“ЭХ БАРИГЧ МЭРГЭЖЛИЙН ҮНЭ ЦЭНЭ, БИЕ ДААСАН БАЙДАЛ, МАНЛАЙЛАЛ” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

0


Жил бүрийн тавдугаар сарын 5-ныг Олон улсын эх баригчдын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жилийн Эх баригчдын өдрийг “Нотолгоог бодит хэрэг болгоход нэгдэцгээе” уриан дор тэмдэглэж буй бөгөөд ЭМЯ Монголын эх баригчдын нийгэмлэгтэй хамтран “Эх баригч мэргэжлийн үнэ цэнэ, бие даасан байдал, манлайлал” сэдэвт зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг “Холлидэй ин” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

Манай улсын эрүүл мэндийн салбарт нийт 1115 эх баригч ажиллаж байгаагийн 39.6 хувь нь сумын Эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт, 24.4 хувь нь Нэгдсэн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн төв, амаржих газарт, 15.3 хувь нь төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт байгаа төдийгүй нийт төрөлтийн 99.2 хувьд эх барихын мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд тэдний төлөөлөл 50 эх баригч энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад оролцож буй юм.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эх, нярайг эсэн мэнд амаржуулж, гэр бүлд аз жаргалыг бэлэглэх хариуцлагатай бөгөөд ариун үйлсийн төлөө мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлээ дайчлан эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж байгаа эх баригчдад Олон улсын эх баригчдын өдрийн мэндийг дэвшүүлэв.
Тэрбээр дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын зорилтод туссан Эх, хүүхдийн эндэгдлийг тууштай бууруулах, эрүүл мэндийг нь хамгаалах асуудалд үе үеийн Засгийн газар анхаарал хандуулж ирсэн төдийгүй үүний үр дүнд Монгол Улс эх, нярай, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг Мянганы хөгжлийн зорилтот түвшинд хүргэн бууруулж чадсан есөн орны нэг болсныг дурдаад коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдлын үед хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, хөрөнгө оруулалтад онцгой анхаарч, хохирол багатай даван туулсан цөөн улсын нэг болж чадсан нь эх баригчид, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын хүчин чармайлт гэдгийг тэмдэглэв.
Сайд хэлсэн үгэндээ хэдийгээр өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байсан ч эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад зарцуулах хөрөнгө оруулалтыг  аль болох нэмэгдүүлэх чиглэлийг Засгийн газраас барьж ирснийг дуулгаад эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэхэд зориулж 2021 онд Хөвсгөл, Увс, Дорнод аймаг Баянзүрх дүүргийн хүүхдийн эмнэлгийн барилга, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Өргөө” амаржихын засвар, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Эх, нярайн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд нийт  54,4 тэрбум төгрөг зарцуулсан төдийгүй 2022 онд хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн засвар, “Нөхөн үржихүйн болон хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн барилгын ажлыг эхлүүлж, оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжийн шинэчлэлд нийт 115,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийснийг онцлон дурдлаа. Түүнчлэн 2023 онд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх, барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн барилгын их засварыг эхлүүлэхээр 11,4 тэрбум төгрөгийг төсөвлөн ажиллаж байна гэв.

С.Чинзориг сайд уулзалтад оролцогчдод эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн бодлогоо танилцуулж, салбарын хууль эрх зүйг боловсронгуй болгох, ажиллагсдын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр авч буй арга хэмжээ, эхлүүлсэн ажлуудынхаа талаар товч танилцуулсан.
Энэ хүрээнд эх барих, нөхөн үржихүйн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, өртөгжүүлэх, зохион байгуулах байгууллагыг үүрэгжүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлал хоорондын үйл ажиллагааны давхардлыг арилгах, уялдааг сайжруулах, өртөг зардлыг тооцоог дахин хийж, шаардлагатай тогтоол, шийдвэрийг шинэчлэн гаргахаар ажиллаж байгаа болон эрүүл мэндийн салбарын гол үндсэн чиг үүрэг болох үйлчилгээний соёл, харилцаа хандлагыг сайжруулахад чиглэсэн эмнэлгийн орчин, тусламж, үйлчилгээнд аюулгүй байдлыг хангахад тавигдах суурь стандартыг боловсруулж буй талаар мэдээлэл өглөө.

            Нээлтийн үеэр мөн НҮБ-ын ХАС-гийн тэргүүн Халид Шарифи, Монголын эх баригчдын нийгэмлэгийн тэргүүн С.Даваасүрэн, ЖАЙКА байгууллагын “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн ахлах зөвлөх Иноүэ Нобуаки нар үг хэлж амжилт хүслээ.

            Зөвлөлдөх уулзалтад оролцогчид эх баригчийн төгсөлтийн өмнөх ба дараах сургалт, цаашдын чиг хандлага, эх баригчийн боловсролын асуудал, эх барихуйн олон улсын чиг хандлагын талаар хэлэлцэхээс гадна төгсөлтийн дараах эх баригч мэргэжилтний чадамж, нярайн зүрх уушгины амилуулах тусламжийн шинэ технологийн танилцуулга мэдээллийг сонсож, эх баригч мэргэжлийн үнэ цэнэ, бахархал, эх баригчдыг мэргэжлийн хувьд өсөн дэвжиж, манлайлахад саад болж буй асуудлууд, түүнийг шийдэх алхмууд, эх баригч хүний сул болон давуу талууд, гаргаж болох шийдвэр, хүлээх үүрэг хариуцлага, эх баригч мэргэжил эзэмшсэнээр  амьдралд бий болсон сайхан боломжуудынхаа талаар сэтгэдлээ хуваалцаж, бүлгээр ажиллан туршлагаа хуваалцах юм.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *