Л.Оюун-Эрдэнийн хариултын цаадах улс төр…

Урьд шөнө Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв.
Холимог тогтолцоогоор сонгогдсон Монголын анхны 126 гишүүнтэй парламентаар ийн байгуулагдаад 11 сарын нүүрийг үзэж буй Засгийн газрыг үргэлжлүүлэх үү, шинээр эмхэтгэн байгуулах уу гэдэг сорилтын өмнө ирж, хэлэлцэн шийдвэрээ гаргалаа.
Ингэхдээ УИХ-ын 126 гишүүнээс 118 нь ирцээ бүртгүүлж, АН-ын 39 гишүүн Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх асуудалд саналаа өгөхгүй хэмээн бүлгээр шийдвэрлэн танхимыг орхисон бөгөөд санал хураалтад 82 гишүүн оролцсоны 44 нь түүнд итгэл хүлээлгэхийг дэмжсэн ч ийн олонхийн дэмжлэгийг аваагүй тул түүнийг огцорсонд тооцов.
Л.Оюун-Эрдэнэ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүдийн асуултад илтэд дулимаг хариулж, яг энэ хариултаараа парламентад суусан нь түүнтэй холбогдон яригддаг улс төрийн ямар нюансууд өнөөдөр өөрийг нь огцруулах хэмжээнд тулсныг ярих зүрхгүй байгаа нь анзаарагдсан юм. Тэр нэр ч бүтэн хэлэхээс цааргалав.
Ерөөсөө л байнгын хорооноосоо эхлээд ярих хэлэх асуудлынхаа захаас цухас цухас дурдсаар, чуулганы хуралдаан дээр ч учир битүүлэг хариултууд хэлээд суусан нь парламентийн танхимд ойлгомжгүй нөхцөл ч үүсгэчихэв. Гэсэн ч тэр өөрийнх нь хүссэн хамтрал болох Хамтарсан Засгийн газрыг эцсээ хүртэл хамгаалж, өөрийг нь цааш үлдээх явуулахыг парламентаар хэлэлцүүлж чадлаа. Энэ үйлдэл нь жишиг болж үлдэх биз ээ.
Л.Оюун-Эрдэнэ үгээ шулуутгасангүй
Парламентийн танхимд гишүүдийн олонх нь энэ бүхний цаана буюу, хөшигний ард ямар улс төр өрнөөд байгааг хэдэнтээ асуусны хариуд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн дэмжлэггүй болж, хил холболтын бүтээн байгуулалтаас MCS-ийг сугалчихсан, итгэлт ойрын хүн нь өөрөөс нь урвасан зэргээр өөрт тулгарсан олон асуудлыг товчхон дурдаад өнгөрсөн. Өөрөөр хэлбэл Засгийн газрын тэргүүнээсээ буух эсэх асуудал харагдаж байгаачлан парламентийн танхимд өрнөөд байгаа хэрэг биш талбай дээрээс түүнийг огцрохыг шаардах жагсаал, Төрийн ордноос харин түүнийг орлох дараагийн Ерөнхий сайдынх нь шум сонсогдож, өөрийгөө гэнэтхэн энэ улс төрийн ээлжит нэг халаа, сэлгээ болох юм гэж тооцоолоогүйгээ ч тойруугаар хэлсэн юм.
Энэ бол ердөө ил харагдаж байгаа улс төрийн өчүүхэн хэсэг нь гэдэг санаагаа тэр бүрэн дүүрэн ч илэрхийлж чадсангүй. Өөрөөр хэлбэл, яагаад түүнд үргэлжлүүлэн итгэл хүлээлгэх ёстой талаар тэр танхимынхандаа ч, парламентад ч өөрийгөө ойлгуулж чадсангүй.
Гэсэн ч тэр энэ хүртэл өөрийн үгийг шулуутгаж чадаагүй нь парламентийн гишүүдэд эргэлзээ үүсгэчихсэн бөгөөд зарим нь хаалттай горимоор энэ асуудлаа илэн далангүй ярих санал ч гаргасан.
Харин цухас дурдсан агуулгын зах зухаас нь танхимын гишүүд хөвөрдөж суух мөчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танхимд орж ирсэн нь нэг талдаа Л.Оюун-Эрдэнийг даган өнөөдрийг хүртэл яригдсан олон яриаг бүрнээ батлав.
Л.Оюун-Эрдэнэ 7 хоногийн өмнө өөрөө огцрох хүсэлтээ өгье гэснийг…
ХҮН нам улс төрийн ёс зүй гаргаж хамтарсан Засгийн газрыг эцсээ хүртэл хамгаалав. Энэ байр сууринаасаа ч эргэлзэж, эргэсэнгүй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох, огцрохгүйн босгон дээр ирсний араас АН хамтарсан Засгийн газраас гаргах эсэх асуудлыг Бага хурлаас сугалан гаргаж, томруулсанд гомдол тээсэн АН нам эцэст нь санал өгөхгүй гэдэг байр суурь дээр тогтсон ч бүлэг дотроо энэ санал 100 хувь дэмжигдээгүй буюу намын дарга Л.Гантөмөр бүлгийнхнээсээ өөр байр суурь илэрхийлжээ.
Харин ХҮН намын дарга Т.Доржханд Л.Оюун-Эрдэнийг парламентад асуугдаж суухыг харж тэсэлгүй хэвлэлийнхэнд “Яг үнэнийг хэлэхэд Л.Оюун-Эрдэнэ 7 хоногийн өмнө өөрөө огцрох өргөдлөө өгчихье гэж ярихад нь дараагийн Засгийн газарт ч ийм дарамт ирнэ. Юунаас болоод огцрохдоо хүрэв гэдэг цаад улс төрийн үнэнийг иргэддээ зоригтойгоор хэл” хэмээн зоригжуулснаа ч хэлчихсэн.
Өөрөөр хэлбэл долоо хоногийн өмнө буюу Бага хурлын дараагаас Л.Оюун-Эрдэнэ ийн эргэлзэх болсон нь илт. Хамтарсан Засгийн газраа авч үлдэх дээр эцсээ хүртэл зогсоно хэмээн мэдэгдэж байсан АН эцсийн мөчид сөрөг хүчний үүргээ сахиж үлдэхийг хүссэн үү, дараагийн Засгийн газарт суудал горилохыг хүссэн үү парламентийн танхим дахь суудлаараа Л.Оюун-Эрдэнийг бойкотлов. Үүний өмнөхөн АН-ын дарга Л.Гантөмөр ерөнхийлөгчийн өрөөгөөр ороод гарсныхаа дараахан дараагийн Засгийн газарт ч хамтрахгүй хэмээн гэдийчихсэн явсан.
Өчигдөр хамтарсан Засгийн газрыг огцруулах, Л.Оюун-Эрдэнийг явуулах тухай асуудал мэт наанаа харагдавч үнэндээ үеийн үед байсаар ирсэн улс төрийн далд нюансуудын нэг илрэл л үзэгдлээ.
МАН хэзээд намын тогтсон хэв маягаар явж ирсний хувьд дараагийн Засгийн газрын план нэгэнт зурагдсан бол ээлж халаагаа өгөх нь зүй гэдэг “түрэмгий” хандлагаараа энэ удаа ч мөн бүх талын имижээ бодолцон хамгийн удаан Засгийн газрыг тэргүүлсэн Ерөнхий сайдаа явуулав.
УИХ-ын чуулганы танхимд саналыг нууцаар хурааж, үүний өмнөхөн Л.Оюун-Эрдэнэ парламент руу чиглэсэн үг хэлэхэд ерөнхийлөгч орж ирсэн зэрэг нь ерөөс нэгэнт болох нь тодорхой үйл явцуудын урьдач зураглалууд гэж харагдахаар. Хадаг яндартай, үнсэж итгэл хүлээлгэсэн дүү нарынхаа нэгийг тэр өнөөдөр эрэмбэ буулгалаа. Харин хэнд энэ итгэлээ хүлээлгэж, хадагаа шилжүүлэх бол гэдэг асуултын хариулт эндээс ургаж байна.
Хэн байлаа ч түүнийг ч мөн Л.Оюун-Эрдэнийн хувь заяа хүлээж буй нь үнэн билээ.
Л.Оюун-Эрдэнийн дараагийн Ерөнхий сайдад дайсан үг бол “Би танхимаа өөрөө бүрдүүлж чадахаа больсон. Бид сонгодог парламентыг төгөлдөршүүлж, дараагийн Ерөнхийлөгчийг парламентаас бүрдүүлдэг болох, Ерөнхийлөгчийн хуулийг өөрчлөх ёстой юм билээ” гэдэг үг
Эх сурвалж:Eguur.mn