Шаардлага хангахгүй шугам тавьсан аж ахуйн нэгж, хүлээн авсан албан тушаалтнуудыг шалгуулна

0

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас долоо хоног бүрийн баасан гарагт хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өгдөг. Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооллуудын зэвтэй усны асуудлаар мэдээлэл өгч, уг шугам сүлжээг тавьсан аж ахуйн нэгж, хүлээн авсан албан тушаалтнуудыг хуулийн байгууллагад шалгуулахаар болсон талаар мэдээллээ. Мөн ногоон байгууламжийн чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулсан юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Стандартын шаардлага хангаагүй ус дамжуулах хоолой, орон сууцны хорооллын доторх шугам сүлжээ, тоноглолыг солих арга хэмжээг даруй авах шаардлагатай байна. Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ханбогд”, “Арцат”, “Богд вилла”, “Велмонте”, “VIP резиденс”, “Хүннү вилла”, “Хангарьд-1”, “Хангарьд-2”, “Нью гарден” зэрэг 20-иод хороололд 25 мянга гаруй хүн амьдардаг. Эдгээр хотхоны халуун, хүйтэн ус зэвтэй байна гэсэн 400 гаруй гомдол УБЗАА-нд ирсэн. Мөн ашиглалт үйлчилгээ хариуцдаг орон сууцны конторууд, Ус сувгийн удирдах газар болон холбогдох байгууллагуудад өнгөрсөн оны зургаадугаар сараас ирэх болсон. Энэ дагуу Ажлын хэсэг байгуулаад холбогдох чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Ажлын хэсэг ус зэвтэй гарч байгаагийн шалтгааныг тодруулах арга хэмжээг нэн тэргүүнд авсан. Ингэхдээ насос станцаас гарч байгаа цэвэр усны шугамууд, хэрэглэгчийн салаа болон салбар худаг шугамууд, ус хэмжүүрийн зангилаа болон айл өрхийн сантехникийн хэрэгслээс Ус сувгийн удирдах газар хими, бактериологийн дээж авч шинжиллээ.

Мөн тухайн цэгүүдээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын лаборатори, Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн лаборатори, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн лабораториудад усны дээж, ус дамжуулах шугам хоолойн дээжийг тус тус шинжлүүлсэн. Эдгээр шинжилгээний дүгнэлтээр усан дахь төмрийн агууламж ихэссэн, өнгө өөрчлөлттэй гэсэн хариу гарсан. Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн  хүрээлэнгийн шинжилгээгээр ус Яармагийн ус хангамжийн эх үүсвэрээс хэрэглэгчдэд хүрэхдээ манган, төмөр, цайрын агууламж   нэмэгдэж байгаа нь усыг дамжуулж буй шугам хоолойноос хамааралтай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, шугам хоолой нь ундны ус дамжуулах шаардлагыг хангаагүй гэсэн үг. Тэгэхээр “Пума констракшн”, “Пи Ай Эм Эм” ХХК-ийн хөрөнгөөр барьсан ф200 мм голчтой хоёр км шугам, “Ар Ий Си” ХХК-ийн “Шинэ өргөө” хорооллын  гаднах ф200 мм-ийн шугам болон орон сууцны хорооллын доторх шугам сүлжээ, тоноглолыг стандартад нийцүүлэн солих шаардлага гарч байна.

Шугамын зэвийг арилгахаар шугам, хоолой, нийт тоноглолыг угаах зэрэг арга хэмжээ авч байгаа ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Энэ бол иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхэнд шууд халдсан нөхцөл байдал. Тиймээс стандартын шаардлага хангаагүй шугам хоолой тавьсан, угсралт хийсэн компаниудтай уулзаж, гаргалгаа, шийдэл ярихаар урьсан ч ирээгүй. Иймээс дараагийн арга хэмжээг авахаас аргагүй. Шугам угсралтын ажилтай холбоотой захиалагч гурав, угсралт хийсэн хоёр компани байгаа. Мөн хүлээж авсан эрх бүхий 10 албан тушаалтан бий. Эдгээрийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна. Хүлээж авсан, угсарсан материал нь чанарын шаардлага хангаагүй. Иймээс солиулах ажлыг хийнэ хэмээлээ.

Нийтийн эзэмшлийн 135 га-д ногоон байгууламжийн арчилгаа хийж байна

Ногоон байгууламжийн арчилгаа, хамгаалалтыг хийлгэхээр энэ онд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан. Улмаар шалгарсан 21 аж ахуйн нэгж, байгууллага Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-тай гурван жилийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Гэрээний хугацаа гурван жил байгаа нь хот, нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн чадавхыг дээшлүүлэх зорилготой. Энэ хугацаанд аж ахуйн нэгжүүд тоног төхөөрөмжөө сайжруулж, хүмүүсийнхээ нийгмийн хангамжийн асуудлыг шийдэх боломжтой юм. Гэхдээ гэрээг жил бүр дүгнэнэ. Ногоон байгууламжийн гэрээт аж ахуйн нэгж, байгууллагуудын хөндлөнгийн хяналтын үйл ажиллагааг гүйцэтгэхээр  “Ногоон агула”, ЭЭЭХХ гэсэн хоёр төрийн бус байгууллага шалгарчээ.

Өдгөө Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн 135 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа хийж байна. Энэ жил нийтийн эзэмшлийн гудамж, талбайд нэг болон олон наст 628,000 цэцэг, навчит болон шилмүүст, гоёлын 185,930 мод сөөг, зүлгийг 20,100 ам метр талбайд тарихаар бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ нь өмнө нь нийслэлд хийж байсан ногоон байгууламжаас 2-3 дахин илүү гэсэн үг юм.

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-Шаардлага хангахгүй шугам сүлжээ тавьсан аж ахуйн нэгж, компани, хүлээж авсан Улсын комисст ажилласан албан тушаалтнуудыг хуулийн байгууллагаар шалгуулна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс аль аль талдаа хариуцлагатай байх бодлогыг баримталж байгаа. Мөн ногоон байгууламжийн арчилгааны ажлыг хувийн аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэхээр болж байна. Өмнө нь нийслэлийн төр, захиргааны байгууллага энэ ажлыг хийдэг байсан нь техникийн шинэчлэл хийхэд хүндрэл учруулдаг байсан. Одоо ногоон байгууламжийн арчилгаа, хамгаалалтын ажлыг бизнесийн зарчмаар нь явуулж, нийслэлийн зүгээс хяналтаа тавьж, хариуцлагаа нэхнэ. Хэрэв хариуцлага алдвал гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэлээ.

М.Баяраа: Шугам сүлжээ солих ажлыг иргэдэд тухай бүр мэдээлнэ

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа хариулт өгсөн юм.

-Дулаарахтай зэрэгцээд өнгөрсөн жил ухсан газраа дахин ухаж, шугам сүлжээ сольдог, дахиад л ногоон байгууламжаа нүүлгэн шилжүүлдэг. Энэ нь үргүй зардлыг бий болгодог. Үүнд хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Улаанбаатар хотын дулаан, цэвэр, бохир усны шугам, сүлжээний 60-70 хувийнх нь насжилт хэтэрсэн. Эдгээр шугамын насжилт стандартаар 15 жил байдаг. Өнгөрсөн өвөл л гэхэд “Хүннү” хороолол, “Japan town”-ий гудамжинд шугам дөрвөн удаа буудсан. Нэг газар цоороод, тэрийг нь нөхөхөөр усныхаа даралтыг даахгүй, өөр газар дахиад бууддаг. Энэ байдлаар зам сэтлэх, ногоон байгууламжийг сүйтгэх асуудал бий. Энэ жилийн тухайд шугам сүлжээ солих бүтээн байгуулалтын ажлыг иргэдэд тухай бүр мэдээлнэ. Хүмүүс нэг шугамыг нөгөөгөөр сольж байна, чанар, стандарт, хэмжээний хувьд өөрчлөлт байхгүй гэж ойлгодог. Хотын орон сууцны хороолол тэлэх тусам түүнийг дагаад шугамын багтаамж томрох ёстой. Голч нь 200 байсныг 400 болгож өөрчилж байгаа. Хуучин хэвээрээ байх юм бол байшин хорооллоо усаар хангах боломжгүй болно.

Дэлхийн банкны санхүүжилтээр Их, Бага тойрууд шугам солих ажлыг энэ зун хийнэ. Манайх хонгилын системгүй. Тиймээс зарим явган хүний зам, дугуйн зам үүнд өртөхөөр байгаа. Мөн зарим уулзвар өртөж байгаа. Тиймээс уулзваруудад хонгилын систем бий болгож, дахиж газар ухахгүй байхаар төлөвлөж байна. Гэхдээ хонгилын систем зардал өндөртэй.

Шугам сүлжээ солихтой холбоотойгоор ногоон байгууламжийг шилжүүлэх ажлыг энэ долоо хоногоос хийж эхэлнэ. Түүнчлэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр Эрчим хүчний яамны баруун талын шугам сүлжээг солих бөгөөд холбогдох байгууллагуудтай хамтран зохицуулалт хийж ажиллана. Улаанбаатар хотын ачаалал бага байдаг зуны улиралд, богино хугацаанд хэсэгчилсэн байдлаар хийхэд анхаарна. Мөн нөхөн сэргээлтийг хамт хийхээр төлөвлөж байгаа хэмээлээ.

Мөн нэг км урт шугам хоолой байлаа гэхэд тухайн жилд түүнийхээ тодорхой хэсгийг, дараа жил нь үлдсэн хэсгийг нь гэх мэт байдлаар сольдог гэдгийг онцолж байв. Энэ нь иргэдэд нэг газраа ухаад байгаа мэт харагддаг бөгөөд шугамыг нэг дор бүрэн солих санхүүжилт дутмаг байдагтай холбоотой юм. Иймээс үе шаттайгаар сольдог гэдгийг хэлж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *