“Гэр бүлийн, амьдралд хөл тавьж буй хүүхдийн асуудлыг улс төртэй хольж, хэт туйлширч болохгүй”

0
амарсайхан

Шадар сайд С.Амарсайхан сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Энэ цаг үед бид хариуцлагатай, нэгдмэл байх нь хамгийн чухал. Улс төрийн өндөр албан тушаал нь хэн нэгний бодол, хүсэл мөрөөдөл, амбийцаар шийдэгдэхгүй.

Би төрийн албанд ямар ч цаг үед тууштай байж, бодит үр дүн гаргахаар ажиллаж яваа. Бид асуудалд зөв хандах ёстой. Үндэслэлгүй, эх сурвалжгүй яриа  хөөрөөнд автаж болохгүй. Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой бөгөөд тууштай явах ёстой.

Гадаад, дотоод нөхцөл байдал, хүчин зүйлс байна. Ултай суурьтай шийдвэр гаргах ёстой. Засгийн газар хуулийн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Бид улс төржих, хийрхэх, аливаа зүйлийг гөрдөх, өөгшүүлэхээс илүүтэй иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, улс орны эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, нийгмийн төрд итгэх итгэлийг сэргээх нь хамгийн чухал байна.

Асуудлыг хуулийн хүрээнд шийдэх ёстой. Энд хэн нэгэн асууснаар, хариулснаар байдал дээрдэхгүй.                  

МАН-ын Бага хурал бол Их хурлын чөлөөт цагт шийдвэр гаргадаг, хамгийн том бүтэц. Бид хуралдаад хамтарсан Засгийн газрын бусад нам амлалтаа хэрэгжүүлж байна уу гэдэгт үнэлэлт дүгнэлт өгсөн. Түүнээс аль нэг намыг үгүйсгэж, ямар нэг улс төрийн хүчнийг хөөж туугаагүй. Цаашид хамтарсан ч, хамтраагүй ч Засгийн газар төрийн институтын хувьд ажиллах ёстой.

Ерөнхий сайд хувь хүний хувьд, Засгийн газрын тэргүүний хувьд байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Орлогоо нотлуулна гэдгээ хэлсэн. Бид байр сууринд нь хүндэтгэлтэй хандах ёстой. Гэр бүлийн, амьдралд хөл тавьж буй хүүхдийн асуудлыг улс төртэй хольж, хэт туйлширч болохгүй. 

-Орлогоо нотлоход яагаад ингэж удаж байна. 14 хонолоо? 
-Хуулийн байгууллага хянана, шалгана. Нэг өдөр шийдэхгүй, нэг хүн хийхгүй. Улс төрчид бүгд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг. АТГ-т бид өнөөдөр маргааш дуусга гэх боломжгүй. Засгийн газар огцрох, эсэхийг төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ хэлэлцээд шийднэ. Одоогоор Засгийн газар огцрох тухай асуудал огт байхгүй. Ойлгомжгүй байдал цаашид удаан үргэлжлэхгүй, өнөө маргаашдаа илүү тодорхой болно.                    

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйл
Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн хугацаа
/Энэ зүйлийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь Үндсэн хуулийн Дөчдүгээр зүйлд заасан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаатай адил байх бөгөөд Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно.

2.Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолыг баталсан тохиолдолд Ерөнхий сайд огцорно.

3.Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

4.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөгдсөн, огцорсон, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ерөнхий сайд чөлөөлөгдсөн, огцорсон, нас нөгчсөн тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно.

5.Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд Ерөнхий сайд түүнийг энэ хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан журмын дагуу 14 хоногийн дотор нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.

6.Ерөнхий сайдын бүрэн эрх биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсны улмаас чөлөөлөгдсөн, нас нөгчсөн үндэслэлээр хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд Ерөнхий сайдыг шинээр томилох хүртэл түүний үүргийг Шадар сайд гүйцэтгэнэ.

7.Засгийн газрын орон гарсан гишүүнийг нөхөн томилох хүртэл Ерөнхий сайд Засгийн газрын нэг гишүүнд түүний үүргийг хуваарилан хариуцуулж болно.

8.Бүрэлдэхүүнээрээ огцорсон Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүнийг дахин томилж болно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *