапиванаше Кужинга хэлэв.

Нянгийн эсрэг эсэргүүцлийн нөлөөг сөргүүлж, антибиотикийг амь нас аврах эм хэвээр нь авч үлдэх зам нь хамгийн түрүүнд нянгийн тархалтын хурдыг бууруулахаас эхэлнэ.

“One Health Trust” дахь судалгааны шинжээч Импалигийн хэлснээр гар угаах энгийн зан үйл нь том өөрчлөлтийн эхлэл юм гэв.


Уганда улсын Сегукуд Мариа Шаша гараа угаах ба найз Катерин Бирунги нь түүнийг хүлээнэ. Тэд нийтийн хоолны газар очно.Өөр үгээр хэлбэл саван нь хамгийн хүчтэй антибиотикоос ч илүү үр нөлөөтэй байж болно.

Ундны цэвэр ус, цэвэр, бохир усны зөв ажиллагаа нь мөн чухал гэж Импали хэлээд голлох вакцинуудыг нийтэд хүртээмжтэй болох ч үүнд хамаарна гэв.

“Нянгийн эсрэг эсэргүүцэл нь дааж давшгүй асар том зүйл гэж бид ярих гээд байдаг” гэж Импали хэлээд “Энэ бол маш том асуудал ба олон салбарт давхар хамааралтай. Тиймээс асуудлыг шийдвэрлэхэд тустай гэдэг нь батлагдсан хэрэгслүүдийг онцолж авч үзэх нь ач холбогдолтой юм” гэлээ.

Нянгийн эсрэг эсэргүүцлийн шийдлийг олох олон улсын хөдөлгөөн өрнөж байна. Есдүгээр сард болдог Ахлах албан тушаалтнуудын уулзалт болох Нянгийн эсрэг эсэргүүцлийн өндөр түвшний уулзалтын үеэр улс орнуудын 90 гаруй хувь нь нянгийн эсрэг эсэргүүцэлтэй тэмцэх төлөвлөгөөтэй болсон тухай НҮБ-ын Орлогч ерөнхий нарийн бичгийн дарга Амина Мохаммедын хэлсэн юм.

Энэ асуудлыг хөдөлгөх шаардлага нэн чухал байна.

“Одоо байгаа байдлаараа цаашид явбал тэсвэртэй микро организмуудтай холбоотой халдварт өвчлөлүүд нь нас баралтын тэргүүлэх шалтгаан болно” гэж Аргентин дахь Үндэсний хөдөө, аж ахуйн технологийн институтын нянгийн эсрэг эсэргүүцлийн төслийн зохицуулагч Леандро Мартин Редондо хэлсэн.

Товлолт мэс ажилбаруудыг хийх боломжгүй болно гэж тэрээр хэлэв.

Энэ мөч ирнэ гэдгийг Флеминг зөгнөж байв. Олон нийтийн зүгээс антибиотикийн эрэлтийг бий болгосноор “хэтрүүлэн хэрэглэх” үе ирнэ гэж тэрээр 1945 онд Нью Йорк Таймс сонины нийтлэлд хэлж байв.

Тэрээр гарах эрсдэлийг тодорхой дурдаж байсан юм: “”Пенициллинээр ухаан бодолгүйгээр тоглосон хүн нь пенициллинд тэсвэртэй организмын халдварын өмнө сөхөрч, амиа алдсан хүний өмнө ёс суртахууны хариуцлага хүлээнэ”.


Леандро Мартин Редондо болон түүний антибиотикт тэсвэртэй нян үүсгэх эрсдэлийг багасгаж, амьтдын өсөлтийг дэмждэг нянгийн эсрэг биетээс өөр хувилбарыг бий болгохоор зорьж байна.

ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ

Цэгмидийн Намуун, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *