“Оюу толгой” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Эпирок Монголиа” ХХК-ийн ажилчид ажил хаялт зарлана
“Оюу толгой” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Эпирок Монголиа” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос хуулийн хүрээнд ажил хаялт зарлахаар болсон гэдгээ илэрхийлж хэвлэлийн хурал хийв.
“Эпирок Монголиа” ХХК-ийн ажилчдын зүгээс Оюутолгойн уурхайд, газрын доор хүнд нөхцөлд 12 цагаар ажиллаж байгаа уурхайчдын илүү цагийн цалин хөлстэй холбоотой асуудлыг хөндөж ийнхүү ажил хаялт зарлаж байгаа аж. Тус Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ажил олгогч нартаа хуулийн дагуу тавдугаар сарын 01-нд албан мэдэгдэл хүргүүлжээ. Тус компани, ажил олгогч хоёрын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааны улмаас ажил үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх боломжгүйд хүрчээ. Ханган нийлүүлэгч компани илүү цаг бодуулах, дундаж цалин хөлсийг тооцуулах гэсэн хоёр зүйл заалтаар үүссэн маргаан 2022 оны долоодугаар сараас эхэлжээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл арван сарын хугацаанд хамтын гэрээ байгуулж чадаагүй гэлээ.
“Оюу толгой” ХХК-ийн уурхайн талбарт ил болон далд уурхайн техник, бэхэлгээний тоног төхөөрөмж нийлүүлдэг “Эпирок Монголиа” ХХК нийт 161 ажилтантай бөгөөд тэд тавдугаар сарын 09-ний өдрөөс ажил хаялт зарлахаар болжээ.
Хөдөлмөрийн хуулийн дагуу ажлын 8 цагаас илүү ажилласан бол илүү цаг тооцох ёстой байтал тус компанийн уртын ээлжийн ажилчид өдрийн 10 цаг нь энгийнээр, 2 нь илүү цаг болж байгаа гэлээ. Тиймээс уртын ээлжийн ажилчдын илүү цагийг хуулийн дагуу олгохыг шаардаж буйгаа илэрхийлсэн юм.