Дизель түлшний үнэ буурч, эдийн засаг сэргэх нь

0

“Шунхлай” ХХК дизель түлшийг литр тутамд   210 төгрөгөөр бууруулжээ. Өнөөдөр тус компанийн шатахуун түгээх станцууд 3490 төгрөгөөр борлуулж байна. Энэ талаар тус компанийн мэдээлснээр дөрөвдүгээр сарын 28-аас эхлэн үнээ бууруулсан аж. Өмнө нь литр тутмын үнэ 3700 төгрөг байв.

Дизель түлшний гол хэрэглээ нь уул уурхайн салбарт бий. Тиймээс түлшний үнэ буурах нь уул уурхайн компаниудад томоохон дэмжлэг болно гэсэн үг.

Улмаар бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй, инфляци хөөрөгдөхгүй, өрхийн санхүүд дарамт үүсэхгүй зэрэг эдийн засагт эерэг дохио болж буй

Дизель түлшний үнэ буурсан нь онцгой албан татварыг тэглэсэнтэй холбоотой эсэх талаар Ашигт малтмалын газрын тосны газрын тосны газраас тодруулбал “дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурсантай холбоотой” гэх тайлбар өглөө.

Тус газрын албан эх сурвалж “Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ энэ оны гурав, дөрөвдүгээр сард өсөөгүй, аажим буурсан үзүүлэлттэй байна. Тиймээс Роснефть компани манай улсад нийлүүлэх газрын түүхий тосны үнэ буурсантай холбоотой болов уу. Ер нь шатахууны үнэ өсөх, буурах нь дэлхийн зах зээлд газрын тосны үнэ ямар байхаас шууд шалтгаална. Хэрэв газрын тосны үнэ буурвал уул уурхайн салбар төдийгүй эдийн засагт үр ашигтай. Үнэ өсөхгүй, инфляци хөөрөгдөхгүй” гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан  хэлсэн үгэндээ “Шатахуунаас хамааралтай үнийн өсөлт бага байх, тодорхой хугацаанд үнэ бууруулах арга хэмжээ авна. Дизель түлшний үнийг хаврын үнэ болох 3400 орчимд хүргэхээр шийдвэрлээ” гэж өнгөрсөн оны долдугаар сард

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр онцолсон юм. Өөрөөр хэлбэл, дизель түлшний үнэ жил гаруйн өмнө нь өдийд 3400 төгрөг байсан бол дэлхийн зах зээлд газрын тосны үнэ огцом өссөнөөр манайд 44 хувь хүртэл өсөх шалтгаан болсон.

Засгийн газар үнийн өсөлтийг бууруулах зорилготой Дизелийн түлшний онцгой татвар тэглэх тогтоол өнгөрсөн онд гаргасан. Уг  тогтоолыг үргэлжлүүлэн энэ оны долдугаар сарын 1 хүртэл сунгаад буй. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Дугаар 496 тогтоолоор Засгийн газрын 2022-04-20-ны өдрийн 161 тогтоолын 2 дахь заалтын 1 дэх дэд заалт “Дизелийн түлшний Онцгой албан татварын хувь хэмжээг “0” хувь хэмжээгээр тогтоосон тогтоолын хугацааг 2023 оны долдугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгах шийдвэр гаргасан байдаг. Мөн Уул уурхай хүнд үйлдвэрийн яам ОХУ-ын Роснефть нээлттэй хувьцаат нийгэмлэг компанитай хэлэлцээ хийж, 2023 оноос дизель түлшийг олон улсын зах зээлийн үнээс 10 хувиар хямд авах, АИ-92 автобензиний тонн тутмын үнийг 815 ам.доллараар 5 жилийн хугацаанд тогтворжуулахаар тохиролцсон билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *