Бага насны охиныг хүчиндэхийг завдсан этгээдийг үйлдэл дээр нь баривчилжээ
Ерөнхий боловсролын сурагч охиныг дарамтлан хүчиндэх гэж байсан этгээдийг цагдаагийнхан үйлдэл дээр нь баривчилж, бага насны хүүхдийн ирээдүйг хамгаалан, эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.
Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулийн сурагч охидтой фейсбүүкээр чатлан нүцгэн зураг, бичлэгийг нь хуурч мэхлэн авдаг, түүгээрээ дарамтлан бэлгийн харьцаанд орохыг шаарддаг гэмт хэрэг үйлдэж байсан залууг цагдаагийнхан саатуулжээ. Налайх дүүргийн нутгаас уг залуу энэ сарын 20-нд ерөнхий боловсролын сургуулийн зургаадугаар ангийн сурагчийг “Приус” загварын автомашиндаа суулган хээр аваачжээ. Улмаар түүнийг бэлгийн харьцаанд орохыг шаардаж хүчиндэх гэж байхад нь цагдаагийнхан таслан зогсоож баривчилсан байна.
Сэжигтэй эр мессеж болон фейсбүүк чатаар олон охинтой харилцан мессеж бичээд зогсохгүй урьд нь гурван сурагчийг дарамтлан бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй нотлох баримт ч зурвасаас нь илэрсэн байна. Цагдаагийнхан түүнд яллагдагчаар татах тогтоол танилцуулан, прокурор, шүүхийн зөвшөөрлөөр цагдан хориод байна.
Хүүхдүүдийн цахим орчны хэрэглээ хяналтгүй байгаа учир энэ мэт гэмт хэргийн золиос болж, эрүүл мэнд сэтгэл санаагаараа хохирч болзошгүй байна. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн бага насны охидоо хэнтэй цахимаар харилцаж байгаад хяналт тавьж, хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцаж, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.