Д.Сумъяабазарын кэйс давтагдах уу: Л.Оюун-Эрдэнэ өөрөө хүсвэл Д.Амарбаясгаланд Ерөнхий сайдын суудлаа өгч мэднэ

0
coveraa

МАН-ын Бага хурал маргааш болж, үүсээд буй улс төрийн нөхцөл байдлыг хэлэлцэнэ. Одоогоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох эсэх тодорхойгүй, харин хамтарсан Засгийн газрыг задлах уу гэдэг дээр тодорхой шийдэл гаргах чигтэй байгаа юм.

Тэгвэл, хөшигний ард яригдаж байгаа мэдээллээр, хэрэв Л.Оюун-Эрдэнэ өөрөө огцорвол албан тушаалаа өнөөгийн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өгөхөөр тохирсон гэгдлээ.

Хэрэв тэгвэл энэ Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргаас огцорч, Х.Нямбаатарт шилжүүлсэн кэйсийг давтах юм. “Ногоон автобус”-ны гэх хэрэг нийгмийн анхаарал татаж, өндрөө авах үед Д.Сумъяабазар Ерөнхий сайдтай уулзаад, өөрөө огцорно гэвэл Х.Нямбаатарт л ажлаа өгнө хэмээн тохирч байв. Ингэснээр Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын хороог ч даргалахаа больсон. Х.Нямбаатарт итгэл төгс албан тушаалаа шилжүүлээд, толгой мэхийн огцорсон байдаг.

Өнөөдөр нөхцөл байдал зарим талаар ойролцоо байна.

Л.Оюун-Эрдэнийн хувьд өөрөө огцрох бодолгүй байгаа. Ерөнхий сайдаар дөрвөн жил ажилласан улс төрийн үйл хэргээ 20 настай хүүгийнхээ асуудлаар шалтаглан орхихгүй гэсэн байр суурийг илэрхийлж буй.

Нөгөө талаас, хэрэв өөрөө л огцрохгүй бол түүнийг огцруулах эрх зүйн боломж хаагдмал. УИХ-ын гишүүдийн гарын үсэг цуглаж өгөхгүй байна.

Мөн МАН-ын дүрмээр, намын дарга нь Ерөнхий сайд болдог. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ боливол намын даргын суудлаа ч өгөх юм. Гэтэл намын даргын асуудлыг хэлэлцэх зохицуулалт ч ижил бөгөөд, мөн Л.Оюун-Эрдэнийн өөрийн хүсэл зориг бүгдийг шийдэх болоод буй.

Харин Ерөнхийлөгчийн зүгээс ажлаа өг, эсвэл хамтарсан Засгийн газрыг задал, дангаар засагла гэж шаардсан тухай яригдсаар.

Маргааш болох МАН-ын Бага хурлын гишүүдийн дийлэнхийг Д.Амарбаясгалангийн хүмүүс гэх бөгөөд, улс төрийн зөрчлийн гол хайнааг түүний шийдвэр хагалах дүр зураг үүсээд байгаа юм. Ямартай ч Д.Амарбаясгалан 126 гишүүнтэй анхны парламентын ажлыг явуулахын тулд хамтарсан Засгийн газрыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.

Л.Оюун-Эрдэнэ өөрөө огцордогтоо тулбал Д.Амарбаясгаланд л ажлаа өгнө гэсэн хувилбар зарим талаар үнэмшилтэй юм. Д.Амарбаясгалан хамтарсан Засгийн газрын үргэлжлүүлнэ. Л.Оюун-Эрдэнэ парламентад ажиллана. Мөн Ерөнхийлөгчийн хүсэл зориг ч Д.Амарбаясгалангийн үед хэрэгжих бололцоо бүрдэнэ.

Учир нь дээр дурдсанчлан, Ерөнхий сайд давхар намын даргаа авах ёстой. Иймд МАН-ын дарга Д.Амарбаясгалан болбол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх дүр дээр шийдвэрлэх нөлөө үзүүлнэ.

Харин ямар хүсэл зориг, яаж гэдэг л чухал. Үндсэн хуулийг өөрчлөхгүй гэдгээ нэгэнт мэдэгдсэн У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд сойх дүрээ, эсвэл ард нийтийн санал асуулга явуулах байдлаар ч юм уу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаа Д.Амарбаясгаланд даатгах магадлал бий юм.

Хэрэв Д.Амарбаясгалан Ерөнхий сайд болбол Ерөнхийлөгчийн сонгуульд С.Амарсайханыг дэмжих магадлал өндөр. С.Амарсайхан ч саналаа илэрхийлж яваа, гэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эсрэг байгаа гэх мэдээлэл бий.

Ямартай ч энэ хувилбарыг Л.Оюун-Эрдэнэ ч, Д.Амарбаясгалан ч үгүйсгэсээр байна. Хэн нэгэн албан ёсоор дуугараагүй байгаа энэ өдрүүдэд алив мессежийг зориудаар тарааж байх магадлал өндөр бий.

Эх сурвалж: Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *