21 өдөр “Гадаад томилолт” гэж бүртгүүлсэн Х.Баттулга ордноор сэлгүүцэж, Унгарт жүдо үзэж явна

0
battulga

 

Намрын чуулганыг таслалтаараа тэргүүлсэн гишүүн бол Х.Баттулга. Тэрбээр чуулганы хуралдааныг 40 цагаас дээш удаа тасалж, Ёс зүйн байнгын хороо түүнийг 7 сая 320 мянган төгрөгөөр торгосон юм.

Ингээд Х.Баттулга “Ээж чуулгандаа суу гэж загнасан одоо сууна” гэж яриа хүртэл өгч байв. Гэвч тэр хаврын чуулганы нээлтэд нэг үзэгдээд дахин суугаагүй.

Ингэхдээ өмнөх улирлаас ялгаатай нь энэ удаа ирцээ “Эмнэлгийн чөлөө” эсвэл “Гадаад томилолт” гэж бүртгүүлдэг болжээ.

Чуулганы ирцийн мэдээллээс харвал тэрбээр сүүлийн 21 хоног “Гадаад томилолт” гэж бүртгүүлсэн байгаа юм. Энэ хугацаанд Х.Баттулга ордонд нэг удаа, Замын-Үүдийн хил дээр нэг удаа харагдсан. Харин хамгийн сүүлд Будапешт хотод жүдо бөхийн тэмцээн дээр явж харагдав.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Баттулга нь өнгөрсөн тавдугаар сарын 26-наас хойш “Гадаад томилолттой” гэж ирцэд бүртгэгдсэн. Гэхдээ тэрбээр энэ сарын 3-нд /2025.06.03/ төрийн ордонд явж харагдсан. Энэ үеэр сэтгүүлчид түүнээс ярилцлага авах гэсэн ч хамгаалагчдаараа халхавч хийж зугтсан байдаг. Үүнээс хойш мөн зургаадугаар сарын 13-наас өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын хамт Замын-Үүдийн хилээр гарч яваа дүрс бичлэг сошиал сувгуудад цацагдаад буй юм.

Харин хамгийн сүүлд тэрбээр Унгар улсын Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д хүрэлцэн очиж, медаль авсан манай тамирчинд баяр хүргэж буй зураг, бичлэг мөн олон нийтийн сүлжээнд тавигдав. Үүнийг албан газрууд Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувиар очиж, медаль гардуулсан гэж тайлбарлажээ.

Гэсэн ч Х.Баттулга нь УИХ-ын гишүүн төрийн ажлаас бус гаднын улсыг зорихдоо “Гадаад томилолт” бус чөлөө авах ёстой юм. Мөн дээрх мэдээлэлд дурдсанчлан тэрбээр томилолттой 21 хонгийнхоо дийлэнх хоногт монголд байжээ.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *