18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж хөдөлгөөнд оролцвол 200 мянган төгрөгөөр торгоно

0

 Монгол Улсад унадаг дугуй, суррон, скүүтер, мопедын хэрэглээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн.

Замын хөдөлгөөний дүрмийн 25-р зүйлд иргэд цахилгаан мопед болон скүүтерээр замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуй, эсвэл явган хүний замаар бусдад аюул саад учруулахгүйгээр зорчино гэж заажээ. Ингэхдээ 10 км цагаас илүү хурд хэтрүүлэхийг хориглодог. Гэвч энэ төрлийн тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа иргэд хурд хэтрүүлэх, насанд хүрээгүй хүүхдүүд бие биеэ дагаж дуурайн үзүүлбэр үзүүлэх, хамгаалалтын хэрэгслийг дүрэм журмын дагуу хэрэглэхгүй байх, явган зорчигчийг мөргөж гэмтээх зэргээр зөрчил гаргасаар байна.

Сүүлийн гурван жилд л гэхэд улсын хэмжээнд цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдлыг бүрттгэжээ. Зөвхөн өнгөрсөн жилд 532 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн амиа алдсан.

Нийслэлийн хэмжээнд өдөр тутамд 4500-5000 хүн хоёр дугуйт тээврийн хэрэгсэл ашиглаж байна гэсэн судалгаа бий. Энэ бүхнийг харгалзан сурроны бүрэн бүтэн байдлыг хянах, улсын бүртгэлийн дугаар авч, хоёр тольтой, тоормостой, дохионы гэрэлтэй байх ёстой гэж журамд заажээ. Мөн сурроныг 18 насанд хүрсэн ангиллын жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн жолоодоно, скүүтерийг техник үзүүлэлтээр нь мопедын ангилал руу оруулсан учраас 16-аас дээш насны хүүхэд унаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон. Уг журам энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулиар 200 мянган төгрөгөөр торгоно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *