Д.Амарбаясгалан: БНСУ Монгол хүний эрхийг зөрчиж байгааг таслан зогсоох ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.15/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
15 : 02
2025-5-15
Д.Амарбаясгалан: БНСУ Монгол хүний эрхийг зөрчиж байгааг таслан зогсоох ёстой
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн нэгдэх хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын дарга БНСУ-д зорчихоор виз авсан Монгол иргэд тус улсын хил дээрээс олноороо буцаж, эрх нь зөрчигдөж байгаа асуудалд Гадаад харилцааны яам хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар хөндлөө.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Визээ гаргуулж зардал гаргаад тухайн улсдаа нэвтэрч чадахгүй байгаа буюу БНСУ руу нэвтэрч чадахгүй байгаа иргэдийн асуудлыг Гадаад харилцааны яам хэрхэн анхаарч байна вэ. Нэг л зарчим. Яах гэж виз өгсөн юм, визээ аваад яваад очихоор оруулахгүй, хүний эрхийн зөрчил үүсгэж байгаа асуудал дээр Гадаад харилцааны яам иргэдийнхээ эрхийг хамагаалах асуудал дээр ямар ажил хийж байна вэ. Иргэд энэ асуудлаар төрдөө хандаж, хэвлэлийн хурал ч хийж байна. Жижиг асуудал биш, нөгөө талын асуудал гээд орхих асуудал ч биш. Нэг л зарчим, виз өгсөн юм бол яагаад хил рүүгээ оруулдаггүй юм?
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-Сүүлийн үед зөрчил гаргах тоо нэмэгдсэн. Covid-19 цар тахлаас хойш БНСУ-руу зорчих хөдөлгөөн маш их нэмэгдсэн. БНСУ-д одоогоор Монгол Улсын 60 мянга орчим хүн ажиллаж, сурч байгаа. БНСУ хууль бусаар ажиллаж байгаа иргэдийг буцаах компанит ажлыг сүүлийн хоёр жил хийж байна. Энэнтэй холбоотой манай талын иргэд зорилгоо тодорхойлж чадахгүй байна, бөглөсөн материалаасаа өөр зүйл ярих, очих хаягаа мэдэхгүй, буцах хаягаа мэдэхгүй гэх мэт өөрийнх нь хууль дүрэмд нийцэхгүй, шаардлага хангахгүй байгаа учраас хил дээрээс зарим иргэдийг буцаасан асуудал байгаа. 2025 он гарснаас хойш манай яаманд албан ёсоор гомдлоо гаргасан гурван иргэн бий. Энэ гурван иргэний асуудлыг Солонгосын талд тавихад манай консулын хэлтсийн ажилтныг дуудаад тухайн нөхцөл байдлын бичлэгийг үзүүлж, эрх нь зөрчигдсөн эсэх дээр хоёр талтай зүйл ярьж байгаа. Бид нарт мэдээлэгдэж байгаа нь Солонгосын талаас зөрүүтэй байх.
Жишээ нь, өөрсдөө зөрчил гаргасан түүнийгээ мэдүүлээгүй байх. Утсаа үзүүлье гээд гарын үсэг зурсан, утсыг нь үзсэн, үзүүлэхгүй байх нь өөрийнх нь эрхийн асуудал.
Өмнө нь зөрчил гаргаад худлаа материал бүрдүүлээд мэдээлэл өгсөн байна гэдэг асуудал. Айлын тал сөргүүлээд мэдээллийг нь өгч байгаа. Энийг ганц талын асуудал гэж хэлж болохгүй. Иргэдээ мэдээлэлжүүлэх. Иргэдийн визний материал бүрдүүлж өгч байгаа 14 компани бий. Визний мэдүүлгийг нь бөглөж өгдөг компаниудтай ярилцах, БНСУ-ын Элчин сайдын яаманд энэ хүсэлтээ удаа дараа тавьсан. Иргэдийн гомдол ирсэн даруйд БНСУ- ын талаас нотлох баримттай өгөөч ээ, сошиалд тавьсан материалд хариулт өгөх нь учир дутагдалтай байна гэдэг асуудал тавьсан. УИХ-ын даргын урилгаар саяхан Монгол Улсад айлчилсан БНСУ-ын парламентын даргын төвшинд ч ярьсан.
