Б.Шинэгэрэл: Бүтэн жилийн хугацаанд нэг сургуультай 188-200 цаг ажиллахдаа ₮10 саяын төлбөр авдаг. Энэ бол зөвхөн үйл ажиллагааны зардал

Сургуулийн судалгаа хөгжлийн “Шинэ Монгол” төвөөс “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах” хөтөлбөр хэрэгжиж буй сургуулийн захирлуудтай цахим уулзалт өнөөдөр зохион байгууллаа.
Боловсролын яам, Сургуулийн судалгаа хөгжлийн “Шинэ Монгол” төвтэй хамтран 2024-2025 оны хичээлийн жилд “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах” хөтөлбөрийг улсын хэмжээнд нийт 150 гаруй сургуулиас сонгон шалгаруулалт хийж, зургаан аймаг, таван дүүргийн 120 сургуульд хэрэгжүүлэхээр болсон аж.
Өнөөдрийн уулзалтад 2024-2025 оны хичээлийн жилд тус хөтөлбөрийг хэрэгжүүлж буй 28 сургуулийн төлөөлөл оролцлоо.
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
“энэ хөтөлбөрийг 20 жилийн хугацаанд Монгол сургууль, багш, сурагчдын дунд туршиж хэрэгжүүлсний үндсэнд боловсруулсан”
Энэ үеэр Сургуулийн Судалгаа Хөгжлийн Шинэ Монгол Төвийн гүйцэтгэх захирал Б.Шинэгэрэл тус хөтөлбөрийн зорилго, хэрхэн хэрэгждэг талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Манай төв 2020 онд үүсгэн байгуулагдсан. Үүнээс хойш “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлээд гурав дахь үе шатандаа явж байна. Нийт таван жилийн хугацаанд хэрэгжсэн юм.
Анх 2020 онд орон нутаг болон нийслэлийн найман сургуульд хоёр жилийн хугацаанд хэрэгжсэн. Дараа нь 2023-2024 оны хичээлийн жилд 21 аймгийн 60 сургуульд хэрэгжсэн.
Энэ жилийн хувьд гурав дахь үе шат нь бөгөөд улсын хэмжээнд нийт 120 сургууль оролцож байгаа юм. Сургуулиуд сайн дураараа хүсэлтээ өгсний дараа бид сонгож авдаг. 2024-2025 оны хичээлийн жилд 150 гаруй сургууль хүсэлт явуулсны эцэст бид 120 сургуулийг сонгож авсан.
Энэ хөтөлбөрийн гол зорилго нь төрийн өмчит сургуулийн менежментийг сайжруулах юм. Сумын хөгжил сургуулиасаа хамаатай. Сургууль оновчтой менежменттэй байх ёстой.
Нөгөө талаараа Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах хөтөлбөрийг 20 жилийн хугацаанд Монгол сургууль, багш, сурагчдын дунд туршиж хэрэгжүүлсний үндсэнд боловсруулсан билээ.
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Эх орныхоо хөрсөнд хэрэгжээд үр дүнгээ үзсэн туршлагыг сургуулиудад түгээж байна. Бид үндсэн таван агуулгын хүрээнд 32 долоо хоногийн турш дагуулан суралцуулах аргаар тасралтгүй цахим хичээл заадаг. Сургуулиуд онолын мэдээлэл, туршлагыг өөрийн сургууль дээрээ хэрэгжүүлж үзээд, ямар үр дүн гарсныг бидэнд эргээд мэдээлдэг. Энэ бүхэн үндэслэж тасралтгүй зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.
Түүнчлэн сургууль бүрд томилолтоор очиж ажилладаг. Энэ жилийн хувьд багш нар маань 70 гаруй хоногийн хугацаанд 14,000 км-ыг туулан сургууль бүр дээр очиж ямар асуудал тулгарч байгаа, үр дүнгийн талаар зөвлөн тусалсан. Мөн орон нутгийн сургуулиудын ажилчдыг “Шинэ Монгол” төвийн бааз сургуулиудтай танилцуулж, туршлага мэдээлэл солилцсон.
Манай хөтөлбөрт сургууль нэг бүртэй ганцаарчлан ажиллах багш нар бий. Манай баг 32 долоо хоногийн хугацаанд 180 сургуультай өдөр тутам холбогдож ажилладаг. Нэг сургуультай жилд 188-200 цаг ажиллахдаа 10 сая төгрөгийн төлбөр авдаг. Энэ бол зөвхөн үйл ажиллагааны зардал. Манай багт 15 хүн ажилладаг бөгөөд томилолтоор явахдаа сургуулиудаас нэг ч төгрөгийн зардал авдаггүй.
Боловсролын салбарын шинэчлэлийг хийх чин хүсэл эрмэлзэлтэй багш нар “Шинэ Монгол” төвд ажиллаж байна. Бид ашгийн төлөө явдаггүй.
Энэ бүхний эцэст ямар үр дүн гарсан бэ гэдэг нь чухал. Энэ жилийн хувьд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдүгээр сургуулийн багш нар Элсэлтийн шалгалтад амжилттай орсон талаараа бидэнд зурвас илгээсэн. Түүнчлэн боловсролын салбарт гүйцэтгэлийн үнэлгээ гэж чухал зүйл бий. Манай хөтөлбөрт хамрагдсанаар сургуулиуд гүйцэтгэлийн үнэлгээгээр жил бүр 1-2 түвшин ахисан байдаг.
Багш нарын ажлын ачаалал боловсролын салбарт нэн тулгамдсан асуудал юм. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах хөтөлбөрийг сургуулийн тогтолцоонд оруулж өгснөөр багш нарын ажлын ачаалал 16-20 хувь буурсан. Багш нар жилд 200-300 ажил хийдэг байсан бол 180 болж буурсан байна” хэмээн ярилаа.
Үргэлжлүүлэн “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах” хөтөлбөрийг авч хэрэгжүүлж буй сургуулиудын төлөөлөл өөрсдийн сэтгэгдлээ хуваалцлаа.
“Сумын сургууль яагаад хувийн сургуулийн хэмжээнд хөгжиж болохгүй гэсэн бодол надад битүүхэндээ байсан”
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Дархан-Уул аймгийн Орхон сумын ЕБС-ийн захирал Г.Ихбаяр: Манай сургууль 2023-2024 оны хичээлийн жилийн есдүгээр сарын 1-ээс энэ хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн.
Би сургуулийн захирлаар ажиллаж эхлээд удаагүй байхдаа сургуулийнхаа төлөө юу хийх ёстой талаар сайн мэдэхгүй үед энэ хөтөлбөр зарлагдсан. Сумын сургууль яагаад хувийн сургуулийн хэмжээнд хөгжиж болохгүй гэсэн бодол надад битүүхэндээ байлаа.
Сумын сургууль ч гэсэн нийслэл хотын хувийн сургуультай адил менежментээр явж чадсан. Хөтөлбөр хамрагдсанаар 36 долоо хоногийн хугацаанд Пүрэв гараг бүр сургуулийн багш, сурагч нар хичээлд суудаг байлаа.
Энэ хүрээнд бид “Шинэ Орхон” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, сургуулийнхаа үйл ажиллагааг сайжруулж чадсан. Манай сургууль дээр ирж туршлага судалсан хүмүүс бидний өөрчлөлтийг сайн болсон байна гэж маш их ярьдаг.
“Оюуны том хөрөнгө оруулалтыг маш бага зардлаар аваад нутагшуулж чадсан нь азтай зүйл”
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ЕБС-ийн захирал н.Отгонбаяр: Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах хөтөлбөр бол бодит амьдрал дээр хэрэгжсэн зүйл. Үндсэндээ бидэнд бэлэн будаа өгсөн зүйл байсан. Өөрсдийн сургуулийн онцлогт тохируулаад хэрэгжүүлэх ажил бидэнд үлдсэн.
Өмнө нь сургуулийн менежментийн талаар олон сургалтад сууж байсан боловч практик дээр туршиж нотлогдсон зүйл авч байгаагүй. Зөвхөн сургуулийн хэмжээнд бус орон нутгийн хэмжээнд өөрчлөлт авч ирсэн зүйл гэдгийг хэлье. Манай сургууль дээр хичээл тасалдаг хүүхэд байхгүй болсон.
Бид хүчилдэг аргаас зайлсхийж, сургуулиа зорьдог сэтгэлтэй хүүхдийг бий болгож чадсан гэж бодож байна. Оюуны том хөрөнгө оруулалтыг маш бага зардлаар аваад нутагшуулж чадсан нь азтай зүйл. Хөтөлбөр баг хамт олондоо баярлалаа.