Элсэлтийн Шалгалт, Гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой Ц.Мөнхтуяа гишүүний асуулт ба П.Наранбаяр сайдын хариулт

0
1qw7mg_hfgh_x974

Улсын Их Хурал(УИХ)-ын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Элсэлтийн Шалгалт болон Гүйцэтгэлийн үнэлгээний талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн асуулт болон Ерөнхий сайд Г.Занданшатар, Боловсролын сайд П.Наранбаярын хариултыг хүргэе.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: Биднийг энд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, сандал суудал ярьж байх хооронд ЭШ болж өнгөрлөө. Энд нийт 42 мянган суралцагч шалгагдсан. Уг шалгалт нэлээд хуудуутай, асуудалтай болж өнгөрсөн гэдгийг Г.Занданшатар сайд мэдсэн үү. П.Наранбаяр сайд бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийгөө өмөөрсөн, арьсаа хамгаалсан мэдэгдэл маш олон удаагийн давталттай хийж байна. Нийгмийг талцуулж байна. Монголын ирээдүйн төлөө УИХ-ын гишүүд бид дуугарч, дуу хоолойгоо нэгтгэмээр байна.

Асуудал гаргасан боловсролын сайдад яаралтай арга хэмжээ авч, огцруулах хэрэгтэй гэдгийг Монголын мянга мянган багш шаардаж байна. Гүйцэтгэлийн үнэлгээ, ЭШ гээд бүгдийг нь самарч хаялаа. Энэ бол бодитой үнэн. Багш нар дуу нэгтэйгээр Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны групп дээр П.Наранбаяр сайдыг огцрохыг шаардаж байгаа. Энэ дээр Ерөнхий сайд ямар бодол, ямар зарчимтай байх вэ?

Ерөнхий сайд Г.Занданшатар: ЭШ-ын талаарх нийгэмд өрнөж буй яриа, шүүмжлэлтэй холбогдуулан Боловсролын Яаманд үүрэг өгсөн. Энэ талаар хянаж шалгаад өнөөдөр холбогдох газар нь тодорхой мэдээлэл хийсэн. 43,318 хүн шалгалт өгсөн. 50-60 хувь нь тэнцсэн нь улсын олон жилийн дундажтай ойролцоо байгаа. Тест задарсан асуудалгүй. Долоон сурагч гар утастайгаа орж хураагдаад, шалгалтаа тэглэсэн зөрчил гаргасныг эс тооцвол үндсэндээ шалгалт зөрчилгүй явагдсан гэх мэдээллийг өгсөн. Гэхдээ бид энэ чиглэлээр холбогдох газруудтай хамтран ажиллаж байгаа. Хэрэв үнэхээр алдаа дутагдал гарсан бол холбогдох хүмүүст хариуцлага тооцох үүргийг сайдад нь өгөөд байна.

Боловсролын сайд П.Наранбаяр: Ямар нэг байдлаар материал задраагүй, явдгаараа явсан. 10 шалгалтын материалыг бүгдийг ил тавьсан. Багш нар жил жилд ирсэн агуулгын дундажтай адилхан байна гэсэн дүгнэлт өгч байгаа. Шалгалтын өмнөх нууц байдлыг маш сайн хангасан. Шалгалтын дараа материалуудыг ил тавьж, олон хүний эргэлзээг тайлах нь зүйтэй гэж үзсэн.

Хоёрдугаарт 37 мянган багшаас гүйцэтгэлийн үнэлгээ авсан. Энэ нь эерэг үр дүн үзүүлж байгааг хэлээд байгаа. Цөм хөтөлбөрөө илүү сайн хэрэгжүүлье, хүүхдэдээ илүү хүргэе гэдэг. Гүйцэтгэлээ дөрвөн түвшинд үнэлүүлсэн нь урамшууллаа авах бол тав дахь түвшинд үнэлэгдсэн нь авч чаддаггүй. Сайн ажиллаж байгаа багш нь гүйцэтгэлийн үнэлгээгээрээ илүү үнэлүүлдэг ийм л тогтолцоо үйлчилж байна.

Шударга явуулах талд нь бид онцгой анхаарсан. Харамсалтай нь 248 багш дээр хүүхдүүдээ хуулуулсан гэсэн асуудал үүссэн. Сэжиглэх нөхцөл байдал үүссэн учраас тодруулах ажил ид явагдаж байна. Багш нар амарч байгааг ойлгож байгаа, амралтыг нь дуусгаад тодруулах ажил хийгээд, шийдийг нь гаргана. Аливаа зүйл шударга явах хэрэгтэй. Багш нь өөрөө шударга, ёс зүйтэй байж байж л энэ нийгэмд шавь нь тийм байна. Иймд танаас хүсэхэд битгий үүнийг дэвэргээд бай. 37 мянган багшаас 248 дээр нь асуудал үүссэн байна. Хууль эрх зүйн хүрээндээ л шийднэ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: П.Наранбаяр сайдаа, би материал задарсан гэж нэг ч үг танаас асуугаагүй. Хүний асуултыг ойлгож хариул л даа.

Гүйцэтгэлийн үнэлгээ дээр багш нарыг хуулуулсан гэж хэлэхдээ та ичдэггүй юм уу. Багш нар яаж хуулуулах юм, тэрийг чинь өөр дүүргийн багш нар сургууль сургуулиа солиод авчихсан. Ангийнх нь багшийг хөөгөөд гаргачихдаг. Тэгэхээр яаж хуулах вэ. Жишээ нь нэгдүгээр ангийн хүүхэд хуулна гэж байх уу, таны ой тойнд яаж орж байна аа.

Ийм балай юм яриад сууж байдаг салбарын сайдтай байхаасаа ичиж байна. Юу гэж бага насны хүүхдүүд нэг нэгнээсээ тийм богино хугацаанд хуулж байдаг юм. Ийм болчимгүй юм ярьж болохгүй. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудыг та нар битгий мөнгө гэж хараад бай. Тэр шалгалтын харандаа нь ч үзүүр нь хугараад, баллуур нь баллаж чадахгүй байна гэсэн.

Боловсролын сайд П.Наранбаяр: Би тантай хар зах дээр байгаа юм шиг яримааргүй байна. Бодитой болсон явдлыг шалгаж байна гэдгээ хэлсэн. Яг ижилхэн хариултууд ирсэн, том хүний бичгийн хэвтэй нотлох баримтууд байгаа. Шалгаж байгаа, эцэслээгүй. Үүн дээр улстөржүүлэх хэрэггүй.

Харандаа, баллуурын асуудал яригдсан ч албан ёсоор гомдол ирээгүй. Тухайн үедээ нөөцөд нь харандаа, баллуур бүрэн байсан.

Ерөнхий сайд Г.Занданшатар: Ц.Мөнхтуяа гишүүний асуултад хүндэтгэлтэй хандаж байна. Гэхдээ шүүмжлэх гэж шүүмжлэх биш, шүүмжлэл нь бодитой нотолгоонд суурилсан байх ёстой. Тиймээс бид өнөөдрөөс эхлэн зургаадугаар сарын 28-29-нийг дуустал ЭШ-тай холбоотой өргөдөл гомдлыг ШУТИС-ийн Т байрны 307 тоотод болон цахимаар хүлээн авах үүрэг өгсөн.

Эх сурвалж: ikon.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *