Гарын үсгээ зураад нэгдэж чадахгүй байж, НДШ өндөр байна гэж орилох хэрэггүй

“https://petition.parliament.mn” нийтийн өргөдөл гомдлын системд нийгэмд бухимдал дагуулаад буй олон асуудлаар зарим иргэн өргөдөл санаачилж, иргэд гарын үсгээ зурж нэгдэж буй. Сүүлийн өдрүүдэд хамгийн хурдан хугацаанд иргэдийн гарын үсэг цуглуулсан санаачилгуудад Хувь хүний орлогын албан татварын хэмжээг нэг хувь болгон бууруулах, Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээг нэмэгдүүлснийг хүчингүй болгох, НДШ-ийн хувь хэмжээг бууруулж 12 хувьд хүргэх зэрэг багтаж байна. Эдгээр санаачилгуудаас хоёр өргөдөлд иргэд хугацаанаас нь өмнө гарын үсгээ зурж, дэмжиж буйгаа илэрхийллээ.
Автомашины татварын нэмэгдлийг эсэргүүцэж, найм хоногт 33153-уулаа нэгдлээ
Эхнийх нь хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлэхийг цуцлах тухай өргөдөл байв. Иргэн Э.Батбаяр 2025 оны гуравдугаар сарын 17-нд энэхүү өргөдлийг санаачилсан бөгөөд “Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлахыг шаардаж байна. Ард түмний амьдрал хэцүү энэ үед тээврийн хэрэгслийн татвар зам ашигласны татварыг огцом хэд дахин нэмсэн нь маш буруу шийдвэр юм.Энэ шийдвэрээ цуцлахыг хүсэж байна” хэмээн тусгасан байв. Гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 3-ны дотор буюу ердөө долоо хоногийн 33153 иргэний саналыг цуглуулж чадсанаар ажлын хэсэг байгуулах дараагийн шат руу шилжсэн. 2025 оны дөрөвдүгээр сарын 9-ний Төсвийн байнгын хороогоор Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээг нэмэгдүүлснийг хүчингүй болгох талаар хэлэлцэж, ажлын хэсэг байгуулахаар болоод байна.
ХХОАТ-ын хэмжээг зургаа хоногийн дотор 100540 иргэн дэмжив
Удаах өргөдөл нь Хувь хүний орлогын албан татварын хэмжээг нэг хувь болгон бууруулах өргөдөл байв. Иргэн Р.Шинэгэрэл гуравдугаар сарын 20-нд энэхүү өргөдлийг санаачилсан бөгөөд гуравдугаар сарын 25-31-ний хооронд зургаан хоногийн хугацаанд 100540 хүн дэмжиж гарын үсэг зурсан. Тэрээр өргөдөлдөө “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах. Үүнд,
6.3.1. Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого,
6.3.2. Үйл ажиллагааны орлого,
6.3.3. Хөрөнгийн орлого,
6.3.4. Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого,
6.3.5. Шууд бус орлого,
6.3.6. Бусад орлого” хэмээсэн юм. Өчигдрийн (2025.04.07) УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулж, Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Мөн л 2025 оны дөрөвдүгээр сарын 9-ний Төсвийн байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэнэ.
НДШ-ийг бууруулах тухай өргөдөлд санал авах хугацаа дөрөвдүгээр сарын 25-нд дуусна
Удаах нь иргэдийн олноороо нэгдээд буй нь Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тухай өргөдөл юм. Иргэн Б.Батбилэг энэхүү өргөдлийг гуравдугаар сарын 12-нд санаачилсан бөгөөд өчигдрийн байдлаар 56795 иргэн гарын үсгээ зурж нэгджээ. Өргөдөлд “Одоогоор мөрдөгдөн хэрэгжиж байгаа НДШ-ийн хувь хэмжээг бууруулж 12 хувьд хүргэж өгнө үү. Шимтгэлийн бууруулсан хэмжээг НД санд бүрдүүлэх өөр арга зам байна гэж үзэж байна. Жил бүр орж ирдэг 1072 хувьцааны ноогдол ашгийг ажил эрхлэгч өөрийн хүсэлтээр нийгмийн даатгалын санд шилжүүлбэл дараа жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг 12 хувь хүртэл бууруулж өгдөг байх. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцад нөлөөлөхгүй байх төгрөгийн ханш унахгүй байх боломжийг бүрдүүлэх юм” гэсэн байна. Өргөдлийн санал авах хугацаа дуусахад ердөө 17 хоног үлдээд байна. Нийгмийн даатгалын үр шимийг хүртэж чадахгүй, нийтээрээ хувийг нь бууруулах ёстой гэж санал нэгддэг ч гарын үсгээ зураад нэгдчихэж чадахгүй л байна. Даатгал нэртэй татвар, шийтгэлийг өөрчлөхөд ядаж гарын үсгээ зурж, энд дарж нэгдээрэй.