Вакцинжуулалтыг эсэргүүцэгчдийг нийгмийн дайснаар зарлая!

0
image (5)

Улаанбурхан өвчний халдвараас болж, Монголд долоон хүүхэд амиа алдсан. Үүний гол буруутан нь эцэг эхчүүд гэхэд буруудахгүй.  Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн Бямба гаригт ХӨСҮТ дээр ажиллах үеэрээ “Улаанбурхан өвчний дэгдэлт, нас баралт өндөр байна. Энэ нь вакцинжуулалтыг эрс нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна. Ялангуяа өвчлөл 9-14 насны хүүхдүүдийн дунд түгээмэл байгаа нь вакцинжуулалт муу хийгдсэний үр дагавар гэж үзэж байгаа.

Ковидоос хойш вакцинжуулалтад үл итгэх, худал мэдээлэл тараах болсон нь вакцинжуулалтад сөргөөр нөлөөлж байна. Улсын хэмжээнд вакцинжуулалт 30 гаруйхан хувьтай байгаа нь улаанбурхан өвчин дэгдэх шалтгаан болж байна.

Тиймээс ард иргэддээ дархлаажуулалтад өргөнөөр хамрагдахыг уриалж байна. Удахгүй наадам болно. Аялал зугаалгын үе эхэлнэ. Энэ нь өвчлөлийн дэгдэлтийг нэмэгдүүлэх хүчин зүйл болж болзошгүй учраас вакцинжуулалтад өргөнөөр хамрагдахыг уриалж байна. Вакцин бол шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Вакцинжуулалтыг өрхийн эмнэлгүүдээр дамжуулан улсын хэмжээнд зохион байгуулахыг үүрэг болголоо. Ингэж байж дэгдэлтийг зогсооно, шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө эрсдэлийг бууруулна, ирэх өвлийн томууны үетэй давхцуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн юм.

Сүүлийн үед вакцинжуулалтыг эрс буруутгах хандлага Монголд газар авсан. Вакцин эсэргүүцэж, үр хүүхдийнхээ эрүүл мэнд, амь насыг аюул, эрсдэлд хүргэж буйгаа эцэг эхчүүд ойлгодоггүй. Нийгмийн сүлжээнд вакцинжуулалтыг эсэргүүцэх тархи угаагчид ч эрчимжиж байгаа. Энэ талаар Монголын дархлаа судлаачдын нийгэмлэгийн тэргүүн, АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “Вакциныг эсэргүүцсэн энэ их эсэргүүцлийг би хувь хүнийхээ зүгээс биотехнологийн том том компаниудын өрсөлдөөн, нэг нэгнийхээ эсрэг явуулдаг хар пи-артай холбоотой байх гэж харддаг. Вакцин үйлдвэрлэгч биотехнологийн компаниуд зах зээлээ булаацалдаж, хоорондоо өрсөлддөг. Ингэж өрсөлдөх явцдаа бие биеэ муулах, бие биеийнхээ үр дүнг үгүйсгэх оролдлого их хийдэг юм билээ. Энэ нөлөө манай улсад тусаад байна уу гэж хардаад байгаа юм. Манайхан ийм зүйлд автаад, вакциныхаа мөн чанарыг ойлгохгүй байна. Вакцин яаж үйлчилдэг талаар ямар ч ойлголтгүй байж, бусдыг ятгаж, буруу мэдээлэл тараадаг хүн олон байгаад маш их харамсаж байна. Вакцин тариулчхаад өвчилж болно. Гэхдээ хэзээ ч үхэхгүй. Өнөөдөр вакцин хийлгээгүйгээсээ болоод 7 хүүхэд өнгөрчихлөө. Вакцин тариулчихсан бол үхэхгүй байсан”-ыг тодотгожээ

Өнгөрсөн гуравдугаар сараас хойш улаанбурханы халдвар эрс нэмэгдэж өнөөдрийн байдлаар халдвар авсан хүүхдийн тоо 8862 хүрчээ. Улаанбурханы халдвар эрчимжиж нийслэл болон бүх аймагт бүртгэгдсэнээр Эрүүл мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн.

Иргэдийн зүгээс  сургууль, цэцэрлэг амарсан учир тархалт буурна гэж тооцоолж буй. Гэвч улаанбурхан өвчин нь халдварлах чадвар өндөр, хүнд явцтай өвчин бөгөөд нууц үе нь урт хугацаанд үргэлжилдэг аж.  Өөрөөр хэлбэл, халдвар авсан хүн шинж тэмдэг илрэхээсээ өмнө бусдад халдвар тараах боломжтой. Сургууль, цэцэрлэг амарснаар тухайн халдварт өвчин буурах бус хүүхдүүд амралтаараа орон нутгийг зорих нь нэмэгддэг энэ хэрээр халдварыг орон нутгийн хэмжээнд тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэдгийг мэргэжлийн эмч нар анхааруулж байгаа юм.

ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ЗҮГЭЭС ВАКЦИНЫ ТАЛААРХ ОЙЛГОЛТ МУУГААС БОЛЖ БУРУУ ЗӨРҮҮ МЭДЭЭЛЭЛД ИТГЭДЭГ

Аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх халдвар авсан тохиолдолд түүнийг хүндрүүлэхгүй байхад чухал нөлөө үзүүлдэг зүйл нь вакцин. Улаанбурхан өвчний эсрэг вакциныг 1973 онд нэвтрүүлсэн. Харин 1989 оноос хоёр тунгаар дархлаажуулж эхэлсэн байна. Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг хавсарсан вакциныг 2009 оноос эхний тунг есөн сартайд, хоёр дахь тунг хоёр настайд товлолын дагуу хийж байгаа юм.  Монгол Улсын хэмжээнд улаанбурхан өвчин 2015-2016 онд тархаж тухайн үед тус өвчнөөр 130 гаруй хүн нас барсан байна. Тухайн үед халдварын тархалтыг нэмэлт дархлаажуулалтаар  таслан зогсоож байв.

Тэгвэл улаанбурхан өвчний нөхцөл байдал нэлээд хүндэрч байгааг албаныхан мэдээлсээр байгаа. Халдвар авсан хүүхдүүдийн 70 гаруй хувь нь дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд байгаа аж. Т

Иймээс улаанбурханы халдварыг бууруулахын тулд дархлаажуулалтыг эрчимжүүлэх, товлолын дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдийг яаралтай хамруулах мөн өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан 6-8 сартай хүүхдүүдийг  нэмэлт дархлаажуулалтад хамруулж эхэлсэн.

Гэвч зарим эцэг эхчүүд хүүхдээ дархлаажуулалтад хамруулахаас зайлсхийдэг. Энэ нь эргээд халдварыг хүндрүүлэх, тархаах эрсдэл үүсгэж байгаа юм. Эцэг эхчүүдийн зүгээс вакцины талаарх ойлголт муугаас болж буруу зөрүү мэдээлэлд итгэдэг. Үүнээс үүдэж эрүүл байгаа хүүхдэдээ вакцин хийлгэж эрсдэл оруулснаас хийлгэхгүй байх нь дээр гэх хүмүүс цөөнгүй болсон аж. Угтаа эцэг, эх асран хамгаалагчид хүүхдээ аливаа өвчнөөс сэргийлэхийн тулд дархлаажуулалтад хамруулах нь тэдний үүрэг. Хэрэв хүүхдээ дархлаажуулалтад хамруулахгүй байснаас үүдэж хүүхэд нас барах цаашлаад улс орон даяар тархах эрсдэлийг бий болгож байгаа учраас үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэхэд хилсдэхгүй.
Вакцин нь биологийн бэлдмэл учраас бага зэргийн урвал үүсч, хүндрэл гарахыг үгүйсгэхгүй. Монгол Улсад анх 1923 онд цагаан цэцгийн эсрэг вакцин хийж эхэлсэн байна.Тухайн үед уг өвчний тархалт их байсан ч вакцины ачаар 1940 он гэхэд бүрэн устгаж чаджээ. Хэрвээ 1923 онд иргэдэд цагаан цэцэг өвчний эсрэг вакцин хийгээгүй бол 2010 он гэхэд 900 мянга орчим хүн уг өвчнөөр нас барж, үүнтэй ижил тооны хүн цагаан цэцгийн бидэр буюу цоохор нүүртэй болох эрсдэлтэй байсныг тухайн үед эрдэмтэд тогтоож байсан байна. Цагаан цэцэг өвчний вакциныг хийснээр Монгол Улс цагаан цэцэг өвчнийг бүрэн устгасан Азийн хамгийн анхны орон болж байж.

УЛААНБУРХАНЫ ВАКЦИН НЬ СҮҮЛИЙН 20 ЖИЛИЙН ХУГАЦААНД 56 САЯ ХҮНИЙГ НАС БАРАХААС СЭРГИЙЛСЭН 

Улаанбурханы эсрэг вакцин нэг тун хийлгэснээр халдвараас 95 хувь, хоёр тун хийлгэснээр 97 хувь хамгаална гэдгийг Шинжлэх ухаанаар нотолсон. Тухайлбал, АНУ гэхэд улаанбурханы дархлаажуулалтыг хийж эхэлснээр  тус өвчлөлийг 99 хувиар бууруулж  чаджээ.

ДЭМБ-аас улаанбурханы эсрэг вакциныг хийж эхэлснээр 2021 оноос хойш 20 жилийн хугацаанд 56 сая хүнийг тус өвчнөөр нас барахаас урьдчилан сэргийлсэн гэж тооцоолсон байна.

Тун удахгүй улсын баяр наадам болно. Энэ үеэр орон даяар хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ үед улаанбурханы халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй. Ингэснээр хичээл сургууль эхлэхэд уг өвчний хоёр дахь давлагаа томуу, томуу төст өвчинтэй хавсарч дэгдэх эрсдэл маш өндөр. Улаанбурхан өвчний нууц үе 10-14 хоног. Одоо бүртгэгдээд байгаа 8862 тохиолдлын цаана 80 мянган хүүхэд халдвартай байх магадлалтай гэдгийг албаныхан сануулж байгаа юм.

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд  шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.

Монгол Улсад 2024 оны байдлаар улаанбурхан, улаанууд, гахайн хавдар, сахуу, хөхүүл ханиад, сүрьеэ зэрэг 12 төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх 14 төрлийн вакциныг товлолын дагуу үнэ төлбөргүй хийдэг. 2023 оноос хойш хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг 13 настай охид, хөвгүүдэд хийж эхэлсэн. Монгол улс улаанбурхан өвчний дэгдэлт, өвчлөлийн нөхцөл байдлаас хамааран нэмэлт дархлаажуулалтыг 11 удаа зохион байгуулж байжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *