Б.Жавхлан: “Алт-3” хөтөлбөрийг эрчимжүүлэх тогтоол гарна. УИХ үүнийг дэмжих байх гэсэн хүлээлттэй байна

0
жавхлан

“Алт-3” хөтөлбөрийн талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.

-Төсвийн орлогын гол ачааг уул уурхайн салбар үүрдэг. Нүүрсний үнэ 40 орчим хувиар буурсан энэ үед бид “Алт-3” хөтөлбөрөө явуулах уу. Энэ яаралтай юу. Одоо төсвийн тодотгол орж байна. Энэ жил дуусахад хагас жилийн хугацаа л үлдлээ. Энэ хугацаанд эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулахын тулд энэ төсөл өөрөө ямар үр өгөөжтэй вэ. Энэ хөтөлбөрийг явуулах яаралтай шаардлага бий юу?

-Ганц алт гэхгүйгээр бид бүх түүхий эдийнхээ экспортод онцгой анхаарах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд хайгуулын бодлого нэлээд хоцорлоо. Ялангуяа алт дээр. Тийм учраас эргэлтэд орох алтны үйлдвэрлэлүүд маань ерөнхийдөө зогсчихсон юм байна. Ер нь одоо байгаа, өмнө судлагдчихсан лиценз бүхий алтны үйлдвэрлэлүүдийг л эргэлтэд оруулах нь чухал байгаа юм. Монгол Улсын хувьд хамгийн том онцлог бол алт. Газрын хөрсөн доороо бид валютын нөөцтэй. Үүнийгээ л эргэлтэд оруулах ёстой асуудал байгаа. Мэдээж үүний нөгөө талд зөрчилддөг асуудал бол байгаль орчны асуудал. Алтны үнэ 2000 дээр бараг 10 гаран жил явж ирлээ. Одоо 3400 гэдэг чинь бараг 70 гаруй хувиар өсчихсөн байгаа энэ том боломжийг бид алдаж болохгүй.

-Алтны үнэ цаашдаа ч гэсэн тогтвортой байж чадах уу?

-Энэ үнэ бол ер нь буухгүй дээ. Цаашаа өснө үү л гэхээс биш буухгүй. Харин ямар хурдтайгаар өсөх нь вэ гэдэг л асуудал байгаа юм. Тийм учраас энэ боломжит үеийг бид давуу тал болгож ашиглах ёстой юм.

-Байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал мэдээж хөндөгдөх байх. Энэ дээр ямар бодлого байх вэ?

-Байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал хамгийн чухал нь. Өмнө нь үүнийг ТЭЗҮ-ийн 50 хувиар эргэлтэд оруулдаг байсан бол одоо босгоо өндөр тавих хэрэгтэй. Алтны үнэ ийм боломжийн байгаа учраас нөхөн сэргээлтийн зардлыг нь бол наачихаар байгаа. Тийм учраас нөхөн сэргээлтийг 50 биш 100 хувиар гэдэг шаардлагыг ТЭЗҮ дээр тавиад эргэлтэд оруулах ёстой.

-Гол асуудал нь тусгай хамгаалалтаас гарах байгаа шүү дээ. Үүнийг төсөлдөө тусгасан юм болов уу?

-Миний сая хэлсэн хаалт, нөхөн сэргээлтийн асуудлыг л 100 хувь тавих ёстой юм. Ямар байсан буцаад тэр хэмжээнд л аваачих ёстой гэдэг шаардлагыг тавих юм бол бид хаана ч байсан байгаа валютынхаа нөөцийг эргэлтэд оруулах ёстой. Би л хувьдаа тэгж бодож байна. Би мэргэжлийн уул уурхайн хүн биш л дээ.

-ААНОАТ дээр өөрчлөлт оруулах эсэх асуудал яригдаж байгаа юм билээ?

-Үүнийг бол би эрс эсэргүүцнэ. 2000 байсан алтны ханш 3400 болчихсон байхад улсад төлсөн татвараа багасгана гэдэг ойлголт байхгүй. Харин ч илүү боломж гарч ирэх учраас үүнийгээ төлөх ёстой. ААНОАТ-ыг аль нэг салбарыг онцолж, аль нэг салбарт зориулж бодлого гаргадаг зүйл хэзээ ч байхгүй. Тийм учраас төлдөг татвараа одоогийнхоороо төлөөд явна. Харин нийтлэг яригдаж байгаа асуудал бол удахгүй өргөн барих татварын реформ дотор шатлалыг илүү олон болгох юм. Одоо бол борлуулалтын орлого 1 тэрбум 500, ашиг нь 6 тэрбум хүрэх юм бол 10 хувь, түүнээс дээш бол шууд 25 хувь гээд шууд үсэрдэг. Үүнийг 6 тэрбум, 10 тэрбум гэсэн шатлалтай болгоно. 6-10 тэрбум дотроо 15 хувь гэсэн шинэ шатлал оруулж ирж байгаа. Тийм учраас энэ зөвхөн алт гэлтгүй бүх л салбаруудад жигд үйлчлээд явах ийм татварын бодлого байх юм.

-Тусгай хамгаалалтын хуульд өөрчлөлт оруулах асуудал тусгагдсан уу?

-Нэгэнт ийм том асуудал хэлэлцэх гэж байгаа учраас салбар салбарын төсөвт нэмэр болох асуудлыг бид хамаад оруулж байгаа. Энэ дотор “Алт-3” хөтөлбөрийг эрчимжүүлэх тогтоол гарна. УИХ үүнийг дэмжих байх гэсэн хүлээлттэй байна. Засгийн газрын тогтоол бас хүч сулдаад байна. УИХ-ын түвшинд, хууль тогтоомжийн түвшинд гарах асуудлууд байгаа юм байна гэж ойлгож байгаа. Тийм учраас эдгээр асуудлуудыг хөндөж УИХ-ын түвшинд тавина.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *