Ч.Отгочулуу: Хувийн өмч рүү дайрсан төр ялбал Монгол мянган Батзандантай л болно

0

Эдийн засгийн ухааны доктор Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Сүүлийн үед өрнөж буй улс төрийг анзаарахаар төр хувийн бизнест илтэд халдах үзэгдэл тод ажиглагдах боллоо. Тэр дундаа эдийн засгийг нуруундаа үүрч яваа уул уурхайн салбарт “нийгэмчилнэ”, “төр хувь эзэмшинэ”, “лиценз хураана” гэсэн мэдэгдэл олонтаа хийж байна. Төр уул уурхайн салбарын хувийн бизнес рүү халдах ийм үзэгдэл Г.Занданшатарын тусгай ажиллагаанаас эхэлсэн бил үү?

-Тэгсэн. Салхитын мөнгөний ордыг төрд авснаар эхэлсэн. Дараа нь 2019 онд Б.Чойжилсүрэнгийн нүүрсний ордыг авахын тулд баахан бужигнуулсныг санаж байна уу?

-Ганцааранг нь авахаар арай ч болохгүй юм даа гээд баахан нүүрсний ордыг хоморголчихсон санагдаж байна?

-Яг үнэн, тийм юм болсон. Төрд авсан бүхэн буруу, уруу зүг рүүгээ л явдаг. Наад захын жишээ гэхэд, Салхит одоо ямар болсон билээ. Дарга нарын баахан хамаатан оччихсон, асар их өрөнд орсон байдалтай яваа. Хувийн бизнес рүү төр нь ингэж түрэмгийлээд эхлэхээр хамгийн том эрсдэл нь гадны хөрөнгө оруулалт зогсдог. Манайд 2012 оноос хойш гадны том хөрөнгө оруулалт огт орж ирсэнгүй. Сүүлийн үед Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч томилчихсоныг та мэднэ. Өнөө БЭТ нь хувийн хэвшлийн компаниудын хувьцаа эзэмшлээс бараг л булааж авах ёстой гэсэн утгатай юм яриад сууж байна. Энэ мэт үзэгдэл хавтгайрсан учраас гадаадын хөрөнгө оруулалт эсрэгээрээ манай улсаас гадагшлах болсон. Өмнө нь өөр байсан. Манай улс хөрөнгө оруулалт татахад хамгийн найдвартай эрх зүйн хамгаалалттай тусгай зөвшөөрөлтэй байлаа. 30 жилийн хугацаанд баталгаатай, шүүхээр орж л цуцлагддаг найдвартай байсан.

-Сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалт Монголоос зугтдаг болсон гэв үү?

-Нүдэн дээрх үнэн нь л энэ. Хувийн хөрөнгийг нийгэмчилнэ, төр бүхнийг авна гэсэн мэдэгдэл бүрийн үр дагаврыг жирийн иргэд амсаж байна. Доллар сүүлийн өдрүүдэд огцом цойлж байгаагийн цаад шалтгаан ердөө энэ шүү дээ.

-Нийтийн эрх ашгийн төлөө гээд хувийн хэвшлийн хөрөнгийг хураагаад явчихлаа гэхэд иргэдэд наалдах сайн юм ер нь байна уу?

-Байхгүй. Нийгэмчилнэ гэж ярьж, хувийн хөрөнгөд халдах тусам дарга нарт ойрхон хүмүүс хожно. Америк, Герман, Япон, Солонгос зэрэг хөгжилтэй улсын эдийн засгийн хөгжлийн үндсэн мотор нь хувийн хэвшлийнхэн байдаг.

Тэр дундаа жижиг, дундынхан буюу шинээр бизнесээ эхэлж байгаа хүмүүс. Тэд л шинэ бизнес хийж эрсдлийг үүрч байна. Хамгийн гол нь тэд томчуудын олж хараагүй ирээдүйтэй бизнесийг харж чаддаг. Америкийн Хөрөнгийн бирж дээрх эхний 10 компани сүүлийн 20 жилийн дотор 100 хувь өөрчлөгдчихсөн. Урьд нь гангийн, машин, онгоц үйлдвэрлэлийн, нефтийн гэх мэт томчууд Хөрөнгийн биржийн топ аравт багтдаг байлаа. Гэтэл өнөөдөр өмнө нь сураггүй байсан хиймэл оюун ухаан, технологи, программ хангамжийн компаниуд тэргүүлж байна. Юмс асар хурдацтай өөрчлөгдөж байна. Сая гэхэд “Blue origin” компанийн пуужингаар Кэти Перри тэргүүтэй зургаан эмэгтэй сансарт хөөрчихөөд ирлээ. Энэ компани гэхэд “Amazon”ий үүсгэн байгуулагч Жефф Безосынх. Элон Маск АНУ-д ганц чемодантай цагаачилж ирж, тэтгэлэгтэй сураад, эцэст нь дэлхийн хамгийн баян хүн болчихлоо. Эрсдлийг үүрч шинэ бизнест хүч сорьдог хувийн хэвшлийнхнээ дэмжиж чадсан учраас АНУ өнөөдөр Элон Маск, Жефф Безостой болсон. Гэтэл манай улсад шинэ бизнесүүдээ дэмжих нь бүү хэл хөл дээрээ тогтсон том бизнесүүдээ хяхаж хавчих бодлого явуулж суух жишээний. Зүй нь өнөөдөр Монголын төр шинэ бизнесүүдээ дэмжсэн бодлого хэрэгжүүлж байх учиртай. Харамсалтай нь Монголын төрийн бодлого уурхайн хэдэн ордыг тойрсон зодоон болоод хувирчихлаа л даа.

-Сонгууль дөхөхөөр л муусайн баячуудаас уурхайг нь аваад, мөнгийг нь ард түмэндээ тараана гэсээр хэдэн ч жил өнгөрөв дөө. Үр дагаварт нь долларын ханш 3600 төгрөг даваад талийж одлоо. Өөр ямар эрсдлүүд биднийг угтаж байна вэ?

-Үнэн л дээ, сүүлийн сонгуулиудыг харахад яаж нийгэмчлэх вэ, яаж төрд авах вэ гэдэг уралдаан руу орчихсон. Үүний цаана маш том юм алдаж байна. Шинийг санаачилж бизнес эхлүүлдэг, шинэ зах зээл бий болгодог орон зайгаа устгаад байгаагаа олж харахгүй юм. Аажмаар дэглэмийн шилжилт рүү хальтрах ч эрсдэл бий. Та түрүүн Салхитын ордыг төр тусгай ажиллагаа явуулж хэрхэн булааж авсныг хөндсөн дөө. Салхит шиг төрийн тусгай ажиллагаа явуулсан том орд гэвэл Эрдэнэт байна. Эрдэнэтийн тухайд 2014 онд оросууд Крымийг эзлэнгүүт Европын холбоо хориг тавьсан. Энэ хоригоос шалтгаалж хойд хөрш хоёр алхам хийсэн. Нэгт Евразийн эдийн засгийн холбоог үүсгэсэн. Хоёрт, мөнгөтэй болохын тулд ашиггүй гэж үзсэн ордуудаа зарж эхэлсэн. Тэдгээр ордод нь Эрдэнэт багтсан хэрэг. Тав, зургаан оролцогч Эрдэнэтийн хувийг авахын төлөө өрсөлдөөд монголчууд ялсан. Хувийн компани нь тийм том өрсөлдөөнд ороод Эрдэнэтийнхээ хувийг аваад ирэнгүүт манай төр маш бүдүүлэг авирласан. Төрийн мөнгөөр авсан учраас төр авах ёстой гэж муйхарласан. Мэдээж төр хэвлэж гүйлгээнд гаргаж буй гэдгээрээ төрийн мөнгө мөн. Гэхдээ хувь хүний хэрэгцээнд оччихсон бол тэр нь хувь хүний л мөнгө. Хувь хүн байна уу, банк байна уу хамаагүй. Тухайн хүн, тухайн аж ахуйн нэгж өөрийн сонголтоор өөрөө юм худалдаж авч болно шүү дээ.

-Та бид хоёрын яриад буй кейс дахиад ч олон компаниар хүрээгээ тэлэх нь тодорхой болчихлоо. Үүсмэл орд буюу овоолго дээр үйл ажиллагаа явуулж буй компаниудыг хүртэл “стратегийн ордоос үүссэн овоолго дээр үйл ажиллагаа явуулдаг учраас” гээд дуудах янзтай байна.

-Харамсалтай нь тэгж байна. Үндэсний баялгийн сангийн хуулиар стратегийн орд гэж нэрлэсэн орд бүрийн 34-өөс багагүй хувийг шууд төрд авдаг үүд хаалгыг нээчихлээ л дээ. Хамгийн аюултай нь хууль буцаж үйлчлээд байна. Хууль буцаж үйлчлэх жишиг, кейс дарангуйлагч улсуудад л байдаг. Олон жилийн өмнө төр А лицензийг хувийн хэвшилд хуулийн дагуу өгчихсөн хэрнээ одоо болохоор “Бид хуулиа өөрчилсөн. Тийм учраас танай компанийн хувь эзэмшлээс төр тодорхой хувийг авна” гэж дарамталж болохгүй. ОХУ гэх мэт дарангуйлагч төртэй улсад л байдаг жишиг. Бид тэдэн шиг авирлахаар гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэж мянгантаа яриад нэмэргүй. Та сая үүсмэл ордын тухай асуулаа. Үүсмэл орд дээр хоёр, гурван газар үйл ажиллагаа явуулдаг байтал ганцханыг нь сугалж аваад “хувийг чинь авна” гэж дарамталж байх жишээний. Хоёрт, хэлэлцээ хийх наад захын ёс зүйн зарчим гэж бий. Хэлэлцээрийн явцад тохирсон бүхнээ нэг тал нь гадагшаа ярьж, олон нийтэд цацчихдаг байж таарахгүй. Бизнесийн болоод хувь хүний нууц гэдэг чинь хэн бүхний дураараа халдаж болдог талбар биш. Бизнесийн болоод хувь хүний нууцад нь халдаж, доромжилж, дайрчихаад хэлэлцээ хийнэ гээд сууж буйг би хувьдаа ойлгохгүй байгаа.

-Засгийн газар бүрэн эрхт төлөөлөгчөөрөө Ж.Батзандан гэдэг популистыг томилж, хувийн хэвшлийн компаниудынхаа өмнөөс тавьчихсан. Өнөөх нь таны хэлсэнчлэн авир гаргасан шигээ сууж байна. Ж.Батзандангаар тогтохгүй, бүтээмжийн менежерүүд гэсэн шошготой 400 хүн төрийн өмчит компаниудад ажиллахаар болсон. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Ер нь төрийн, хувийн ямар ч аж ахуйн нэгж бүтээмжийн төлөөх байгууллага байх ёстой. Тийм байтал бүтээмжийн менежер томилж буй бол төрийн компаниуд муу ажиллаж байна гэсэн үг. Төрд аваад нийгэмчилчихээр гажуудал илрэх нь ойлгомжтой. Нэг гажуудлыг нөгөө гажуудлаар засах арга ядсан шийдэл л гэж харж байна. Хоёр том нам дээр гомдогсод маш олон.Тэдний гомдлыг дарах зорилгоор баахан бүтээмжийн менежер тавьчихлаа гэж харж байна.

-Төр иргэнийхээ өмчтэй байх, хувийн бизнес эрхлэх эрх рүү дайрч эхлээд удсан тухай та бид хоёр ярилаа. Стратегийн гэдэг үгээр далайлгаж байгаад ямар ч бизнесийг хурааж авах эрсдэл үүсчихсэн юм биш үү?

-Нийгэм ядуураад хүмүүст дайсан хэрэгтэй болох үед улстөрчид “цөөхөн хэдэн баячуудаас боллоо” гэсэн шалтгаан бодож олчихоод байна л даа. Өнөө цөөн хөрөнгөлөг хүмүүс нь эдийн засгийг чирч явдаг уул уурхайд л байгаа. Магадгүй мөнгө их олдог өөр нэг шинэ салбар гараад ирвэл “ардын дайсан” дахиад нэмэгдэнэ. “Стратегийн гэдэг чинь нийгэм, эдийн засагт нөлөө бүхий бизнес багтана, танайх тийм бизнес болсон учраас төр хөрөнгийг чинь хураалаа” гэх аюул ердөө дэргэд байна. Иргэдийн бизнес хийх, амьжиргаагаа залгах эрх чөлөөнд халдаад эхэлсэн шүү дээ. Жишээ нь ТҮЦ байна. Ажиллах, амьдрах, бизнес хийх орчныг нь бүрдүүлж өгөхгүй байж арай ядан голоо зогоож яваа амьжиргаа руу нь халдана гэдэг хэтэрхий түрэмгий, бүдүүлэг хэрэг. Хоёрдугаар гол эрх бол үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх. Тэр эрхийг нь аль хэдийнэ худалдаад авчихсан. Худалдагдахгүй бол элдэв хэрэг тохоод шоронд хийчихдэг. Өөрөөр хэлбэл, Монголын төр иргэдийнхээ улс төрийн болоод эдийн засгийн эрх чөлөөг нь хумьсаар байна. Иргэд нь улс төр, эдийн засгийн эрх чөлөөтэй байвал төр илүү ухаан зарж, хуулийн хүрээнд ажиллах шаардлагатай болчихно. Төр ингэхийг хүсэхгүй байна. Хүсэхгүй учраас дарангуйлах гэдэг арга замыг сонгож байна. Тийм учраас нэг талд номхон дуулгавартай иргэд, нөгөө талд Соёлын сайдаар дамжуулж мөнгө авчихдаг цөөн хэдэн пиарчид байна шүү дээ. Чөлөөт ертөнц, жинхэнэ ардчилсан орон бол иргэддээ эрхийг нь өгч байгаад, иргэдээсээ давж сэтгэж, мэтгэлцээний үндсэн дээр бодлогоо боловсруулж хэрэгжүүлдэг. Харин манайд бол төр нь иргэд рүүгээ “Битгий олон юмяриад бай” гэж зандчиж байна.

-Ж.Батзандан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийнхөө үүргийг онцсайн биелүүлж стратегийн орд нэрээр олон тооны компаниудын уурхайд төрийн эзэмшлийг тогтоож өглөө гэж бодъё. Тэрний дараа юу болох бол?

-Мэдээж Ж.Батзандан ардын баатар болно. Цаашлаад ирэх сонгуулиар гишүүн ч болж магадгүй. Бүр цаашилбал сайдын суудалд залрахыг үгүй гэх газаргүй. Харин Монгол Улс мянга мянган Оджаргалтай болох боломжоо хаачихаж байгаа юм. Эсрэгээрээ бид мянган Батзандантай л болно доо.

-Та түрүүн хуулийг ухрааж хэрэглээд байна гэж ярьсан даа. Өмнө нь хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсан иргэд болоод компаниудыг бүр хожим баталсан хуулийг биелүүлсэнгүй гэж буруутгаад байх юм. Энэ гажуудал арилах найдлага харагдаж байна уу?

-Харамсалтай нь тийм итгэл алга. Монголд гэм буруугүй хүнийг буруутай болгох бүхэл бүтэн том тогтолцоо байна.

-1997 оны Ашигт малтмалын хууль либерал байсан учраас уул уурхай өдий дайны томорсон. Гэтэл тэр үеийн хуулийн дагуу лиценз авч уурхай ажиллуулсан компанийн захирал хувиа хураалгах дээрээ тулчихаад гэлбэлзэж сууна. Ингэхэд 1997 оны Ашигт малтмалын хуулийг хэр хууль гэж боддог вэ?

-Монголын нэг хүнд оногдох ДНБ албан ёсоор 5600 ам.долларт хүрээд байна. Энэ бол 1997 оны хуулийн л үр өгөөж. Тэр хуулийн дагуу манай улс олон тооны лиценз олгосон нь үнэн. Дунд нь алдаа эндэгдэл гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ерөнхий утгаараа тэгж байж л бид зах зээлээ нээж чадсан. Одоо хэрэгжиж, монголчуудыг тэжээж байгаа Таван толгой, Оюу толгой тэр хуулийн ачаар хөдөлсөн. Олон том орд нээх эхлэл нь мөн л тэр хууль байсан. Монгол руу гадны том хөрөнгө оруулалт цутгасан он жилүүд тэр хуулийн бодит үр нөлөө байсан. Засгийн газар мега төслүүд хэрэгжүүлнэ гэж байна. Нүүрснээс олсон мөнгөөрөө том төслүүдээ хөдөлгөнө гэж байна. 1997 оны Ашигт малтмалын хууль байгаагүй бол бид өнөөдөр ингэж яриад суухгүй байлаа. Товчхондоо өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэдэг л болж байна.

-Улстөрчид “төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудыг та нар авсан учраас” гэж хувийн хэвшлийнхнийг буруутгадаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Манай улстөрчид тэгж мэдэн будилдаг юм. Нэгт, хуучин нийгмийн үед оросуудтай нийлж хайгуул хийсэн зардлаа бид хангалттай төлчихсөн. Их өр гэж баахан мөнгө авсан. Социализмын үед мах, ноос гээд хамаг бүгдээ хойд хөршид үнэгүй шахам гаргадаг байсан. Тэгэхээр геологи, хайгуул дээр тэднээс авснаа бид төлчихсөн. Хоёрт, хайгуул маш олон түвшинтэй. Зураглалын, илэрц олох, орд олсон бол хүдрийн биет олж тогтоох, орд болгох гээд олон процесс бий. Тэр бүхэнд зарах мөнгөний хэмжээ нь асар том. Энэ бүх зардлыг хувийн хэвшлийнхэн эрсдлээ үүрэн байж гаргасан. Илэрц тогтоох нэг хэрэг, энэ бүх шатыг давж уурхай хийх тэс өөр хэрэг. Уул уурхай дээр төрийн гаргаж байгаа хандлага энэ янзаараа даамжирвал дараагийн Оюу толгой хэзээ ч нээгдэхгүй. Сонгуульд суудал авахын тулд хөдөлмөрлөж, эрсдэл гаргаж яваа хүмүүсээ хулгайч, авлигачаар нь дуудахаас буцдаггүй Ж.Батзандан мэтийн хүмүүсийг хамгийн чухал албанд тавьчихаар гадныхан хөрөнгө оруулах тухай бодохыг ч хүсэхгүй.

-Одоо хэрэгжиж буй хуулийн дагуу лиценз олгосон дарга нар ч дараа нь төрийн дайсан болчих магадлал маш өндөр байна л даа. Тэгэхээр хайгуулын лиценз олгох цөстэй аавын хүү ч олдохгүй биз дээ.

-Төрийн байгууллага дээр гарын үсэг зурах хүн олдохоо больчихсон шүү дээ. Эсвэл энэ бүх зөвшөөрлүүдээ байхгүй болгох хэрэгтэй. Зөвшөөрөл өгдөг хүмүүс айгаад гарын үсэг зурахгүй байвал эдийн засаг тэлэх ямар ч боломжгүй.

-Эдийн засгийнхаа төлөө том том шийдвэр гаргасан улстөрчдөө яллаад байхаар улсынхаа төлөө гэсэн сэтгэлээр шийдвэр гаргах эрх мэдэлтэн олдохоо больчихож байна, бас?

-Яг үнэн. Үүнийг би гадны нөлөөтэй гэж хардаг. Яагаад гэхээр хоёр том хөрш маань биднээс өөр дэглэмтэй. Харин бид өөр дэглэмтэй. Хаяа хатавчных нь өөр дэглэмтэй хөршийгөө гуравдагч хөрштэй ойр харилцуулж, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтаар тэтгэгдэж хүчтэй хөгжөөсэй гэсэн бодол тэдэнд төрөхгүй. Биднийг тийм байлгах сонирхол тэдэнд байхгүй. Бид Москва, Бээжингийн оронд өөрсдийгөө тавиад үзвэл энэ хандлагыг нь буруутгах аргагүй. Хил дагуу нь монгол угсаатнууд битүү байдаг. Гэтэл цаахна нь орших тусгаар Монгол хүчирхэгжвэл байдал хааш эргэхийг төсөөлөхөд хэцүү шүү дээ. Юу ч болж магадгүй. Тэгэхээр хоёр хөрш маань манайхыг хөгжүүлье, дэлхийтэй холбоё, гадаадын хөрөнгө оруулалтыг татсан улс байлгая гэж бодохгүй. Мэдээж тэд тэгж хүсдэг учраас бид яаж ч чадахгүй гэж бууж өгөх нь хаашаа юм. Яг голыг нь олж л явах хэрэгтэй. Ядаж л өөр зуураа хэмлэлдэж, улсынхаа хөгжлийн төлөө, хуулийн дагуу зөв зүйтэй зүйл хийсэн хүмүүсээ хэлмэгдүүлдгээ болимоор байгаа юм.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *