Цахимаар нийт 115 сая төгрөг залилсан этгээдийг хорих ялаар шийтгэв
Иргэн В нь фейсбүүк цахим хаягт “мөнгөтэй хүн байвал хамтарч ажиллана, өсгөж өгнө” гэсэн хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хохирогч нарыг “таны мөнгө энэ удаад ийм их хэмжээгээр өссөн байна, одоо ахиад хөрөнгө оруулалт хийвэл бүр их өснө” гэж хуурч, мөн бусдын эд зүйлийг түрээсээр хэрэглээд өгнө гэж дүр үзүүлсэн түрээсийн гэрээ хийж залилан мэхлэж олсон мөнгөөрөө мөрийтэй тоглоом тоглон, хувийн хэрэгцээндээ зарцуулж бусдад 115.021.000 төгрөгийн хохирол учруулжээ.
Прокуророос В-г “бусадтай бүлэглэн болон ганцаараа бусдыг хууран мэхэлж, цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулан, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Эрүүгийн хуульд “Хуурч, эсхүл баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн бол 10.000.000-аас 40.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 2-оос 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан.
Шүүх В-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд түүнийг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан В-д хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.