Экспорт 4.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, импорт өсөв

0
нүүрс

Энэ он гарснаар Монгол Улс эдийн засгийн хувьд томоохон сорилтуудтай тулгараад байгаа. Дэлхийн худалдааны дайн, нүүрсний экспорт, валютын ханш зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр эдийн засгийн чадавх буурч, иргэдийн амьдралд нөлөөлөх болсон. Тэгвэл Монгол Улсын эдийн засаг 2025 оны эхний улиралд 2.4 хувиар өссөн дүнг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Тухайлбал, ДНБ 2025 оны эхний улиралд 19 их наяд төгрөг болж , өмнөх оны эхний улиралтай харьцуулахад 2.5 их наяд төгрөг буюу 15.2 хувиар өссөн байна. Уг өсөлтөд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 1.1 их наяд төгрөг буюу 18.6 хувь, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 1 их наяд төгрөгөөр буюу 15.1 хувиар өссөн нь голлон нөлөөлөв.

ДНБ-ИЙ ӨСӨЛТ, БУУРАЛТ

Гэсэн ч бараа үйлчилгээний цэвэр экспорт 2025 оны эхний улиралд 4.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. Тухайлбал, бараа үйлчилгээний экспорт /2015 оны зэрэгцүүлэх үнээр/ 3.5 их наяд төгрөг болж өмнөх оны эхний улиралтай харьцуулахад 773.7 тэрбум төгрөг буюу 18 хувиар буурсан бол бараа, үйлчилгээний импорт 7.7 их наяд төгрөг болж өмнөх оны эхний улиралтай харьцуулахад 219.3 тэрбум төгрөгөөр буюу 2.9 хувиар өсчээ.

БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭКСПОРТ, ИМПОРТЫН ХЭМЖЭЭ

Монгол Улсад хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын төслүүдтэй холбоотойгоор импортын хэмжээ цаашид ч өснө гэдгийг эдийн засагчид хэлсэн. Харин ойрын хугацаанд экспортын хэмжээ өмнөх жилүүдийн ашгийг давж чадахгүй гэх хүлээлттэй байна. Хэдий Монгол Улсын засгийн газраас тодорхой арга хэмжээ авч хоёр оронтой тоо руу ороод байсан инфляцын хувь хэмжээг барьж байгаа ч цаашид хэрхэх нь эргэлзээтэй. Ноолуурын ханш унаснаас шалтгаалан Монгол Улсын засгийн газраас ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэр бүрдүүлж вексель гаргана гэдгээ мэдэгдсэн. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 2025 оны ноолуур бэлтгэлийн эргэлтийн хөрөнгийн зээлд зориулан 230 тэрбум төгрөгийг 30 гаруй компани авч 1525 тонн ноолуур бэлтгээд байна.

Дотоодын боловсруулах үйлдвэрүүд энэ жил 3500 тонн самнасан ноолуур эскпортлож, 2,5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн борлуулан, салбарын нийт орлогыг 1,8 их наяд хүргэж борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж буй.

Харин нүүрсний экспортын тухайд Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа. Энэхүү гурван гэрээний нэг нь дээр дурдсан “Хил дамнасан төмөр зам хамтран барих хэлэлцээр”-ийг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн.

Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ, тээвэр логистикийн чадавхи, эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болно гэж үзэж байгаа бөгөөд энэхүү хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхэлснээр Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохирсон Монгол, Хятадын хилийн боомтууд болох Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдэж байгаа бөгөөд үр дүнд нь нүүрсний экспортын хэмжээ 83 сая тонн байгаагаас 165 сая тоннд хүрэх, жилийн экспортын орлого 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэх, Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 10,000 ам.долларт хүрэхэд чухал хувь нэмэр оруулах аж.

Мөн тээврийн зардал 2–2.5 дахин буурч, экспортын гарц 30 сая тонноор нэмэгдэж, тээврийн орлого 300 сая ам.доллароор өсөх тооцоо гараад байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *