Нүүрсний үнэ унасан ч биржийн арилжаа явуулах цонх үүсжээ

Засгийн газраас Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг богино хугацаанд эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд Сангийн сайд Б.Жавхлан, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тэргүүтэй ажлын хэсгийн төлөөлөл хилийн боомтуудад ажилласан билээ. Энэ талаар өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулах үеэр Гашуунсухайт, Ханги боомтын тухайд хилийн цаана нүүрсний овоолго үүссэн болохыг мэдээлэв. Мөн нүүрсний үнэ унасантай холбоотой импортлогч тал нэлээн их хэмжээний алдагдалд орсон тул дахин биржээр худалдан авалт хийхгүй нөхцөл үүссэнийг ч бас яриандаа тодотгов. Энэ талаар хэлэхдээ “Хилийн наана, цаана нүүрсний овоолго үүссэн, цааш татан авалт байхгүй учраас биржийн арилжаа явах боломжгүй механик шалтгаан байна. Үүний цаана нүүрсний үнэ унасантай холбоотой импортолж буй талууд нэлээн хэмжээний алдагдалд орсон, дахин биржийн арилжаанд орж нэмж худалдан авалт хийх боломжгүй болсон. Энэ нь биднээс шалтгаалаагүй, нүүрсний олон улсын зах дээрх үнэтэй холбоотой. Гэсэн ч бид өөрсдөөс шалтгаалах, боомтуудаас шалтгаалах зүйл дээр хийх зүйл их байна. Тиймээс Гашуунсухайт, Ханги боомтод төмөр замын дэд бүтцийн өртгийг бууруулах, төмөр замаас буулгаж буй бүх өртгийг буулгах шийдвэрийг гаргалаа. Ерөнхийдөө хилийн цаана 4.5 сая тонноос ихгүй нөөцлөх боломжтой ч энэ хэмжээ тулж 4.2 сая, заримдаа 4.3 сая тоннд хүрсэн. Энэ багахан зөрүү боломжоор биржийн арилжаа явуулах цонх үүсээд байна. Биржээс шалтгаалж буй зүйл, үнэтэй холбоотой бүх зүйлд зохих арга хэмжээг авч ажиллаа” гэсэн юм.