Хууль бусаар иргэдийг буцааж байгаа иргэдийн асуудал зөвхөн Монголын асуудал биш.
Зүүн өмнөд Ази, Төв Азийн иргэдийг адилхан буцаадаг гэдэг асуудлыг айлын тал тайлбарладаг.
УИХ ын дарга Д.Амарбаясгалан:
-Гадаад харилцааны яам идэвхтэй ажиллах хэрэгтэй. Нэг ч монгол иргэний эрх хаана ч очсон зөрчигддөггүй байх ёстой. Бид бусад улсын зочид, жуулчдад хүндэтгэлтэй хандаж, дотоод дүрэм журмаа цэгцтэй байлгаж, улс хоорондын аливаа асуудал үүсгэхгүй, үл ойлголцол үүсгэхгүй байх үндсэн бодлогыг Монолын төр баримталж ажилладаг.
Монголтой дипломат харилцаатай улс орон Монголын ард иргэдэд тэр зарчмаар адил төвшинд хүндэтгэлтэй хандах ёстой.
Монгол хүний эрхийг хамгаалах асуудалд Гадаад харилцааны яам онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Салбар дундын асуудал болгож, хаядгаа болих хэрэгтэй. Яамдууд хоорондоо бие бие рүүгээ түлхээд орхиж болохгүй. Сүүлийн 5-6 жил яригдаж байгаа асуудал, таслан зогсоох ёстой.
13 : 19
2025-5-15
БНСУ-ын хямарсан компанийн өмнөөс Монгол Улс 610 сая төгрөгийн зээлийн хүү төлжээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн нэгдэх хэлэлцүүлгийг хийж буй бөгөөд гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар:
-Солонгосын Экзим банкнаас 10 аймгийн дулааны станц барина гээд зээл авсан. Зарим аймагт ажил эхлээд гүйцэтгэл нь 40-45 хувьтай хийгдээд зогссон, зарим аймагт ажил эхлээгүй. Гэтэл 40-45 хувийн гүйцэтгэлтэй төсөл зогссон байгаа ажил дээр Монгол Улс хүү төлөөд явж байна. Хэдэн төгрөгийн хүү төлсөн бэ. Дуусаагүй ажил дээр бид мөнгө төлөөд байна. Энэ асуудал дээр хэн хариуцлага хүлээх вэ. Биднээс хамаарахгүйгээр Солонгосын компани дампуурчихаад байхад Монголын тал Солонгосын дампуурсан компанийн өмнөөс хүү төлөөд байгаа дээр хэн хариуцлага хүлээх вэ. УИХ-аар 2025 оны төсөв ярьж байхад энэ нөхцөл байдал яригдсан, түүнээс хойш өнөөдөр өөрчлөгдсөн зүйл юу ч алга?
Эрчим хүчний яам, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга н.Хуягцогт:
-Дулааны станцын зээлийг анх 2018 онд байгуулсан. Зээлийн хэлэлцээрээр зөвхөн БНСУ-ын компани тендерт шалгарах нөхцөлтэй гэрээ байсан. 2021 онд тендер шалгаруулалт эцэслэж, 2022-2026 онд дуусах нөхцөлтэйгээр ажил явж байсан. Ажлын гүйцэтгэл 10 аймгаас 9 аймаг дээр 44-46 хувьтай, санхүүжилтийн гүйцэтгэл 43.6 хувьтай байна. Энэ тендерийн нэг асуудал нь түлхүүр гардуулах нөхцөлтэй, гэрээний үнэд тохируулга хийхгүй гэдэг хатуу гэрээтэй. Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд гүйцэтгэгчээр шалгарсан компани санхүүгийн хүндрэлд орсноос төслийн хэрэгжилт удааширсан.
Төсөл гүйцэтгэгч Солонгосын компани 2026 оны эхний улиралд гэрээгээ дуусгах нөхцөлтэй ажлаа шахаж явсан. 2025 оны гурван сарын эхээр санхүүгийн хүндрэлд орсноос дахин санхүүжүүлэх хүсэлт гаргаж шүүхийн процесс явсан.
