АН: Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйх ёстой

0

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2025.04.28/ ээлжит мэдээллээ хийлээ.


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Ардчилсан намын бүлгийн хурлаар дөрвөн асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлаарх 24  дүгээр илтгэлийг ХЭҮК-оос танилцуулж, гишүүдийн асуултад хариулсан бол хоёрт, ардчилсан улс орнууд дижитал  байдлаар иргэдийн оролцоог хэрхэн хангаж байгаа талаар бүлгийн албаны хийсэн судалгаагаар цахим сайт ажиллуулах тухай хэлэлцсэн. Үндсэн хуулийн Цэцийн иргэдийн сонгох эрхийг зөрчиж байгаа мандатын тоотой тэнцүү дугуйлах ёстой гэдэг заалтыг хэлэлцсэн. Дөрөвт, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулахдаа хэрхэн байр сууриа илэрхийлж, парламет ёсыг үгүйсгэсэн.

Энэ асуудлаар мэдээлэл сонсч, тодорхой шийдвэр гаргалаа. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тавдугаар сарын 1-ний чуулганы хуралдаан болох өдрийг хүртэл ард түмэн, УИХ-аас, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас өөрийнхөө амаар уучлалт гуйх ёстой.

Эцсийн эцэст ард түмэн, тэдний төлөөллөөс уучлалт гуйж байгаа хэрэг. Энэ бол зөвхөн хувь хүний асуудал биш. Ард түмний төлөөллийг хэн нэгэн хүний төлөөлөл мэтээр УИХ-ын индэр дээрээс мэдээлж байгаа нь үнэхээр зарчимгүй үйлдэл. Ерөнхий сайд гэдэг хүнийг УИХ-аас томилдог. Гэтэл УИХ-ынхаа дээр гарч суугаад УИХ-ын гишүүдээ доромжилж байгаа нь биш юм. Ардчилсан намын бүлэг тавдугаар сарын 1-ний өдөр хуралдаж, Ерөнхий сайд цаашид УИХ-ын үйл ажиллагаанд оролцох эсэх талаар тодорхой байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ. Хэрэв уучлалт гуйхгүй бол Ардчилсан нам бүлэг чуулганаар хэлэлцэх бүх асуудлаас завсарлага авна.

Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин:

-Өнгөрсөн Баасан гаригт УИХ дээр Ерөнхий сайд мэдээлэл өгч байсан. Тэр үйл явцтай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлтийг уншиж танилцуулж байсан. Төгсгөлд нь УИХ дахь Ерөнхий сайдын мэдээллийн цаг Засгийн газрын суртал ухуулгын цаг болсон байна. Ерөнхий сайд юу ярих, ямар мэдээлэл өгөхийг өөрөө мэддэг болсон нь УИХ-ын Үндсэн хуулиар хуваарилсан эрх мэдлийн зарчмуудыг бүдэгрүүлж байна. Парламент бол төрийн эрх барих дээд байгууллага. Засгийн газарт хариуцлага тооцох эрх мэдэлтэй байгууллага. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын өмнө ажлаа хариуцан тайлагнадаг албан тушаалтан бөгөөд УИХ-аас томилогддог. УИХ-ын талбарыг Засгийн газрын суртал ухуулгын талбар болгохоос гадна тэр өдөр УИХ-ын гишүүдийг доромжилдог цаг болгон хувиргасан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үйлдэлдээ УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас чуулганы хуралдааны үеэр уучлалт гуйх ёстой. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ ажлыг хариуцаж хийх ёстой. Эмэгтэй хүнийг доромжилж харьцаж болохгүй. Парламентын дарга тухайн үед нь арга хэмжээ авч чадаагүй бол одоо уучлалт гуйлгах хэрэгтэй. УИХ-ын толгой дээр гарч суудаг Ерөнхий сайдын суудлыг доош буулгах хэрэгтэй. Парламентын ардчиллыг бэхжүүлж, УИХ-ыг УИХ шиг байлгах ёстой.

УИХ-д Ерөнхий сайдын мэдээллийн цаг гэдгээ болих ёстой. Ерөнхий сайд эсрэгээрээ тайлбар мэдээлэл өгдөг болъё.

Ерөнхий сайд нь хүртэл худлаа ярьдаг асуудалд хариуцлага тооцдог байх ёстой. Худал ярьж байгаа бол нийтийн албанаас чөлөөлж, хариуцлага тооцдог байх ёстой. Ингэснээр парламент мэтгэлцээний талбар болно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *