ГХЯ: ОХУ-д байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Ц.Тэгшээ баривчлагдсан нь үнэн

Уржигдар сөрөг хүчний дуу хоолой болдог Оросын бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл
болох “Mediazona” мэдээллийн сайтад Монголд төрсөн Тувагийн Филармонийн дуучин
Ц. Тэгшээг Москвад тагнуулын хэргээр баривчилжээ гэх мэдээлэл гарсан юм.
Энэ талаар Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Ц. Тэгшээ нь ОХУ-д
байнга оршин суудаг, Монгол Улсын иргэн. Түүний талаар албаны шугамаар мэдээлэл авсан.
Баривчлагдсан нь үнэн. Ар гэртэй нь холбогдож мэдээлэл өгч байгаа. Одоогоор хэвлэлд
дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариултыг өглөө.
Mediazona сайтад гарсан мэдээллийг товч хүргэвэл “31 настай Ц. Тэгшээ нь өндөр
хамгаалалттай Лефортовын шоронд хоригдож байгаа боловч хэргийн талаар албан ёсны
мэдээлэл хараахан нийтэд зарлагдаагүй байна. ОХУ-ын хуулиар тагнуулын хэрэг зөвхөн гадаад
улсын иргэдэд хамаардаг ба Ц.Тэгшээг Монгол Улсын иргэн байх магадлалтай гэж үзэж байна.
Тувагийн Соёлын яамны харьяа “Тувагийн Соёлын Өв” цахим хуудасны мэдээлснээр, Тэгшээ нь
Монголын малчин айлд төрж өссөн бөгөөд 2010 онд Тувагийн Кызыл хот дахь Урлагийн коллежид элсэн орж, 2018 оноос хойш Тувагийн Улсын Филармонийн гоцлол дуучнаар
ажиллажээ. Тэрбээр Тувад нэр хүндтэй урлагийн зүтгэлтэн бөгөөд инстаграм хуудсандаа 14,000
гаруй дагагчтай.
Тэгшээгийн нийгмийн сүлжээний хаягууд Нэгдүгээр сарын 25-наас хойш шинэчлэгдээгүй. Харин эхнэр Куулар нь нөхрийнхөө баривчлагдсан гэдгийг няцааж, тэрбээр эцэг эх дээрээ очсон, тэнд
сүлжээ байдаггүй” хэмээн тайлбар өгсөн байна” гэжээ.