Шүүхийн процесс дээр БНСУ-ын Экзим банк, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, СЯ, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Эрчим хүчний яам хамтран энэ нөхцөл байдлыг эрсдэл багатай даван туулахаар ажлыг зохион байгулж байна. Зээлийн хүү жилийн 0.15 хувийн хүүтэй. Хүүг хэрхэн шийдвэрлэх талаар саналаа Экзим банкинд Сангийн яамтай хамтран гаргасан. Ямар ч тохиолдолд энэ төсөл шүүхийн процессоос хамаараад төлөвлөснөөсөө зургаан сараас 1 жилийн хугацаагаар хойшлох нөхцөл үүссэн. Хүндрэлийг хамгийн богино хугацаанд даван туулахаар хөтөлбөр боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулахаар ажиллаж байна.
Сангийн яам, н.Дэлгэржаргал:
-Зээл нь 40 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил. Жилийн хүү 0.15 хувь. Одоогоор 610.7 сая төгрөгийн хүү төлсөн. Үндсэн хүү төлөлт 2028 оноос эхэлнэ.
УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар:
-Зээлийн хүүнд нь Монгол Улс 610.7 сая төлчихсөн байхад дулааны цахилгаан станц нь ашиглалтад ороогүй байна. Сургууль цэцэрлэг барих мөнгө зөвхөн хүүнд явчихаж…
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-2025 онд ядуурал өмнөх 8 жилээсээ маш их байна. Худалдан авах чадвар эрс буурсан байна. Инфляци 8.6 хувь байгаа нь ихэнх тоо баримттай нийцэхгүй байна. Ямар аргачлалаар бодсон юм бэ. Таван тэрбум ам.долларын валютын нөөцтэй хэр нь яагаад төгрөгийн ханш унаад байна вэ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны эхний дөрвөн сард 10 сая тонн нүүрс зарснаас 1 сая тонныг биржээр худалдаалсан байна. Өнгөрсөн жил тус компани 10 сая тонн нүүрс зарснаас 9 саяыг нь биржээр зарсан. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өнгөрсөн жил 2.1 их наядын ашигтай гарч байсан. Өнөөдөр мөнгө байхгүй, нүүрсээр л бид амьдарч байгаа. Экспорт өссөн гээд байгаа Оюутолгойн 500 сая ам.доллар манайхаар дамжихгүй, зүгээр тоо. Манай бодитой экспорт бол нүүрс, алт. Ийм байхад гоё төслүүдээ яаж явуулах вэ?
Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж:
-2026 оны хөгжлийн төлөвлөгөөтэй хамт орж ирж байгаа нэг баримт бол Төсвийн хүрээний мэдэгдэл. Ирэх жилийн төсвийн орлого болон зарлагыг энэ жилийн нэгдсэн төсвийн тоотой ойролцоо байдлаар оруулж ирсэн. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх төслийг УИХ-аас хэрэгжүүл гээд үүрэг даалгавар өгсөн учраас орон зай гаргах шаардлагатай. Зарлагын том реформын шинжтэй хэмнэлт хийхээр ажиллаж байна. УИХ -аас байгуулагдсан ажлын хэсэг, Засгийн газар дээр мөн зөвлөл ажиллаж байна. Энэ баасан гаригт Засгийн газрын хуралдаанд зардлыг бууруулах, бүтээмжийг сайжруулах төлөвлөгөө оруулна. Ирэх жилийн төсвийнхөө суурийг энэ жил хэмнэлт хийж явснаар эхлүүлнэ.
Нийт зарлагын бүтцийн 74 хувь нь урсгал зардал байдаг. Цалин, тэтгэвэр дийлэнх зардал болчихоод байгаа.
Том зардлууд дээрээ орж ажиллахаас аргагүй болсон. Хоёр чиглэлээр ажиллана. Нэгдэх нь төрийн чиг үүрэг гэдэг юу юм бэ, зарим ачаануудаа хувийн хэвшил рүү шилжүүлэх ямар боломж байна вэ гэдгийг ажлын хэсэг судална. Төрийн чиг үүрэгт хамаарахгүй ажлын орон тоог хэмнэх замаар зардлыг хэмнэнэ.
Төсөвтэй холботойгоор 208 хуулийн 1028 заалтаар төсвийн харилцааг зохицуулж байгаа.
Төрийн албан хаагчийн цалин, хөлс нийгмийн баталгааны тухай асуудлыг нэг хуулиар зохицуулж, орлогын ялгаатай байдлыг өөрчлөх, энэ хүрээнд томоохон арга хэмжээ хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Энэ хүрээнд урсгал зардлыг 15 хувиар бууруулна. Нөгөө талдаа бүтээмжийг муутгахгүй байх талаас ажиллахаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.
Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр:
-8.6 хувийн инфляци бол улсын хэмжээнд гарсан дүн. Улаанбаатар хотод инфляци 10.1 хувьтай байгаа. Үндэсний статистикийн хороо гаргаж, манай яаманд ирүүлсэн.
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор дуудлага худалдаа амжилтгүй явж байна гэж харж байгаа. Дуудлага худалдаанаасухрах асуудал байхгүй. Гол нь ам нөхцөлөөр худалдвал ямар вэ. Ийм асуудал байгаа. Цаашдаа дотоодод бий болж байгаа үйлдвэрийг эрдэс баялгаар хэрхэн хангах вэ гэдэг шинэ бодлого гарах юм билээ.
11 : 15
2025-5-15
Б.Пүрэвдорж: Хамгийн том хулгайг “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр хийж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн нэгдэх хэлэлцүүлгийг хийж байгаа бөгөөд эл асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлж, мөн асуулт тавин хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Хамгийн том хулгай “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр явж байна. “Админерал”, “Энержи ресурс” компаниуд уурхай дотроо баяжуулах үйлдвэр барьж байхад “Эрдэнэс Тавантолгой” ХК 14 км-ийн цаана 30 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр барьсан гэж байгаа ч ойрлцоогоор 10 сая тонн нүүрс л баяжуулах хүчин чадалтай үйлдвэр барьсан. Тэрхүү үйлдвэрээ 1 их наяд төгрөгөөр барьсан. Одоо дарга нар нь дахиад тендер зарлана аа, тийшээ конвер явуулна, түүнээсээ мөнгө хусна гээд байж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 7 их наядын төсөвтэй. Тэнд гол юмыг нь Худалдан авах ажиллагааны дарга нь мэддэг гэж байгаа. Тэр нь жинхэнэ хулгайч.
Энд суугаа УИХ ын гишүүн, сайд нар бол түүний дэргэд сураггүй. Г.Лувсанжамцаа чамайг очиход тэр нөхөр гөлөөг ч гэж тоохгүй. Тийм дампуурчихсан газар бий болчихсон. Түүнийгээ цэгцлээгүй байж төсөв яриад бүтээн байгуулалт Монгол орон даяар хийнэ гэж яриад нэмэргүй.
Дунд шатанд хулгай зэлгий хэрээс хэтэрсэн, хөдлөх болгонд мөнгө болсон. Энэн дээр УИХ, Засгийн газар манлайллаа үзүүл л дээ. Авлигатай тэмцээд байна л гэх юм.
Шахалтгүйгээр иргэд өчигдрөөс жагсаж байна гэдэг нь татвар өндөр бизнес явахгүй, бүх шатанд авилга хээл хахууль болсонд ялангуяа бизнесмэнүүд дургүйцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа:
-Төрийн албыг есөн хувиар цомхотгоход хэчнээн хүнийг чөлөөлөх вэ. Тодорхой тоо байна уу?
Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр:
-Захиргааны албан хаагчдыг 10 хувь бууруулахад 2153 хүнийг, тусгай албыг 25 хувиар бууруулахад 12270 хүнийг, үйлчилгээний албыг 9 хувиар бууруулахад 3658 хүнийг, улс төрийн албыг 9 хувиар бууруулахад 340 хүнийг тус бүр төрийн албанаас чөлөөлнө.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
-Монголд баялгийн болон орлогын тэгш бус хуваариллат үүссэн. Төсөв өсөөд байдаг, талхны үнэ өсөөд байдаг ч ард иргэдийн орлого цалин өсдөггүй. ДНБ ийг харахад өсөж байна, өнөөдөр нэг хүнд оногдох ДНБ 6800 ам.доллар, ирэх жил 8000 ам.долларт хүргэх зорилт тавьсан. ДНБ- ийг боддог аргачлал байдаг. Хэрэглээ, хөрөнгө оруулалт, Засгийн газрын зарлага, цэвэр экспорт. Монголд ДНБ яаж өсөөд байна вэ гэвэл цэвэр экспорт өсөж байгаа. Оюутолгойн зэсийн олборлолттой хамаатай. Нөгөө талдаа улсын төсөв өсөж байгаа. Үүнийг яаж ард иргэдийн өрхийн орлогод буулгах вэ.
Хөрөнгийн зах зээлийг яаж хөгжүүлэх вэ.
Хөрөнгийн зах зээл гэдэг бол инновацлаг бүтээгдэхүүн гаргасан иргэдэд хөрөнгө дутагддаг. Санаагаа үнэлээд хөрөнгийн бирж дээр гараад хөрөнгө оруулалт татаад орлогоо нэмэгдүүлээд татвараа төлөөд явах эдийн засгийн бүтцийн л асуудал. Үүнийг яаж хөгжүүлэх вэ ирэх жил.
Төлбөрийн тэнцлийн хямрал Монгол Улсад ирчихээд байна. Энэнээс хамгийн түрүүнд гарах арга нь гадаадын хөрөнгө оруулалт татах.
Төмөр замын холболт явж байгаа ч 22 сарын дараа ашиглалтад орно. Гадаадын хөрөнгө оруулатыг татахын тулд ямар бодлого хэрэгжүүлэх вэ

Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр:
-Санал нэг байна, санхүүгийн зах зээл босож ирэхгүй болохор зөвхөн банкаар яваад байхаар энэ улс мөнгөө эргүүлж чадахгүй байна. Мөнгө 3-4 эргэж байж, өгөөж нь сайжирдаг. Хадгаламжаас өөр хэрэгэсэл байхгүй байгаа гэдэгтэй санал нэг байна.
Орлогын хуваарилалтыг Засгийн газар хийгээд байгаа юм байхгүй. Хэн хөдөлж чадсан нь түрүүлж юм аваад байна л гэдэг асуудал. Тэрнээс цаашхи урсгалыг нь яах вэ гэдэг дээр Хөрөнгийн биржийг босгож ирэх, дээр нь үйлдвэрлэл бий болгох. Үйлдвэрлэл бий болж байж, хүмүүс түүн рүү ордог. Тэгээд инновациин экосистемийг угсрах гэдэг ийм асуудал. Энэ болгоныг шийдэхийн тулд хамгийн түрүүнд хийх алхам бол эрчим хүч юм байна гэж үзээд Засгийн газар санал нэгдээд эрчим хүч рүү хөрөнгө оруулах.
Эдийн засаг өсөхөд нөлөөлөх гол юм бол гадаадын хөрөнгө оруулалт. Гадаадын хөрөнгө оруулалт бүх шатанд татарч байна. Хятад бол дөнгөж 4 тэрбум ам.долларын хөрнгө оруулалт эхний хэдэн саруудад авч байна.
Хэдэн зуун тэрбумаар хөрөнгө оруулалт татдаг улс ингэж орж ирнэ гэдэг бол хөрөнгө оруулалтын урсгал Трамп тарифтай холбоотойгоор алсарсч байна. Сүүлийн хэдэн жил алсарсан. Одоо юу руу явж байна вэ гэвэл ногоон эдийн засаг руу, Засгийн газрын оролцоотой төсөл рүү тодорхой том бүтээн байгуулалт руу хөрөнгө оруулагч нар хамгийн баталгаатай зүйл рүү хөрөнгө оруулж байна. Тэгэхээр Засгийн газар оролцоод явах төсөл түрүүлж санхүүжигдэнэ.
10 : 13
2025-5-15
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн нэгдэх хэлэлцүүлгийг хийнэ. Танилцуулгыг Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр хийж байна.
Тэрбээр Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ 2025 оны эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унаснаар нийт экспортын орлого өмнөх оны мөн үеэс 17 хувиар буураад байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2025 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 16 хувиар бага байна. Түүхий эдийн үнэ буурсны улмаас бий болсон энэ нөхцөл байдал 2025, 2026 он дамжин үргэлжлэх төлөвтэй байна.
