Эх орны дайны ялалтын 78 жилийн ойг хамт тэмдэглэв

0

Сэлэнгэ аймгийн Засаг даргын урилгаар ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн А.С.Цыденов, Засгийн газрын гишүүдийнхээ хамт Сэлэнгэ аймагт албан ёсны айлчлал хийж байна.

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн А.С.Цыденов Алтанбулаг суманд байрлах Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлэв.

Эх орны дайнд ялалт байгуулсны 78 жилийн ойг Сэлэнгэ аймгийн хувьд аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн урилгаар хүрэлцэн ирсэн ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын тэргүүн А.С.Цыденов болон Орос, Буриадын элч төлөөлөгчдийн хамт өргөн бүрэлдэхүүнтэйгээр ёслол төгөлдөр тэмдэглэв.

Энэ өдөр дэлхийн ард түмний төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн Зөвлөлтийн эрэлхэг дайчдын эгнэшгүй баатарлаг гавьяаг дурсдаг. Хоёр орны хамтын ажиллагаа, ард түмний эв нэгдэл, харилцан ойлголцлыг улам бэхжүүлэх, залуу хойч үеийг цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд аугаа их ялалтын түүхэн баримт үнэний гэрч болдгоороо онцлогтой.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж:

-Өнөөдрийн бидний бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалж, амь биеэ үл хайрлан тулалдаж, атга шороо, алхам газрынхаа төлөө алтан амиа өргөсөн баатарлаг цэрэг эрс. Одоо энх тунх амьдарч байгаа ахмад үеийнхээ байгуулсан гавьяаг бид үеийн үед мөнхөд дуурсах учиртай.

Энэхүү түүхэн үйл явдал Ялалтын баярын үйл ажиллагааг Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улстай хамтран тэмдэглээд олон жил болж байна. Бид дайны хүнд цаг үед ч, энхийн цагт өнөөг хүртэл хамтын найрсаг харилцаагаа хадгалж, улам өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж ирсэн ард түмэн юм.

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн А.С.Цыденов:

-Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сэлэнгэ аймагт урилгаар ирсэндээ маш их баяртай байна. Орос, Монголын ард түмэн хамтдаа маш их бэрхшээлүүдийг даван туулсан. Манай дунд сургуулийн хүүхдүүд түүхийн хичээлээрээ дайны үед монголчууд ямар том тусламж үзүүлж ирснийг мэдэж авдаг. Бид түүхээ үнэнээр мэдэж байх нь маш их үнэтэй зүйл юм гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *