“Мөнхийн хөршүүдээ хэзээ ч муулж болохгүй”

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улс ОХУ-аас агаарын хөлгийн түлш авахаар Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулах асуудал олны анхаарлын төвд байна. Уг асуудлыг Зам тээврийн сайд та оруулж ирэхгүй, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан оруулж ирсэн нь ямар учиртай юм бэ. МАН-аас томилогдсон сайд нар АН-аас томилогдсон сайд нараар туг тахиулж байна гэх асуудал яригдаж байна. Танд ямар тайлбар байна вэ?
-Уг асуудлын талаар нийгэмд буруу ойлголт төрүүлсэн байна. Энэ асуудлыг өчигдөр намын бүлгийн хурал дээр маш сайн ярилцсан. Угтаа АН-аас томилогдсон сайд, МАН-аас томилогдсон сайдын асуудал гэхээсээ илүү энэ асуудал бол уул уурхайн салбарын сайдын хариуцах чиг үүргийн асуудал. Дизель түлш болон бензин шатахуунаас тусдаа агаарын хөлгийн асуудал гэж хаа ч байхгүй. Бид нэг л улсаас бүх төрлийн түлш шатахуун болоод иргэдийн нийтлэг хэрэглээний АИ-92 шатахуун авдаг.
Та бүхэн санаж байгаа бол энэ оны хоёрдугаар сард Засгийн газрын тогтоол албан ёсоор гарч “Эрчис ойл” компанийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам руу шилжүүлсэн.
Тэгэхээр Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны хувьд Монгол Улсыг нефтээр хангах асуудлыг хариуцаж ажилладаг учраас тухайн салбарынх нь сайд Ц.Туваан энэ асуудлыг ажил үүргийн хүрээнд өргөн барьсан.
-Та Зам, тээврийн сайлын хувьд агаарын хөлгийн түлшээ ОХУ-аас авах асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Зам тээврийн сайдын хувьд энэ асуудалд анхаарал хандуулах нь зүйн хэрэг. Ганцхан Ц.Туваан сайдын хариуцах асуудал гээд миний бие уг асуудлаас зайлсхийх асуудал байхгүй. Монгол Улсад агаараар болон газраар зорчиж байгаа бүхий л тээврийн хэрэгсэл манай яаманд харьяалагддаг. Тэгэхээр эдгээр тээврийн хэрэгслийг түлшээр хангах асуудал бол миний ажил үүргийн хуваарьт бий. Монгол Улсын иргэний агаарын нисэхийн нефтийн хэрэглээ жил бүр нэмэгдэж байна.
Тухайлбал, долоо хоногт гадаадын болон дотоодын 222 нислэг үйлдэж байна. Үүнд зарцуулах агаарын тээврийн түлшний хэрэглээ маш их нэмэгдсэн. Ялангуяа 2025 онд гадаадаас авах түлшний хэрэгцээ огцом өссөн.
Агаарын хөлгийн түлшийг 100 хувь Монголд нийлүүлж байгаа ганц улс бол ОХУ юм. Тэгэхээр ОХУ-тай учраа олж энэ асуудлаа шийдэх ёстой. Ер нь бол “Эрчис ойл” компанийг байгуулсан гол шалтгаан бол ОХУ-тай хамтран ажиллаж байсан Монголын хувийн компанийг татан буулгаад төр өөрөө хамтарч ажиллая ингэхдээ 60:40 харьцаатай байя гэдэг шийдвэрийг өмнөх парламент гаргасан шүү дээ. Ингэснээр онгоцны түлшний үнэ багасна гэж үзсэн. Үүний хүрээнд хийж байгаа ажил.
-Монгол Улс ОХУ-аас эрчим хүчний хэрэглээний хувьд хараат байдаг. Дээр нь агаарын тээврийн түлшний хувьд 100 хувь хараат байна. Туурга тусгаар улсын хувьд нэг улсаас эрчим хүч болоод агаарын тээврийн түлшний хувьд хараат байх нь хэр зохистой асуудал юм бэ. Бусдаас ямар нэгэн байдлаар хараат байгаа асуудлын хамаарлыг бууруулах нь Засгийн газрын бас нэг чиг үүрэг. Гэтэл дахиад 20 жил ОХУ-аас хараат байх асуудал оруулж ирлээ гэж иргэд шүүмжлээд байна шүү дээ?
-Нэгдүгээрт, 20 жил гэдэг бол хатуу тогтчихсон хугацаа биш. Хоёрдугаарт, гашуун ч гэсэн үнэнтэй нүүр тулахаас өөр зам бидэнд байхгүй. Бидний хувьд ОХУ-аас л нефтээ авч ирсэн. Өөр хаанаас ч авах боломж байхгүй. Тэр дундаа онгоцны түлшийг ганцхан ОХУ-аас л авна. Өөр хаанаас ч авч чадахгүй шүү дээ. Бид хоёрхон хөрштэй. Агаарын хөлгийн түлшийг онгоцоор тээвэрлэх боломжтой бол өөр улсаас авах тухай ярих боломжтой. Харамсалтай нь, төмөр замаар тээвэрлэхээс өөр сонголт байхгүй. Түүнчлэн БНХАУ-аас агаарын хөлгийн түлш импортлох гэхээр нефть нь Хятадын Батлан хамгаалах яамны харьяанд байдаг стратегийн бүтээгдэхүүн. Тийм учраас олон шат дамжлага дамжина. Харин ОХУ бүхий л хүнд цаг үед биднийг дэмжиж ирсэн. Тиймээс хуучин харилцаа холбоон дээрээ үндэслээд нефтээ тасалдуулахгүй явах нь зөв гэж үзсэний үндсэн дээр уг шийдвэрийг гаргасан. Түүнээс нэг улсаас хараат байх асуудал биш. Хөрш улсаа муулдаг хүмүүс манайхаас өөр байхгүй.
Бид Хятад, Орос улстай мөнхийн хөрш. Тэгэхээр мөнхийн хөршүүдээ хэзээ ч муулж болохгүй. Нэг хашаанд буучихаад хөрш айлаа муулдаг ёс зүй монгол хүнд байдаггүй биз дээ.
Бид энэ асуудалд нэлээд ухаалаг хандах нь зөв шүү гэж хэлмээр байна.
-Засгийн газар гаргаж буй бодлого шийдвэрийнхээ талаар иргэдэд мэдээлэл огт өгдөггүй. Энэ нь эргээд олон нийтийн шүүмжлэлийг дагуулдаг. Үүнээс үүдэж гаргасан шийдвэрээсээ эргэж буцдаг. Энэ шийдвэр бас тэр замаар явахгүй гэх баталгаа байна уу?
-Иргэдэд урьдчилж мэдээлэл хангалттай өгөөгүй гэдэгтэй санал нийлж байна. Гэхдээ бид энэ шийдвэрээсээ эргэж ухрахгүй. Бензин байхгүй бол яах юм. Явган явах юм уу. Онгоцоор нийсдэггүй хүн гэж байхгүй. Хүмүүс цаг хугацааны үнэ цэнийг үнэлдэг цаг үе ирээд байна. Тэр ч утгаараа дэлхий нийт агаарын тээврийг сонгож байна. Монгол Улс ч адилхан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил Монгол Улсын 2.2 сая гаруй зорчигч агаарын тээврийг сонгосон байна. Тэгвэл энэ онд 2.7 сая зорчигч агаарын тээврийг сонгоно гэсэн урьдчилсан тооцоолол бий. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх хамгийн чухал асуудлын нэг бол агаарын тээвэр. Тиймээс энэ гэрээг үргэлжлүүлж хийнэ. Өөр сонголт байхгүй. Харин Дорноговь аймагт баригдаж байгаа нефтийн үйлдвэр 2028 онд ашиглалтад ороход хамгийн эхэнд онгоцны бензин үйлдвэрлэнэ. Тэр үед сонголт бий болно. Бид өөрсдөө бензин үйлдвэрлэдэг болсон хойноо сонголтын тухай ярих нь зөв. Түүнээс сонголтгүй байж голж шилээд байж болохгүй.
Олон нийтэд агаарын түлшний импорттой холбоотой зөв ойлголт мэдээлэл урьдчилж өгөөгүй гэдэгтэй санал нэг байна. Мэдээллээ буруу өгөөд байна уу, эсвэл санаатайгаар мэдээллийг мушгин гуйвуулаад байн. Буруу зөрүү ойлголт их байна. Мэдээллээ нэгтгэсэн учраас уг гэрээг үргэлжлүүлэн хийнэ.
-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдаж байна. Уул уурхайн бүтээгдэхүүнээ бартераар солилцох асуудал яригдаж байна. Бид одоогийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортын нөхцөл байдал ямар байна вэ?
-Өнгөрсөн долоо хоногоос эхлээд нүүрсний экспорт нэмэгдэж байна. Үүнээс гадна өнгөрсөн сард зэсийн экспорт 200 мянгаар нэмэгдсэн. Мөн төмрийн хүдэр, жонш хангалттай экспортолж байгаа. Энэ дашрамд хэлэхэд, тавдугаар сарын 14-нд Ганцмод-Гашуунсухайтын хил дамнасан төмөр замын нээлт болно. Урд хөрштэй хамтран бэлтгэл ажлыг хангаж байна. Төмөр замыг холбох ажлыг хэр эрт хийнэ тэр хэрээр нүүрсний экспорт нэмэгдэнэ. Ингэснээр төсөв бүрдүүлэхээс гадна стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтаа хийе гэж байгаа юм. Тухайлбал, 14 мега төслийн хамгийн чухал нь говийн бүс нутагт ус татах асуудал байна. Энэ усыг татахын тулд тодорхой хэмжээний нүүрсийг бартераар өгч оронд нь усны хоолойн асуудлаа шийдсэнээр ирээдүйд илүү их мөнгө олж төсөвт орлого төвлөрүүлэх боломж бүрдэнэ.
Энэ мэт холыг харсан ажил хийж байна. Түүнээс биш уул уурхайн бүх бүтээгдэхүүнээ бартераар өгөх тухай яриад байгаа асуудал байхгүй.
Харин УИХ-ын гишүүдээс “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос төсвийн бүрдүүлэлтийн дийлэнх хувийг бүрдүүлэх ёстой. Тиймээс бартераар нийлүүлэх нүүрсний тоо хэмжээг зааж өгөх ёстой” гэсэн байр суурь илэрхийлж байна.
-Бартер буюу оффтейк гэрээтэй холбоотой нүүрсний хулгайн асуудал өмнө гарч байсан. Дахиад хулгай хийх боломжийг хуульчилж өгч байгаа юм биш биз дээ?
-Өнгөрсөн асуудлыг хууль, хяналтын байгууллага тогтооно. Тэдэн тонн нүүрс хулгайд алдсан гэх мэдээлэл надад алга. 40 их наяд гэх хийсвэр тоо байдаг. Гэхдээ тэр хэмжээг тогтоосон хүн ч байхгүй. Бартерыг хийхдээ, ийм төсөлд ийм хэмжээний нүүрсээр солино гэсэн саналыг Засгийн газар гаргаж УИХ-д өргөн барина. Ингэснээр УИХ үүнийг батална. Ингээд төсөл хэрэгжүүлэх гэж буй компани төслийнхөө дагуу тодорхой хэмжээний нүүрсээ тухайн үеийнхээ ханшаар авна. Энэ маягаар том төслүүдээ урагшлуулна. Өмнөх алдаагаа давтах зүйл байхгүй.
-Нүүрсний үнэ унаж, биет хэмжээгээ нэмэгдүүлсээр байгаа энэ үед дахиад бартераар экспортын хувь хэмжээгээ нэмэгдүүлж байна. Тэгэхээр цаашид нүүрсний үнэ өсөх хүлээлт байхгүй болох юм биш үү?
-Үнийг бид тогтоохгүй. Худалдаж авч байгаа тал тогтооно. Монгол Улсаас нийлүүлж байгаа нүүрсний хэмжээ бол урд хөршийн хувьд тийм их биш шүү дээ. Шүлс хаях хэмжээнд л байгаа. Ийм инээдэмтэй зах зээлтэй байж дэлхийд байхгүй юм ярьдаг худлаа сенсаци бидэнд хэрэггүй. Хоёрдугаарт, Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсээ экспортлох ямар боломж байна тэр хэмжээгээр нь ханатал гаргах ёстой. Магадгүй нэг өдөр хэн ч хэрэглэхгүй зүйл болно. Одоо мөнгөний үнэ цэнийн тухай биш цаг хугацааны үнэ цэнийн тухай ярих цаг. Их хэмжээгээр гаргах тусам үнэ унана гэсэн ойлголт байхгүй. Тиймээс урд хөрш авч чадах хэмжээгээр өгч чадаж л байвал бид хожно.
-Монгол Улс хөрөнгө оруулагчдыг эх орондоо урьж байгаа. Гэтэл ураны салбарт хөрөнгө оруулалт хийсэн Франц улсын “Бадрах энержи” компанийн захирлын биед уран эсэргүүцэгчид халдсан хэрэг гарлаа. “Бадрах энержи” компани танай тойрогт хамаардаг. Орж ирсэн хөрөнгө оруулагчдаа хамгаалж чадахгүй байгаа ийм үед шинээр хөрөнгө оруулагчид орж ирэх итгэл үнэмшил байна уу?
-Манай Дорноговь аймгийн иргэдийн хувьд энэ асуудлыг маш сайн ойлгодог. Харин тодорхой хэмжээний санхүүжилттэй тэнд очиж лайв хийх нэрээр гаднын хөрөнгө оруулагчдыг элдвээр хэлдэг, шантаачилдаг хэсэг бүлэг хүмүүс бий. Хууль, төр гэж юм энэ улсад чинь байдаг шүү. Дээрээс нь эмэгтэй хүнийхээ хувьд ёс суртахуунтай байгаасай гэж хүсч байна. Бид энэ чигээрээ байвал Монгол Улсад хэн ирж хөрөнгө оруулах юм. Хөрөнгө оруулагчдынхаа хөл гар дээр нь суучихаад халаасыг нь нэгждэг бузар үйлдэл гаргаж байна. Монголын төрд хууль байдаг юм шүү. Монгол Улс Засгийн газар, УИХ-аар баталсан шийдвэрээ хэрэгжүүлээд явна. Энэ бол ганц манай тойргийн, Дорноговь аймгийн асуудал биш Монгол Улсын ирээдүйн хөгжлийн асуудал.
Тиймээс хэдхэн шантаажчин нөхөд энэ асуудлыг зогсооно гэж байхгүй.
Би өөрөө тэр хонхрын хүн надад хангалттай баримт ирж байгаа. Лайв хийлгээд үзсэн хандалтаар нь үнэ хөлснийх нь хэмжээг тогтоодог асуудал ч энд бий. Би энэ асуудлаар холбогдох баримтыг хууль, хяналтын байгууллагад өгч шалгуулна. Хууль зүйн сайд О.Алтангэрэлд баримт нотолгоог нь хүргүүлсэн. Энэ хүмүүсийн заль их юм. Ардаа зөвлөхүүд ажиллуулж байна. Эрүүгийн хуулиар хариуцлага тооцох гэхээр төвөгтэй. Зөрчлийн тухай хуулиар 8 удаа ч арга хэмжээ авахуулсан хүн байна. Цаашид улсын хөгжлийг гацаасан, боломжийг нь алдагдуулж зохион байгуулалттайгаар бусдыг өдөөн турхирсан уг асуудлыг Эрүүгийн хуульд оруулж хариуцлага тооцох ёстой.