А.Отгонбаатарын жагсаалын TIMELINE

Төв талбайд жагсаал зохион байгуулсан тоогоороо “Үнэн ба Зөв” намын дарга А.Отгонбаатар тэргүүлэх нь лав биз ээ. Сонгуульд нэр дэвшихдээ жилийн 125 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байсан тэрбээр Төрийн ордныг тойрч гороолж мөргөж, Тавантолгойн ордын гадна шуурганд “хийсчих”-ийн наагуур мэдэгдэл хийж явсныг олон “лайв”-уудаас нь мэдэх юм. Харин сүүлийн жилүүдэд олон нийт органик жагсаалыг “хүсэмжлэх” басхүү ялгаж хардаг болсноор түүнийг “төлбөртэй” жагсдаг уу гэж хардах болсон. Тэгвэл А.Отгонбаатар өнгөрсөн хугацаанд улс төрийн томоохон үйл явцуудтай зэрэгцэн ямар жагсаалуудыг хийж байв гэдгийг харъя. Гол нь жагсаал бүртэй залган өрнөдөг улс төрийн үйл явц, үр дүнгээс нь магад тэнд хэний эрх ашиг гүйж явааг хөнгөхөн гэгч нь “уншиж” ч болох юм бил үү.
-У.ХҮРЭЛСҮХИЙГ Л.ОЮУН-ЭРДЭНЭЭР “СОЛЬСОН” ТААВЧИГТАЙ ЖАГСААЛ-

-2021.01.19 УИХ-ын гишүүн Ш.Адьшаа А.Отгонбаатарыг зөвлөхөөрөө ажиллуулахаар болсон
-2021.01.20 Таавчигтай жагсаалыг эхлүүлсэн
-2021.01.21 Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцорсон
-2021.01.22 А.Отгонбаатар зөвлөхийн ажлаасаа татгалзав
-2021.01.27 Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдсон
Таавчигтай жагсаал. 2021 оны дэн өвлөөр дөнгөж төрсөн нялх биетэй ээжид хэтэрхий хүндэтгэлгүй харьцсанд бухимдсан тэрбээр төв талбайд углааш, халаадтайгаар эсэргүүцлээ илэрхийлж гарч ирсэн. Энэ нь явсаар Ерөнхий сайдыг огцруулах хүртэл өндрийг авсан байдаг. Харин тэрбээр АН-ынхныг өөрийнх нь эхлүүлсэн жагсаалыг засаг унагаахад ашигласан гэж мэдэгдэж байв.
-“ШААРДЛАГА” НЬ ХАНГАГДАЖ, ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ РҮҮ АЛХСАН ЖАГСААЛ-

-2022.08.16 Үндсэн хуулийн өөрчлөлт хийхийг шаардаж Төв талбайд суулт зарлав
-2022.08.25 “Давхар дээл”-тэй холбоотой Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барив
2022 оны наймдугаар 15. Жагсаалаас нэг хоногийн өмнө ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан болж, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нарын гишүүдийн “давхар дээл”-тэй холбоотой гаргасан гомдлыг хэлэлцээд “Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд УИХ-ын гишүүн байж болно” гэсэн шинэчилсэн заалт нь хууль зөрчсөн гэж дүгнэв. Эл шийдвэр гарсны маргааш нь “Үнэн ба Зөв” намын дарга А.Отгонбаатар мэдээлэл хийж,ҮХЦ-ийн эл шийдвэртэй холбогдуулан суулт зарлаж, МАН-ыг шахаж ажиллана гэдгээ мэдэгдсэн юм. Сонирхолтой нь, энэ үйл явцаас 9 хоногийн дараа Н.Энхболд тэргүүтэй гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-д өргөн барив.
-Д.САРАНГЭРЭЛИЙГ “САРЫН САЙД” БОЛГОЖ, оронд Т.Аюурсайхан очсон жагсаал

-2022.09.27 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэлийг огцрохыг шаардаж, яамных нь гадна очиж жагсав
-2022.09.27 Ерөнхий сайдын захирамжаар ХНХ-ийн сайд Д.Сарангэрэлийг огцрууллаа
-2022.10.21 ХНХ-ын сайдаар Т.Аюурсайханыг томилов
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдоод 28 хонож байсан Д.Сарангэрэл иргэдээ ул, хөлөөр нь иргэдээ доромжилсон асуудалд орооцолдсон асуудлаар огцров. Тухайн үед “Д.Сарангэрэлийг огцортол жагсана” хэмээн А.Отгонбаатар тэргүүтэй жагсагчид очиж байв. Үр дүнд нь ул ярьсан сайд огцорч, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Т.Аюурсайхан томилогдож байсан.
-ЭХЛҮҮЛСЭН Ч “АЛДСАН” НҮҮРСНИЙ ЖАГСААЛ-

-2022.12.02 Нүүрсний жагсаалыг эхлүүлэв
-2022.12.13 АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдсон 17 хүний нэрийг зарлав
40 их наядын хулгай гэх нэршил дор удаан хугацаанд үргэлжилсэн жагсаал бол нүүрсний жагсаал. Энэ жагсаалын эхэнд А.Отгонбаатар төв талбайд нээлттэй утас ажиллуулж, лайв хийж “Жагсаалаа давж тонгоруулахгүй, дундаас нь зохион байгуулалтаа алдахгүй, улс төрийн зорилтот жагсаалыг бид хийж үр дүнд хүрнэ” гэж ярьж зогсов. Энэ үеэрээ тэрбээр нүүрсний хулгайн асуудлыг Засгийн газар дэлгэж ярьж байгаа учраас Засгийн газрыг огцруулах жагсаал биш гэж байсан юм. Үүнээс хойш жүжигчин У.Цогтоогоор “авторлогдож” Ерөнхий сайдыг урдаа гарган ирж, амлалт ч авсан байдаг. Удалгүй АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж буй 17 хүний нэрсийг нээлттэй зарлаж байв.
-Нүүрсний сонсголын үеэр МЭДЭЭЛЛИЙГ НЬ ТОЙМЛОНО ГЭВ-

-2023.12.04-07 Нүүрсний сонсгол эхлэв
-2023.12.05 Нүүрсний сонсголоор яригдсан зүйлүүдийг тоймолж лайв хийв
Нэг жил дуншсан нүүрсний сонсгол болж байсан цаг үе. Сонсголын үйл явцыг сарниулах зүйлс ажиглагдаж байгаа учраас мэдээллийг нь өгнө гэх “удиртгал”-тайгаар А.Отгонбаатар шууд дамжуулалт хийж байв. Шууд дамжуулалтын үеэр тэрбээр “Нүүрсний хулгайн сонсгол бол МАН АН-ын булай юм. Ганцхан нүүрсний хулгай ийм байхад Гучин жилийн луйвар бол бүр аймар байна. Сэдвийг сэдвээр дарах гээд байна. Манай иргэд энэ үед л ухаантай байгаарай гуйя. Авилга албан тушаалын шүүхтэй болох зөв” гэж байв.
-МОНГОЛОО АВАРЪЯ жагсаал-

-2024.02.01 “Монголоо аваръя” жагсаалыг хийж эхлэв
-2024.04.28 “Үнэн ба Зөв” нам ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгөв
-2024.06.28 “Үнэн ба Зөв” нам сонгуульд оролцов
Улс төрийн үйл явцын хувьд “хардаж” болох нэг өнцөг бол УИХ-ын сонгуулийн бэлтгэл. Ө.Отгонбаатар тэргүүтэй жагсагчид Төв талбайд ард иргэдээ соён гэгээрүүлэх зорилготой гэж “Монголоо аваръя” жагсаалыг эхлүүлсэн байдаг. Үүнээс 2-3 сарын дараагаар намуудын хувьд УИХ-ын сонгуулийн үйл явцууд өрнөсөн. Энэ удаад жагсагчдын “толгой” А.Отгонбаатарын нам ч дутсангүйгээр барав сонгуульд оролцсон.
-ЗАСГИЙН ГАЗРЫН СЭДЭВ УИХ РУУ “ХАЛЬТИРСАН” ЖАГСААЛ-

-2025.05.26 Төв талбайд “Хулгайчдын хугацааг дуусгая” жагсаалыг эхлүүлэв
Үргэлжилсээр…
Өнгөрөгч өдрүүдэд төв талбайд үндсэндээ хоёр чигтэй жагсаал төв талбайд үргэлжилж байв. Нэг талд Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг шаардах нөгөө талд БАЯЛГАА ТӨРД АВЪЯ гэх шаардлагыг тавьсан иргэд “тулсан”. Нэг ёсондоо энэ хоёр жагсаал хоёул Ерөнхий сайд, Засгийн газар руу чиглэсэн жагсаал. Хачирхалтай нь өчигдрөөс “Үнэн ба Зөв” намын дарга А.Отгонбаатар төв талбайд гараад ирэв. Харин энэ удаа түүний жагсаалын шаардлага нь УИХ руу чиглэсэн буюу 126 гишүүнтэй парламентыг тараах шаардлага юм.
Тэрбээр шууд дамжуулалтын үеэр “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулбал MCS-ийн хулгайч, баялгийн эздийн Засгийн газар гарч ирнэ. Энэ Засгийн газар гараад ирвэл цагдаа, тагнуул бүгд тэдний харъяанд орно. Ингээд хууль хүчний байгууллагаар хулгай хийх эх үндсээ хамгаалуулах гээд байна. Нэг ёсондоо хулгайгаа хуульчилна гэсэн үг. Харин одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгаа дээр бид хөдлөх ёстой” гэв.
Эх сурвалж: Ubn.mn