Д.Батбаяр: Тэнд МАН-ын бага хурал хуралдахад энд манай намын даргын асуудал яригддаг байж болохгүй

Улсын Их хурлын гишүүн Далайн Батбаяртай ярилцлаа.
——————————————————————————
-Энэ долоо хоногт УИХ-ын чуулган ажлын тав хоногт хуралдахаар болсон. Ямар асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн юм бэ. Ерөнхий сайд ирж, Засгийн газартай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ гэсэн үү?
-Бид чинь зургадугаар сарын 1-ний өдрөөс өмнө ирэх оны Хөгжлийн хөтөлбөрөө баталж авах ёстой. Харин өнгөрсөн долоо хоногт өрнөсөн улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор чуулган гүйцэд хуралдаагүй. Тийм ч учраас өнөөдөр/өчигдөр/ чуулганы хуралдаан сунаж хуралдаж байна. Энэ долоо хоногийн турш хуралдана. Хөгжлийн хөтөлбөр дээр тусгагдсан заалт бүр дээр Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гараад бүгдийг нь шинжлээд хасах зүйлийг нь хасаад явсан. Миний хувьд тухайн ажлын хэсэгт орж ажилласан. Ингэхдээ төсөвт тусгагдаагүй, хэт их төсөвтэй, хөгжлийн гэхээсээ илүү хүслийн жагсаалт гэж болохоор ийм зүйлүүдийг нь хассан. Үүний дараагаар Эдийн засгийн байнгын хороогоор дэмжигдсэн. Тийм болохоор өнөөдөр /өчигдөр/ чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэж байна. Хөгжлийн хөтөлбөрийг баталсны дараагаар Сангийн болон бусад яам ажиллаад ирэх аравдугаар сард эрүүл төсөв орж ирэх учиртай. Тийм болохоор энэ маш чухал. Хоёрдугаарт, яг өнөөдрийн улс төртэй холбоотой асуудлаар яригдсан зүйл алга байна.
Ерөнхий сайдыг мэдэгдэл, мэдээлэл хийх болов уу гэсэн хүлээлттэй байна.
-Засгийн газартай холбоотой асуудал одоо ид яригдаж байна. Уг нь Засгийн газар огцрох үгүйг парламент нь шийдэх ёстой. Тийм ч хуультай. Гэтэл МАН-ын бага хурлаар огцруулах шийдвэр гаргалаа гэдэг зүйлийг цахим орчинд явуулж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ бол яг зарчмын асуудал байхгүй юу. Таны хувьд яг зөв зүйлийг асууж байна. Энэ асуудал ер нь анх юунаас эхэлсэн бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Орлогоо нотол л гэсэн шүү дээ.
Яагаад бид хөрөнгө орлогын мэдүүлэг гэдэг зүйлийг санаачилж, бөглөдөг болсон юм. Иймэрхүү хууль бус орлогоос л сэргийлэх гэж үүнийг гаргаж ирсэн. Тийм ч болохоор иргэд маань яг зөв асуудал хөндсөн, зарчмаа барьсан жагсаалыг зохион байгуулсан гэж би бодож байгаа. Ер нь бид улсаа хөгжүүлье л гэж байгаа бол хуулиа дагадаг байх ёстой. Хамгийн түрүүнд хуулиа дагадаг байж л ажил явна. Энэ утгаараа л орлогоо нотлооч ээ гэсэн. Гэтэл энэ эргээд засгийн хэмжээнд босоод ирсэн. Ёстой нөгөө “Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг л зүйл болж байна. Засгийн газар, Ухаа худаг, 14 мега төсөлтэй холбоотой ямар нэгэн шаардлага жагсагчид тавиагүй. Орлогоо нотлоод цаашаа ажлаа үргэлжлүүлэн хийгээд явах бүрэн боломжтой байсан. Харамсалтай нь ийм л улс төр явлаа. Миний хувьд залгамж халаа гэж байх ёстой гэж боддог. Хэн ч Ерөнхий сайд болсон байсан саяны хамтарсан Засгийн үед яригдсан, төлөвлөгдсөн ажлууд хийгдээд явах ёстой. Ингэнэ гэсэн зүйлийг ярьсан Засгийн газрыг би дэмжинэ гэсэн бодолтой байгаа. Хоёрдугаарт, шийдвэр хаана гардаг вэ гэдэг маш чухал. Энэ Засгийн газрыг ажлуулах уу, үгүй юу гэдгийг УИХ шийднэ. Дээрээс нь одоог хүртэл яг ийм шийдвэр гараагүй байна. Хамтарсан Засгийн газар нь ажлаа хийгээд явж байна. Мэдээж олонх болсон намын Улс төрийн зөвлөл юм уу, Бага хурал нь тодорхой хэмжээний шийдвэр гаргах байх. Энэ шийдвэр нь УИХ дээр орж ирээд өөрчлөгдөж болно. Засгийн газрын тэргүүн нь одоогоор өргөдөл өгсөн, шийдвэр гаргасан юм алга. Улсын Их хурал бол Монгол Улсын төр барих дээд байгууллага. Энэ байгууллагын шийдвэрээр л асуудал шийдэгдэх ёстой.
-Ардчилсан намын дотоод уур амьсгал яг ямар байна вэ. Сүүлийн өдрүүдэд АН-аас засагт ажиллаж байгаа сайд нар хурал, уулзалтуудаа цуцалсан, ажлаа хийхгүй байгаа гэсэн яриа яваад байх юм. Дараагийн намын дарга хэн байх вэ гээд байна шүү дээ?
-Манай улсад Австри улсын ерөнхийлөгч төрийн айлчлал хийж байна. Өнөөдөр/өчигдөр/ холбогдох уулзалтууд болж байгаа. Үүн дээр нь манай Ардчилсан намаас томилогдсон сайд нар маань оролцоод албан үүргээ гүйцэтгээд явж байна. Чуулганы хуралдаан дээр ч оролцож, гишүүдийн асуултад хариултаа өгч байна. Нэг ёсондоо ажил явдгаараа явж байгаа гэсэн үг. Ер нь хамтарсан засагт Ардчилсан нам яагаад орсон бэ гэхээр 10, 20 жилийн турш гацсан мега төслүүдийг явуулъя. Улс орны эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой ажлуудыг эхлүүлье л гэсэн. Үүнийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг, нам, намын Үндэсний бодлогын хороо дэмжсэн. Энэ зарчмынхаа дагуу л асуудалд хандаж явсан. Одоо ч тийм л байгаа гэдгийг хэлье. Намын даргын хувьд гэвэл “Москва найтаахад Монгол ханиад хүрнэ” гэдэг зүйл болчихов уу даа гэж л бодсон. Тэнд МАН-ын Бага хурал хуралдаж байхад энд манай намын даргын асуудал яригдаж байдаг байж болохгүй. Намын дарга маань гарч ирээд ажлаа өгнө гэсэн нь жаахан эртэдлээ гэж бодсон. Үүнийг Улс төрийн зөвлөл, Үндэсний бодлогын хороо, бүлэг дээрээ ярих ёстой байсан.
-Ер нь Л.Гантөмөр дарга ажлаа өгнө гээд өргөдлөө өгчихсөн байгаа юу?
-Тийм юм байхгүй. Бид намынхаа дүрмээр л явна. Ямар журмаар намынхаа даргыг сонгодог юм, түүгээрээ л хийнэ. Дээрээс нь намын дүрмийн шинэчлэл гээд одоо ид явж байна. Энэ ажлаа дуусгана. Авсан шигээ нэр, төртэйгөөр дүрмийнх нь дагуу ажлаа өгнө гэсэн байр суурьтай байгаа юм билээ.
-Одоогийн байдлаар юу ч тодорхой болоогүй байгаа ч хэрэв танай нам Засгаас гарвал цаашдаа ямар байр суурьтайгаар ажиллаж, улс төрд оролцох юм бэ. Нийгэмд явуулаад байгаа шиг сөрөг хүчин байхын тулд л сөрөг хүчин байх юм уу?
-УИХ дээр орж ирж байгаа ямар ч асуудалд Ардчилсан намын бүлэг бодитой, зарчмын, бодлогын байр сууринаас хандана гэсэн зүйл яригдаж байгаа. Бүх зүйл дээр эсэргүүцээд байдаг байж болохгүй. Миний хувьд ч ийм байр суурьтай байгаа.
-Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орсноос хойш олон хүн төрийн албанд ажилд орсон. Танай намын угшилтай бүтээмжийн, хяналтын менежерүүд томилогдсон. Гэтэл Засгаас гарвал эдгээр хүмүүсийг ажлаас нь хална гэсэн зүйл яригдаад байна. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Бидний бүтээх гээд байгаа нийгэм маань хуулиар засагладаг нийгмийг л бий болгох гээд буй юм. Аливаа шийдвэр хуулийн хүрээнд гардаг. Түүнийг нь хэлбэрлэлтгүй дагаж мөрддөг. Хувь хүнээс биш, хуулиас хамаардаг засаг төртэй байх тухай л бид яриад байгаа юм. Энэ утгаараа гарч байгаа бүх шийдвэр хуулийн дагуу байх ёстой. Ер нь хамтарсан засаг байгуулагдлаа гээд бүгдийг нь ажилд томилоод байсан ч зүйл үгүй. Мэдээж хэд гурван хүн ажилд орсон зүйл бий. Дээрээс нь ажилд томилсон, халсан бүх шийдвэрүүд хуулийн дагуу байх ёстой. Тийм байгаа ч гэж итгэж байна. Хуулийн дагуу байгаа шийдвэрийг нам ямар нэгэн байдлаар улстөржүүлж ярихгүй.
Эх сурвалж: “Өдрийн сонин”