Х.Баттулгын хүүхдүүд Хөгжлийн банкны зээлтэй холбоогүй гэж мэдэгдэв
Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 06-10-ны өдрүүдэд болох талаар өнөөдөр УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Б.Энхбаяр мэдэгдэх үедээ Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон үр хүүхдийг нь дуудсан гэдгээ мэдэгдсэн билээ.
Дэлгэрэнгүй мэдээлбэл,
-Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүнг сонсоно. 350 орчим төсөл хөтөлбөр байгаа. Гэрчээр нийт 43 хүнийг дуудна. Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулга, Монголын төмөр замын дарга байсан Б.Батзаяа, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатар, “Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Хүлэгт, Б.Намуун, Б.Номин гэх хүмүүсийг гэрчээр дуудна гэж төлөвлөсөн гэж өгүүлсэн.
Харин өнөөдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын охин Б.Намуун бусдыгаа төлөөлөн мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд,
-Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн, Улсын төсөвт суусан Засгийн газрын төсөл хөтөлбөр багцын тухай семинарт УИХ-ын гишүүн Б.Энхбаярын мэдээллийг сонслоо. Дээрх мэдээллийг сонссон Х. Баттулгын гэр бүл үр хүүхэд бидний зүгээс дараах мэдэгдлийг гаргах нь зүйтэй гэж үзлээ.
Бидний гэр бүл, үр хүүхэд болон хамаарал бүхий компани Хөгжлийн банкны санхүүжилт бүхий Засгийн газрын төсөл хөтөлбөртэй ямар ч холбоогүй бөгөөд төслийн зээл аваагүй болохыг дахин мэдэгдэж байна.
Олон нийтэд худал мэдээлэл тарааж, бидний нэр хүндэд халдсан тохиолдолд Монгол улсын шүүхэд хандаж, нэр хүндээ сэргээлгэх болно гэжээ.