Жагсагчдын “үнэт зүйл” ард түмнийг төлөөлж чадав уу?

Монгол Улсын иргэд Үндсэн хуулиар олгосон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхээ эдлэн жагсаж байна. Ардчилсан нийгэмд энэ бол эрүүл үзэгдэл юм.
Жагсагчдаас “Ерөнхий сайд огцор”, “Ерөнхий сайдын бэрийн тансаглалыг зогсооё” гэсэн агуулга зонхилж, мөн парламентын гишүүдийн чадамжгүй байдал, айл өрхийн эдийн засгийн чадамж буурсныг шүүмжлэн ярих залуус ч байлаа.
Гэхдээ сүүлийн жилүүдэд манай улсад болж байгаа жагсаал цуглаан асуудал органик уу, захиалгат уу гэдэг эргэлзээ тээнэглэзлийг дагуулдаг болоод удсан. Энэ удаагийн жагсаалд ч энэ хардлага бий болсон хэвээр байв.
Нийгэм хүнд байна, ард түмний амьдрал ядуу хэвээр байна, ажил орлого дээрдэхгүй, үнийн өсөлт дийлдэхгүй байна гэсэн шүүмжлэл ярьж, түүний шийдлийг шаардсан жагсаал, түүнд оролцож байгаа иргэд энгийн, ажилчин анги байна уу, эсвэл нам дагадаг, ямар ч жагсаал эсэргүүцэл дээр манлайлж явдаг нөхөд байна уу, тэд яг өөрийнхөө амьдралын хүнд нөхцөлийг ярьж байна уу, эсвэл улстөржсөн агуулга ярьж байна уу гэх мэт олон зүйлээс жагсаалын үнэн бодит байдлыг нэг талаар харж болох юм. “Улс орны хэмжээний томоохон асуудлын шийд яригдаж, төсөл хөтөлбөр хөдлөх болоход, баялгийг улсад авах тухай яригдахад жагсаал болдог, түүнийг санхүүжүүлдэг” гэсэн барим тавим мэдээлэл байдгийг дурдахгүй өнгөрч болохгүй.
Тэгвэл энэ удаагийн жагсаал юуг хөндөж, ямар хүмүүс оролцож байна вэ?
Сүүлийн хэдэн өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү, түүний гэр бүлийн тансаглал, ажил орлогогүй хүү эхнэртээ өгч байгаа үнэтэй бэлгүүд ил болж, олон нийтийг бухимдуулсан. Ийм хэмжээний эд хөрөнгөтэй байх орлогоо нотлохыг шаардаж байгаа иргэдийн зөв. Нөгөө талаас төрийн өндөр албан тушаалтан, улстөрчийн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн нийгэмд биеэ авч яваа байдал, орлого, зарцуулалттай холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд байдаг. Нэгэнт өндөр албан тушаалд очсон энэ нөхцөл байдалдаа үргэлж анхаарч явах нь зүйтэй. Гэвч манайд өнөөдрийнх ийм кейсүүд хэдэн зуугаараа бий. Эхнэрээ зоддог, хүүхдээ зоддог, ордонд хоорондоо зодолддог, зам тээврийн ноцтой осол гаргадаг зэргээр маш ноцтой хэрэг зөрчилд холбогддог хэрнээ хариуцлага хүлээхгүйгээр явж ирсэн кейсүүд юм.
Ингээд харвал өнөөдрийн эсэргүүцэл өмнөх ийм кейсүүд дээр ч өрнөх ёстой байлаа. Тухайн цаг үед эсэргүүцлийг хүчтэй илэрхийлж чадсан бол өнөөдрийн парламентад ёс зүйгээ сахидаг явдал тодорхой хэмжээнд төлөвших боломжтой байсан ч байж мэдэх. Сүүлийн хоёр буюу 2016-2020, 2020-2024 оны парламентад суусан гишүүдээс 120 орчим ёс зүйн зөрчил гарсан байдаг бөгөөд тэдгээрт нэгэнд нь ч ёс зүйн хариуцлага оноож байгаагүй судалгаа байна.
Тиймээс өнөөдрийн жагсаал цуглаан улстөрчдийг ёс зүйтэй байх тухай асуудал уу, эсвэл субьектив хандлага уу гэж ялгаж харах бас нэг өнцөг болж харагдаж байна.
Нөгөө талаар жагсаалд оролцсон дүрүүд онцлох байв.
Тухайлбал, АН-ын гишүүн Ц.Уянга жагсаалд нэгдэж, хэвлэлд ярилцлага өгөхдөө “…Хэрэв намайг гадаадад элчин зөвлөхөөр томилсон бол жагсаалд оролцохгүй байсан” гэсэн нь анхаарал татна. Үнэт зүйл, үзэл бодол биш албан тушаал харж жагсдаг юм биш биз гэсэн хардлагыг Ц.Уянгын энэ мэдэгдэл шууд төрүүлж байгаа юм.
Дараагийн дүр бол “Ноорог” медиа студийн захирал О.Уламсайхан нар. Тэрээр жагсаалд “Огцрох амархан” гэх уриалга зүүж, “…Өөрийнхөө орлогоор 20 сая төгрөгөөр цүнх бэлэглэх, тэрбум төгрөгийн машиныг найз охиндоо бэлэглэх чадамжтай залуу монголд байхгүй….Ерөнхий сайд та амаргүй, амаргүй гээд л ажлаа хийгээд байх юм. Үнэхээр амаргүй байгаа юм бол огцрох амархан. Би 17 наснаасаа эхлэн ажил эрхэлж байна. Сүүлийн гурван жил ажил хийж, бусдыг ажлын байраар ханган ажиллаж байна. Гэтэл ингэж мөнгө хураах боломж алга…” хэмээн байр сууриа илэрхийлж харагдав.
Ноорог медиа студид хоёр сар орчмын өмнө цагдаагийн байгууллагаас нэгжлэг хийж, цахим мөрийтэй тоглоомыг тус студийн ажилтан гардан явуулдаг байсан гэх мэдэгдлийг хийж байв. Энэ үеэр тус студи нь MCS группийн хамаарал бүхий гэх мэдээллүүд гарч олон нийтийн анхааралд өртсөн. Харин MCS группийг Ухаа худаг ордтой холбоотойгоор жагсаал цуглаан зохион байгуулахад оролцдог гэх мэдээллүүд ч бий. Тус группийн хамаарал бүхий ажилтнууд тагнуулын ажиллагаа явуулсан хэргээр эдүгээ шалгагдаж буй.
Жагсагчдын дундах бас нэг дүр бол комедиан Д.Амартүвшин. Тэрээр “…Ерөнхий сайдын хүүгийн найз охиндоо бэлэглэсэн цүнхний талаар одоо бүгд мэдэж байгаа. Залуус ганцхан зүйлийг шаардаж байгаа нь орлогоо нотол гэдэг байр суурьтай байна. Жирийн нэг иргэний бүтэн жилийн орлоготой дүйцэх хэмжээний цүнхээр бэлэг барина гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Орлогоо нотол…” гэж байв. Тэрээр бүхий л жагсаал цуглаан, арга хэмжээнд оролцож явдаг “идэвхтэй” нэгэн.
Түүнчлэн жагсаал бүр дээр байдаг хуучны дүрүүд ч олон байлаа. Үүнийг харсан иргэд энэ жагсаалын зорилго яг ард иргэдийн амьдралын чанарын тухай, улстөрчийг ёс зүйтэй байхыг шаардсан органик жагсаал уу гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлэх хүмүүс ч олон байв.
Ямартаа ч жагсах, цуглах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгосон эрхээ иргэд өнөөдөр эдэлж байна…
Эх сурвалж: Tsahiur.mn