Ц.Идэрбат: Баг бүрдүүлнэ гэж эмнэлгийг самардагаа болих хэрэгтэй

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.27/ хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо.
Эрүүл мэндийн сайдын хийсэн мэдээллээр Монгол Улсын хэмжээнд зүрх судас, хорт хавдар, чихрийн шижин болон амьсгалын замын архаг өвчнөөс нас барах магадал 35 хувь, дотоод болон гадаад орчны агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралт 100 мянган хүнд ногдох төвшин 214.7, зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралтын 10 мянган хүнд ногдох шалтгаан 21 байгаа нь 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд оноо буурч байгаа нь сайжруулах шаардлагатай чиг хандлага бүхий үзүүлэлт болж буй аж.
Засгийн газраас Эрт илрүүлэг урьдчилсан үзлэгийг 2022 оны тавдугаар сарын 21-нээс эхлэн улс орон даяар зохион байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 1.6 сая хүн хамрагдсан нь нийт хүн амын 49.5 хувийг эзэлжээ.
Эрт илрүүлгийн дүнгээр 1.5 сая хүнд ямар нэг өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 54.4 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 15.3 хувь нь дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны өвчин, 9.8 хувь шээс, бэлгийн замын тогтолцооны өвчин, 7.4 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 3.2 хувь нь амьсгалын замын тогтолцооны өвчлөл бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж байна. Мөн 0-17 насныхан дунд шүд цооролт 78 хувийг эзэлжээ.
Мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт тавьж, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
-Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шинэ дарга оччихсон дарга цэргийг нь хөдөлгөнө гээд бөөн хар хэрүүл байгаа юм билээ. Нэг дарга очсон бол урдах ажлаа л хийнэ биз, тэр олон эмч нарыг бужигнуулж нааш цааш болгох ямар хэрэгтэй юм бэ. Нэг дарга очихдоо нэлээд хэдэн хүн дагуулж очно гэсэн Монгол Улсын хууль байдаг юм уу.
Байгаа хүмүүстэй нь хамтарч ажиллаж чадахгүй бол өөрөө явах хэрэгтэй шүү дээ.
Сэтгэцийн эрүүл мэндийн төвд очиход бас ийм асуудал ярьсан. Нэг дарга биш Монгол Улсын хүүхдийн амь нас яригдаж байгаа ш дээ. Манай Монголд баг бүрдүүлнэ гэж хавийн юмыг самардаг хөгийн юмаа болих хэрэгтэй. Дарга болсон хүнд таалагдвал ажил явдаг, таалагдахгүй бол чөлөөлөгддөг байдлаа болих хэрэгтэй.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:
-Идэрээ гишүүн хэллээ үнэний ортой. Надад бас санал гомдол ирээд байгаа. Эрүүл мэндийн байгууллагыг өөрийг нь эрүүл байлгах хэрэгтэй байгаа.
Төрөх эмнэлэгт тэтгэвэртээ гарсан цагдаагийн баахан хурандаа томилоод гүйцэтгэх ажиллагаа хийгээд жилийн дотор 100 гаруй хүнийг нь хөөгөөд явуулсан тохиолдол ч гарч байсан.
Энэ асуудалд сайд анхаараарай. Нийслэлийн эрүүл мэндийн газар гээд бужигнуулдаг нөхөд байдаг юм билээ. Сэтгэцийн эрүүл мэндийн газар, Чингэлтэй дүүргийн эмнэлэгт очиход дарга нар нь УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгөх шаардлагагүй гэдэг хандлагаар хандаж байсан. Ингэж болохгүй шүү дээ.
УИХ-ын гишүүн С.Зулпхар:
Эрт илрүүлэг 2:0 аян энэ жил өрнүүлнэ. Яаж зохион байгуулах вэ санхүүжилтийг нь хэрхэн хийх вэ?

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
-Эрт илрүүлэг 2:00 аяныг аль боолох бага зардлаар их өвчлөлийг илрүүлдэг, олон улсад хийгддэг урьдчилсан үзлэг рүү чиглүүлнэ. Ирээдүй болсон хүүхэд ,залуучуудаа эрүүл байлгаж байж, Монгол Улс эрүүл үндэстэн болно гэдэг зорилго руу чиглүүлж байна. Тийм учраас нярайн эрт илрүүлэг, сургуульд суурилсан эрт илрүүлэг, байгууллагад суурилсан эрт илрүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байна.