СӨХ-ны тухай хуулийн шинэлсэн найруулгад тусгах саналыг хэлэлцлээ
Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах, Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үүрэг, хариуцлагыг оновчтой тогтоох зорилгоор Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж буй. Энэ хүрээнд сууц өмчлөгч болон СӨХ-нд тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлохоор СӨХ-дын төлөөлөл болон холбогдох талуудыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх, Ажлын хэсгийн ахлагч Д.Мөнх-Эрдэнэ СӨХ-ны тухай хуулийн шинэчлэн найруулгын төслийн танилцуулгыг хүргэлээ. Танилцуулгын дараа Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй СӨХ-дын төлөөлөл болон холбогдох талууд өөрсдийн нөхцөл байдал, одоо мөрдөгдөж буй хуулийн давуу болон сул тал, тулгамдаж буй асуудал, цаашид хуулийн төсөлд оруулах нэмэлт саналын талаар нээлттэй санал солилцсон юм.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:
-Аливаа хуулийн төсөл боловсруулахад иргэд, олон нийт, мэргэжлийн холбоодын оролцоо их чухал. Хэлэлцүүлгийн үеэр гарсан, мөн дараа нь бичгээр ирэх саналууд дээр тулгуурлан иргэд, оршин суугчдын саналыг авч хуулийн төсөлдөө тусгана. Энэ утгаараа өнөөдрийн хэлэлцүүлэг их ач холбогдолтой боллоо. Төсөл боловсруулах ажлыг энэ оны гуравдугаар улиралд багтаан дуусах ёстой. Дараагийн хэлэлцүүлгээр бид эхний боловсруулсан төслийн дагуу зүйл, заалт бүрийг тодорхой авч үзнэ хэмээв.
Монголын СӨХ-дын дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатар:
-СӨХ нь иргэдийн нэгдлээс бүрддэг. Иргэд нь нэгдэж бүх гишүүний хурлаараа тулгамдаж буй асуудлуудаа шийдэх зохицуулалттайгаар үйл ажиллагаа явуулдаг. Мөн бүх гишүүдийн хурал нь 50-иас дээш хувийн ирцтэй байж хүчинтэй болох нь СӨХ-ны дархлаа юм. Харин хурлаа зохион байгуулж буй хэлбэр дээр анхаарч, иргэдийг нээлттэй оролцуулах зохицуулалтыг хуулийн төсөлдөө оруулж өгөх саналыг бид оруулж байгаа. Хурлын хэлбэр нь цахимаар, бичгээр, танхимаар болон бүлгээр нь хэсэгчлэн саналыг нь хуваан нэгтгэх байдлаар явж болох юм. Ингэж байж иргэдийн оролцоог хангаж чадахын сацуу СӨХ тогтвортой, хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэнэ гэлээ.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга О.Түвшин:
-Дундын өмчлөлийн цахилгааны төлбөрийг аж ахуйн нэгжээр бодож авдаг. Гэтэл СӨХ гэдэг нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, ашгийн бус холбоог хэлдэг. Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийн дагуу цахилгааны төлбөрийг аж ахуйн нэгжтэй дүйцүүлэн авч байгаа нь СӨХ-д ачаалал үүсгэхийн зэрэгцээ иргэдийн хувьд СӨХ цахилгааны төлбөрийг нь нэмчихсэн юм шиг асуудал үүсгэж байгаа юм. Үүнийг хуулийн төсөлдөө авч хэлэлцээсэй гэж хүсэж байна гэв.
Хан-Уул дүүргийн СӨХ-ны төлөөлөл мөн саналаа илэрхийлэв. Уг хуулийн төслийг боловсруулахдаа хамгийн түрүүнд барилгын стандарт, аюулгүй байдлаасаа эхлэн анхаарах ёстойг тэд онцолж байв. Учир нь барилгын компаниуд орон сууц барьж ашиглалтад оруулчихаад СӨХ-гоо иргэдэд шилжүүлэхгүйгээр чанар шалгах жилүүдээ өнгөрөөчихдөг. Уг хугацаа дууссаны дараа иргэдийн нэгдлээс үүссэн СӨХ ажлаа хүлээж авсан цагаас эхлэн асуудлууд гарч ирдэг байна. Тиймээс үүнийг анхнаас нь зохицуулах хуулийн зохицуулалт хэрэгтэй хэмээж байлаа.
Аж ахуйн нэгжүүдийн анхдагч СӨХ-ны төлөөлөл:
-2003 онд баталсан СӨХ-ны эрх зүйн байдлын тухай хууль нь орон сууцны зориулалттай буюу нэг давхартаа худалдаа үйлчилгээний талбай байхгүй үеийн зохицуулалттай. Гэтэл 2012 онд байгуулагдсан “Вива Сити” хотхон нь нэг давхартаа 331 өмчлөгчтэй худалдаа үйлчилгээний талбайтай. Эдгээрийн эрх зүйн зохицуулалтыг хангасан хууль байдаггүй. Бизнес эрхлэгчдийн зүгээс орон сууцны өмчлөгч болж байгаагийн хувьд СӨХ-ны төлбөр төлж, менежментийн давхар зардал гаргадаг. Гэтэл бизнес эрхлэгчдийн ард иргэд бий. Иргэдийн ард татвар төлөгч нар байдаг гэдгийг ойлгон энэ сегментэд чиглэсэн хуулийн зохицуулалт оруулаасай хэмээн саналаа илэрхийлэв.
Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс хуулийн төсөлд хамтарч ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС