Эрдэнэс Тавантолгой яг хэнийх юм бэ?
Дэлхийн коксжсон нүүрсний хамгийн том орд болох Эрдэнэс Тавантолгой (ЭТТ) олон жил монголчуудын анхаарлын гадна байсаар ирсэн хачирхалтай түүхтэй. Гэвч саяхнаас газар авсан нүүрсний хулгайн “буян”-аар олны анхааралд зүй ёсоороо орж байна. Одоохондоо манай улсын нэг тэрбум ам.доллар давсан орлоготой ганц компани төдийгүй улсдаа хамгийн их татвар төлдөг, ном ёсоороо ажиллавал 2-4 тэрбум ам.долларын борлуулалт хийх боломжтой компани юм. 6.8 тэрбум тонн нүүрсний нөөц, асар их метан хийн илэрц, яг зах зээлийнхээ хажууд, ашгийн өндөр маржин гээд олон давуу тал нь энэ компанийг олны анхаарлын гадна байлгах шалтгаан байсан биз ээ. Монголын улс төр, бизнесийн хүчирхэг акулууд ЭТТ-д эзэмшлээ тогтоох гэж үе, үе хүчтэй тэмцэл өрнүүлсээр ирсэн. Уг нь бол ЭТТ нь хэн нэгэн хувь хүн, гэр бүл, акул, бүлэглэл, компанийн эзэмшилд бус харин бүхэлдээ Монголын ард түмний эзэмшилд байх ёстой компани л даа.
Монгол хүн болж төрснийхөө хувьд эх орныхоо байгалийн баялгаас хувь хүртэх жишгийг чухам ЭТТ л тогтооно. Бидэнд ногдсон 1072 хувьцаа бол эхлэл хэмээн монголчууд бид найдсаар, тэвчээртэй хүлээсээр 13 дахь жилтэйгээ золгоод байна. Харамсалтай нь өнөөдөр иргэн бүрт амалсан 1072 хувьцаа байтугай ЭТТ ХК өөрөө чухам хэний өмч, эзэмшил болох, ямаршуухан ирээдүй хүлээж байгаа нь тодорхойгүй байна.
ЭТТ бол ард түмний өмч, монголчууддаа хувьцаа хэлбэрээр эзэмшүүлнэ гэж амалсан 2010 оноос хойш төр, засаг маань ЭТТ-г 2015 онд Хятадын “Шенхуа ба ЭмСиЭс Энержи Ресурс”-ын хамтарсан консорциумд бүхэлд нь бараг л үнэгүй шахам өгөхөө алдаж нэг бүтэлгүйтсэн. 2019 онд олон улсын зах зээл дээр гаргана. IPO хийх нэрээр лицензийг нь “ЭТТ Майнинг ХХК”-гэх компанид шилжүүлж тойруу замаар хувьчлах ажиллагаа явуулах гээд бас нэг бүтэлгүйтсэн.
Нөгөө ард түмэндээ өгчихлөө, эзэмшүүллээ гээд байсан 1072 хувьцаагаа тэтгэвэрийн хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан хүүхдүүд, иргэдээсээ буцаагаад авчихсан гээд ярьвал эрх баригчид ЭТТ-г зүгээр нэг тавиад туучина, ард түмэндээ өгчинө гэж найдах хэрэггүй л болов уу. Өнгөрсөн 10 гаруй жилд ЭТТ эрх баригчдын, эрх мэдэлтнүүдийн улс орноо тонон дээрэмдэх талбар, ард иргэдийнхээ саналыг худалдан авах улс төр, бизнес, авлига, хахуулийн томоохон хэрэгсэл болж хувирсан.
Сүүлийн үед дуулиан тариад байгаа 45 их наядын алдагдал гэдэг хэдий санаанд багтмааргүй том тоо ч суугаад бодохоор бодит, үндэслэлтэй юм. Гэхдээ сонирхолтой нь 40-50 их наядаар хязгаарлагдахгүй аж. 10 жилээр тооцвол алдагдал бүр 70-80 их наяд төгрөгт хүрч буй. Энэ нь зарим нэг нөхдийн яриад байгаа шиг алдагдсан боломжийн өртөг биш.Харин бодит алдагдал юм. Байхгүй зүйлийг байгаа мэтээр төсөөлөн бодож харьцуулах, тухайлбал “төмөр зам барьчихсан байсан бол төчнөөн ашиг хийх байсан” гэвэл тэр нь алдагдсан боломжийн өртөг болно. Харин 17200 машин “хоосон” гэсэн бүртгэлээр хил давсан. Хятадын ганц модны боомт ($200-400) ба ЭТТ уурхайн аман дахь нүүрсний үнийн ($27-70) зөрүү 200-350 ам.доллар байна. Гашуун сухайт боомт–хилийн үнэ ($180) ба ЭТТ уурхайн амны үнэ ($60-80)-ийн зөрүү 100-120 доллар байна, нүүрстэй машины жин өөрөөр бичигдлээ. Шошго солигдож байна, нүүрсний мөргөцөг алга боллоо гэдэг бол ямар нэгэн төсөөлөл биш харин бодит, баримттай үйлдэл, ажиллагаа бөгөөд ЭТТ-д сүүлийн 10 жилд гарсан бодит алдагдлын шалтгаан, эрх баригчид, ЭТТ-н удирдлагын санаатай санаагүй үйлдэл, эс үйлдлээс үүдэлтэй бодит хохирол юм.
Жилдээ 16-30 сая тонн нүүрс экспортолдог энэ компани зөвхөн үнийн зөрүү дээр гэхэд тонн тутамд $100-250 ам.доллар алддаг гэвэл манай эрх баригчдын яриад байгаа ЭТТ-д жилдээ улсын төсөвтэй тэнцэх хэмжээний буюу 3-5 тэрбум ам.долларын алдагдал гараад байна гэдэг үг тун чиг ортой болно. Эзэнгүй хотонд орсон чоно аятай л цөлмөж байгаа юм шүү нээрээ. Энэ том луйврын ард хил дамнасан Хятад, Монголын хамтарсан нүүрсний бүлэглэл байгаа гэдгийг “Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал хэлсэн байдаг.
Эзэнгүй хотыг цөлмөж дуусгахаас нааш хулгай тасрахгүй. Тиймээс ЭТТ-г тойрсон энэ их хулгай, луйврыг зогсоох найдвартай арга нь ордыг жинхэнэ эздэд нь, Монгол Улсын бүх иргэдэд өгөх, эзэнтэй болгох юм. ЭТТ-д одоогийн (2022 оны 12-дугаар сар) байдлаар нийт зарласан 15 тэрбум, үүнээс гаргасан 12 тэрбум хувьцаа байна. Өөрөөр хэлбэл, нийт зарласан хувьцааны 80 хувь буюу 12 тэрбум нь эзэнтэй болсон. Харин үлдсэн 20 хувь буюу гурван тэрбум нь хэн нэгний эзэмшилд бус харин нөөцөнд байгаа гэсэн үг. (Хүснэгт А).
Зарласан боловч гаргаагүй үлдсэн 3.000.000.000 хувьцааг ямар нэг байдлаар гаргасан, зарсан, хэн нэгний эзэмшилд очсон гэсэн албан шийдвэр одоогоор байхгүй байгаа. Тиймээс энэ нь ЭТТ ХК-ийн нийт хувьцаа эзэмшигчийн шийдвэр гартал зарласан боловч гаргаагүй хувьцаа /нөөц/ хэлбэрээр хадгалагдаж үлдэнэ гэсэн үг. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, ЭТТ нийт 15 тэрбум хувьцаа гаргасан мэт бусдад ойлгуулах, гаргаагүй үлдсэн гурван тэрбум хувьцааг төр буюу “Эрдэнэс Монгол” ХХК эзэмшдэг мэтээр ойлгох, ойлгуулах нь буруу бөгөөд энэ нь хожим хувьцаан дээр будлиан, маргаан үүсэх үндэс болж болзошгүй юм.
Тухайлбал, ЭТТ 15 тэрбум хувьцаа гаргасан мэтээр бодож иргэд 14.75 хувь, төр 85 хувь эзэмшиж байна гэж тайлбарлах нь учир дутагдалтай. Миний хувьд үлдэгдэл гурван тэрбум хувьцааг юун түрүүнд хувьцаагүй үлдсэн иргэддээ, хувьцааг нь буцааж худалдан авсан иргэддээ болон бусад иргэддээ хувь тэнцүүлэн олгох нь зүйтэй гэж үзэж байна.
Өнөөгийн байдлаар 3.3 сая орчим монголчуудаас 2.512.771 иргэн ЭТТ-н нийт гаргасан хувьцааны 18.44 хувийг буюу 2.213.063.202 ширхэг хувьцааг (Хүснэгт Б) эзэмшиж байгаа.
Ойролцоогоор 793.200 иргэн ямар нэг хувьцаа эзэмшээгүй байна. Мэдээж энэ тоо цаг хугацааны туршид хүн амын бүтэцэд болон хувьцааны бүтэцэд орох өөрчлөлттэй уялдаад өөрчлөгдөнө. 486 ААН 7.065.038 ширхэг буюу нийт гаргасан хувьцааны 0.06 хувийг эзэмшиж байгаа. Эдгээр нь чухам ямар ААН-үүд болох ямар үндэслэлээр хувьцаа эзэмшиж байгаа нь тодорхой бус. ЭТТ-г ард иргэддээ шударгаар хувь тэнцүүлэн эзэмшүүлэх бодлоготой үл нийцэж буй. Би иргэдийн зүгээс тавиад буй ЭТТ-г ард түмэндээ 100 хувь үнэгүй эзэмшүүлэх ёстой гэсэн шаардлагыг дэмжиж байгаа. Эдийн засагч хүний хувьд ЭТТ-н асуудлаар бид дараах бодлогыг баримталж хэрэгжүүлэх нь зөв гэж үзэж байна. Үүнд:
-Юуны өмнө ЭТТ-н хяналтын багц 70-аас доошгүй хувийг ард түмэндээ үнэ төлбөргүй эзэмшүүлэх боломжтой байгаа тул үүнийг даруй шууд хэрэгжүүлэх. Иргэдийн эзэмшлийг 100 хувьд хүргэх. Үүнд:
-Хяналтын багц 70 хувийг 3.3 сая иргэндээ өгвөл нэг иргэнд ойролцоогоор ~3,170 ширхэг хувьцаа ногдох боломжтой болно
-Ард иргэддээ 100 хувь эзэмшүүлвэл нэг иргэнд ойролцоогоор ~4,500 ширхэг хувьцаа ногдох боломжтой болно
-Өмнө нь хувьцаагаа Засгийн газарт 1072, 536, 9, 322 ширхэгийн багцаар нь өгсөн, арилжсан, алдсан бүх иргэн хувьцааг нь буцааж олгох. Зөвхөн жилийн ногдол ашиг нь 1-2 сая төгрөг хүрэх боломжтой хувьцааг Засгийн газар иргэдээсээ нэрлэсэн үнээр нь их бага багцаар буцааж авсан нь хувьцаа эзэмшигчдийг мэхэлсэн, өмчийг нь “булаан авсан”, хохироосон увайгүй үйлдэл төдийгүй иргэдийн саналыг нь өөрийнх нь мөнгөөр худалдан авсан, улс төрийн ашиг хонжоо харж хийсэн зальжин ажиллагаа байсан. Тиймээс Засгийн газар иргэдээс худалдан авсан хувьцааг буцаан олгоод дараа нь ногдол ашгийг нь суутган авах замаар хувьцааны төлбөрийн асуудлыг шийдэх нь зүйтэй. Тухайлбал 1072 хувьцаанд оногдох ногдол ашиг 1.2 сая төгрөг боллоо гэж төсөөлвөл Засгийн газар нэг сая төгрөгийг хувьцааны төлбөрт суутган аваад үлдсэн 200 мянган төгрөгийг нь ногдол ашигт нь олгох гэсэн хувилбараар асуудлыг шийдэж болно.
-Эхний ээлжинд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс 2022.12.31-ны хооронд төрсөн бүх хүүхдүүдэд хувьцаа олгох.
-Одоогоор нийт гаргасан хувьцааны 0.06 хувь буюу 7.065.038 ширхэг хувьцааг зэмшиж байгаа 86 ААН-ээс бүх хувьцааг нэрлэсэн үнээр нь буцааж худалдан авах.
-Хувьцааг өвлүүлэх ёстой. Одоо шинээр төрж буй иргэддээ хувьцаа олгох эерэг сайхан төсөөллөөр бодсон ч гэлээ хэрэв хувьцааг өвлүүлэхгүй бол 70 жилийн дараа 2090 он гэхэд нийт хувьцааны 60 гаран хувь нь эзэнгүй болж буцаад Засгийн газарт очих, 100 жилийн дараа гэхэд компани үндсэндээ бүхлээрээ Засгийн газарт буцаж очих, хувьцаа эзэмшдэг хувь хүн үлдэхгүй нөхцөл үүсэхээр байна. Гэтэл энэ компани-орд чинь өнөөгийн хурдаар явбал 200 гаран жил ажиллах нөөц, бололцоотой. Гадна, дотны бүлэглэлийн гар хөл болсон увайгүй этгээдүүд болох Баабар, оймс хочит Наранбаатар нар 2015 онд: нүүрс үнс боллоо. 2-3 жилийн дараа гэхэд нүүрс ямар ч үнэ, цэнэгүй болно. ЭТТ-г одоо даруй зар, Хятадын Шенхуад өг- гэж бачууран орилж байсныг санаарай. Гэтэл өдгөө нүүрс бараг алт болсон байна. Бүр метан хий болж хувирдаг гэж байна. Тиймээс ЭТТ цаашдаа он удаан жилээр үнэ, цэнэтэй компани байсаар байх нь дамжиггүй.
•Харьяатаас гарсан иргэдийн хувьцааг ЭТТ буцаан авах. Монголын баялагт, үүн дундаа ЭТТ-д хувь эзэмшинэ гэдэг Монгол Улсын иргэнд оногдож буй онцгой эрх тул Монголын иргэншилээс татгалзсан хүмүүсийн хувьцааг компани буцааж авах нь зөв юм.
•Ард иргэд ЭТТ-д хувь эзэмшиж буй бол энэ нь ЭТТ-н охин болон хөрөнгө оруулалттай компаниудад, тухайлбал “Тавантолгой төмөр зам”, “Зүүнбаян төмөр зам”, “Тавантолгой түлш” “Тавантолгой дулааны цахилгаан станц” зэрэгт зохих хувь эзэмшинэ гэсэн үг.
•Өнөөдөр ЭТТ-г хаалттай хувьцаат компани хэвээр байлгах, ямар нэг байдлаар хувьцааг нь арилжих, IPO хийхийг хатуу хориглох ёстой. Энэ нь иргэдийн үнэ цэнэтэй хувьцааг хамгаалах зорилготой. 90-ээд оны цэнхэр, ягаан тасалбар шиг үнэгүйдэх явдлаас сэргийлж буй юм. Компанийг хувьцааг бирж дээр арилжуулахгүй гэдэг нь эрх баригчидын бодож олсон “Иргэдийн эзэмшиж буй 1072 хувьцаа нь саналын эрхгүй байна, СЗХ-нд бүртгэхгүй” гэх зэрэг урхинд орж гацна гэсэн үг биш. Бид зохих журмуудад өөрчлөлт хийж 1072 хувьцааг саналын эрхтэй болгож компанийн ТУЗ-д өөрсдийн төлөөллөө өөрсдөө сонгож оруулдаг болно.
•ЭТТ-г улс төрөөс хамааралгүй болгож компанийн удирдлагыг Засгийн газрын оролцоогүйгээр сонгодог журмыг баталж хэрэгжүүлэх. Энэ нь олон улсад төрийн болон нийтийн өмчит уул уурхайн компаниудын сонгодог загвар болсон Норвегийн Икүинор, Чилийн Коделко, Малайзын Петрөнас компаниудын туршлагаас санаа авсан хэрэгжүүлж болох бүрэн бололцоотой ажиллагаа юм. Монголчууд бид өөрийн өмчдөө хууль ёсоороо бүрэн эзэн суух цаг нь аль хэдийн болсон. 13 жил гэдэг хангалттай хугацаа, дахин хүлээгээд юу бүтэх юм? Өмчийг хууль ёсны эзэнд нь очиход саад хийх зорилгоор эрх баригчид санаанаасаа ургуулан зохиосон элдэв дүрэм, журам, саад тотгорыг бид халж өөрчлөх ёстой. Үйлдэл, эс үйлдэл, хүнд суртлаараа ЭТТ-г үнэгүйлдүүлж байгаа, өмчийг жинхэнэ эздээс нь холдуулах, ач холбогдлыг нь бууруулах үйлдэл хийж байгаа этгээдүүд, эрх мэдэлтнүүд, эррх баригчидыг бид зогсоох ёстой. Тийм ээ, ЭТТ бол өөр хэний ч биш гагцхүү Монголын ард түмний өмч.
эх сурвалж: Sonin.mn