Түрээсийн байранд ормоор байна уу?

Нэгэн үе иргэд хямд үнэтэй орон сууцанд хамрагдахын тулд танил тал, арын хаалга хөөцөлдөн, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци(ТОСК) -ийн үүдийг сахидаг байсан бол өнгөрсөн жилээс нөхцөл байдал өөрчлөгдөж, ТОСК бариулсан байраа борлуулж чадахгүйд хүрсэн. Иймээс Засгийн газар “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байдаг.
Уг хөтөлбөрт хамрагдах иргэдийн хувьд урьдчилгаа 30 хувь бүрдүүлэх шаардлагагүй, түрээслэх байрныхаа сарын төлбөрийг урьдчилан гурван сараар хийсэн байхад л нөхцөлийг нь хангана. Сарын түрээс нь хямд тул иргэдийн эрэлтийг ч хангаж байв. Өнгөрсөн хугацаанд ТОСК 1500 гаруй айлыг дээрх хэлбэрээр орон сууцтай болгосон бол ойрын хугацаанд 360 айлыг хамруулах аж. Гэхдээ байрны талбайн хэмжээ 70 м2 юм байна. Эдгээр том талбайтай байр нь Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Увс, Хэнтий зэрэг аймгуудад баригдаж, ашиглалтад оржээ.
Бага, дунд орлоготой иргэдийн хувьд ихэвчлэн 1-2 өрөө орон сууц буюу 50м2 талбайтай байрыг ипотекийн зээлд хамрагдаж авсан байдаг. Эдийн засаг хямрахын хэрээр ипотекийн зээлд хамрагдах иргэдийн тоо багассан, мөн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт орсон иргэдийн дийлэнх нь 50м2 талбайтай байрыг сонгосон зэрэг нь 70 м2 талбайтай байрыг энэ хэлбэрээр ашиглуулахад түрээслэгч олдохгүй байх бэрхшээл гарч ирэх талтай аж. Гэхдээ хувь иргэдийн түрээслүүлдэг байрны төлбөртэй харьцуулахад үнэ нь хямд тул 70 м2 талбайтай байрууд “гологдолд” орохгүй ч байх талтай.
Төрийн өмчийн түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу Улаанбаатар хотод нэг байрны үнийг сарын 200-280 мянган төгрөг (1мкв-5500 төгрөг) орон нутагт 140-230 мянган төгрөг (1мкв-4000 төгрөг) –өөр тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, 70 м2 талбай бүхий гурван өрөө орон сууцыг түрээслэхэд сарын төлбөр нь нийслэлд 380 мянган төгрөг байхаар тусаж буй. Хотын төвд дээрх хэмжээтэй байрыг түрээсэлбэл сарын төлбөр нь 600 мянган төгрөгөөс буухгүй гэж бодоход харьцангуй хямд тусна.
ТОСК-ийн түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах иргэдийн хувьд гэрээг тав хүртэл жилээр хийж байна. Анх түрээсийн орон сууцыг эзэмшигчид нь хувьчлахгүй гэх журам хэрэгжиж байсан бол одоо энэ хатуу заалт хүчингүй болж, шаардлага нөхцлийг нь хангасан тохиолдолд түрээсэлж байгаа байраа тодорхой хугацааны дараа хувьдаа шилжүүлэн авах боломж байна.
Түрээсийн байранд хамрагдахад тавигдах шалгуур нөхцөл:
- Эрх зүйн бүрэн чадамжтай, 21 насанд хүрсэн
- Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг
- Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой
- Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй
Бүрдүүлэх бичиг баримт:
- Иргэний цахим үнэмлэхийн хуулбар /Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/
- Өргөдөл
- Орлого тодорхойлох баримт бичиг
- Өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа
“Түрээсийн орон сууц” хөтөлбөр үргэлжилнэ
Засгийн газраас тавьсан зорилтоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөр 2021 оныг дуустал хэрэгжих юм. Энэ хугацаанд ТОСК Улаанбаатар хотод 16 мянга, орон нутагт 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.
Өнгөрсөн хугацаанд тус корпораци Улаанбаатар хот, хөдөө оррн нутгийн хэмжээнд 11500 орчим айлын орон сууцны барилгыг захиалан бариулж, байнгын ашиглалтад оруулжээ.
- “40.000 айл” орон сууц хөтөлбөр
- ТАХ-ын “4000 айл” орон сууц төслийн зээл
- “100.000 айл” орон сууц хөтөлбөр
- “Буянт-Ухаа1” хороолол төсөл
- “Буянт- Ухаа 2” хороолол төсөл
- “Аймаг бүрт 1000 айл” орон сууцны хөтөлбөр
- “Түрээсийн орон сууц” хөтөлбөр
Цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр
- “Буянт-Ухаа2” 2 дугаар ээлжийн төсөл
- 7 дугаар хороолол төсөл
- Эко Яармаг төсөл
- “Буянт-Ухаа 3” хороолол төсөл
- “Түрээсийн орон сууц” хөтөлбөр тус бүр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.