Гэсэн хэдий ч хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах замаар УИХ-аас баталсан Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан том төслүүдийг оновчтой үе шаттайгаар хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалахаар ажиллаж байна гэлээ.
2026 онд нэн шаардлагатай салбарын реформ, тэргүүлэх ач холбогдолтой хөгжлийн 14 мега төслийг эрчимжүүлж, макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, бизнесийн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог багасгах замаар ядуурлыг бууруулж, эдийн засгийн эрх чөлөөний реформыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Төсвийн зардлын реформын хүрээнд төсвийн урсгал зардлыг бууруулж, ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байх, процессын дахин инженерчлэлийг хийж, төрийн үйлчилгээг хялбар, хүн төвтэй, бүтээмжтэй хандлагаар эрчимжүүлэх юм байна.
Төрийн албаны реформын хүрээнд төрийн албаны шинэчлэлийг хийж чиг үүргийн давхардлыг арилгаж, багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлж, төрийн байгууллагуудын чиг үүрэгт иж бүрэн шинжилгээ хийсний үндсэн дээр зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх замаар төрийн бүтээмжийг дээшлүүлж, төрийн худалдан авалтад хиймэл оюуныг ашиглан ил тод байдлыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформын хүрээнд төрийн өмчит компаниудын реформыг эрчимжүүлж, зардлыг 15 хувиар бууруулж, төрийн өмчит компаниудын бүтээмжийг 30 хувиар сайжруулж, төрийн өмчит компаниудын хөрөнгийн удирдлагыг сайжруулж, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн ашиглалтыг нэмэгдүүлж, үр ашиг, өгөөж, ашигт ажиллагааг сайжруулах боломжтой хэмээн тооцсон байна.
Геологи, хайгуул, болон ашиглалтын түвшнийг нэмэгдүүлэх, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар Үндэсний баялгийн санг арвижуулах цогц арга хэмжээ хэрэгжүүлж, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхээр ирэх оны хөгжлийн төлөвлөгөөний төсөлд тусгажээ.
Бүсчилсэн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд тусгасан төсөл дэх зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр хөдөө, орон нутгийн инженерийн дэд бүтцийн шийдэл бүхий орон сууцанд хамрагдсан өрхийг 5,683-т, орон нутгийн хөгжлийн индексийг 0.569-д хүргэнэ хэмээн тооцсон байна.
Хүний хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд ядуурал, тэгш бус байдлыг бууруулж, эрдэм боловсролтой, эрүүл монгол хүнийг хөгжүүлэхээр төлөвлөгөөний төсөлд тусгасан байна. Энэ чиглэлээр төсөл дэх зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр ажиллах хүчний оролцооны түвшин 63.0 хувьд, PISA олон улсын үнэлгээний эрэмбэ 52-т хүрч, ядуурлын түвшин 5 хувиар буурах боломжтой хэмээн Шадар сайд танилцууллаа.
Эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд “Хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцүүлэн бизнесийн орчны реформ ба чөлөөт эдийн засгийг цогцлоохоор төлөвлөсөн ба үүний үр дүнд эдийн засгийн өсөлт 6.0 хувь, инфляц 7.0 хувьтай, хүлээн авах жуулчдын тоог 1.6 сая болно хэмээн тооцоолжээ.
Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд хиймэл оюуныг төрийн бүх шатанд нэвтрүүлж, хүн төвтэй төрийн үйлчилгээг бий болгох юм байна. Энэ бодлогын хүрээний зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр Дэлхийн банкны засаглалын үзүүлэлт 103-т, авлигын индекс 112-т, шүүхийн индекс 57-д, шударга байдлын үнэлгээ 77-д хүрэх боломжтой хэмээн тооцжээ.
Бодлогын тэргүүлэх дөрвөн чиглэлийг амжилттай хэрэгжүүлснээр 2026 онд эдийн засгийн өсөлтийг 6.0 хувьд хадгалж, 1 хүнд ногдох ДНБ-ийг 8.090 ам.долларт хүрч, ядуурлын түвшин 5 хувиар буурна гэж тооцож байна.