“Наадмаар иргэд цахим залиланд өртөж, 248 саяар хохирсон”

2025 оны долдугаар сарын 22-ны өдөр иргэн Э телеграмм аппликейшнээр “мөнгөө өсгөх” зорилготой зар мэдээлэлд итгэж, нэр бүхий хаягтай холбогдон хоёр удаагийн гүйлгээгээр бусдын данс руу мөнгө шилжүүлэн 13.7 сая төгрөгөө залилуулжээ.
Энэ талаар, ЦЕГ-ын ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Ш.Жамъяндоржоос тодрууллаа.
-Тэрбээр, зөвхөн баяр наадмын өдрүүдэд гэхэд 28 залилах гэмт хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнд 248.7 сая төгрөгийн хохирол учирсан. Нийт бүртгэгдсэн цахим залилангийн хэргийн 50 хувийг “Телеграм”-аар дамжуулан үйлдсэн. Үүнээс үүдэж 170 орчим сая төгрөгийн хохирол учруулсан. 2025 оны эхний зургаан сарын байдлаар 9696 цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 3786-аар буюу 64.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ нь нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 36.3 хувийг эзэлж байгаа юм.
Мөн “Бараа, үйлчилгээ захиалах” нэрийн дор үйлдэгдсэн залилангийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байна. Тухайлбал, энэ төрлийн гэмт хэрэг өнгөрсөн онд 1243 бүртгэгдэж байсан бол энэ оны зургаан сарын байдлаар 2282 болж өссөн.
Мөн энэ оны зургаан сарын байдлаар даалгавар биелүүлэх телеграм ашигласан залилан 668, хандив гэх нэрийн дор үйлдэгдсэн 474, бусдын цахим хаяг ашиглаж үйлдсэн цахим залилангийн 386 гэмт хэрэг тус тус бүртгэгджээ.
Гэмт этгээдүүд цахим залиланг олон үйлдлийн аргаар үйлддэг гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Тодруулбал, мөнгө өсгөх, түрээсийн үйлчилгээ, бусдын өмчөөс зээл авсан, зээлийн эрх үүсгүүлэх, зээлийн урьдчилгаа, интернэт банкаар мөнгө гаргах, мөрийтэй тоглоом, сугалаа, валют солиулах, виз гаргах, жолооны ангилал ахиулах, хөрөнгө оруулалт, ажилд оруулж өгөх, цахим ажлын урьдчилгаа зэрэг аргаар үйлддэг” гэв.
Сүүлийн үед иргэд цахим сүлжээнд цагийг их өнгөрүүлдэг болсон. Ингэхдээ амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор телеграм, фэйсбүүк зэрэг платформоор дамжуулан мэдээлэлд шүүлтүүртэй хандсанаас үүдэж гэмт хэргийн хохирогч болсоор байна. Тиймээс үл таних этгээдэд мөнгө шилжүүлэхгүй байх, хувь хүний мэдээллээ задруулахгүй байх. Мөн баталгаагүй эх сурвалжаас ирсэн холбоос, мессеж, гүйлгээний хүсэлтүүдийг анхааралтай шалгаж, хувийн мэдээллээ хуваалцахаас зайлсхийх хэрэгтэйг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.