“ГУУЛЬ БОЛСОН ХУУЛЬ”

Энэ бүлгийн нэрийг юу ч гэсэн болохоор юм билээ дээ. “Монголын хууль 3 хоногийн настай” гэдэг ч юм уу.
Фемидагийн тухай нөгөөх хоёр шог зураг байна билээ. Шог ч гэж дээ, манайд бол ердөө шог биш, жинхэнэ бодит байдал. “Гадны хүнд бол инээд, бидний хувьд ханиад”.

Энэ бүлгийг бичих болсон шалтгаан нь их сонин. Үнэнхүү хуурамч нэгэн улс төрч-түшмэлийн тухай. Өөрсдөө уншаад үзнэ биз. Хууль болон төрийн талаар онцлогтой бичсэн үгс нь жинхэнэ онч, мэргэн үгс. Ганц, хоёроос нь ишлэвэл,
- “ТӨР БОЛ ХУУЛЬ ЁСООР ХҮЧИРХИЙЛЭГЧ МӨН.”Макс Вэбэр (1864-1920 он. Германы социологич)
- “ХУУЛЬ ТОГТООГЧИД ХУВЬ ХҮНИЙ БИЕ ДААСАН БАЙДЛЫГ БООЛЧЛОЛООР, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАВЧЛАГА МӨРДЛӨГӨӨР, ӨМЧ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМ ТОНУУЛААР СҮЙТГЭХДЭЭ МӨНӨӨХ Л ХУУЛИА ХЭРЭГЛЭЖ БАЙГААГ ОЙЛГОХОД ТИЙМ ХЭЦҮҮ БИШ.” Ф.Бастиа (1801-1850 он, Францын эдийн засагч, нийтлэлч)
- “ХУУЛИЙН ДАГУУХ БҮХ ЮМ ЗӨВ БАЙДАГГҮЙ.” Р.У.Грант (АНУ-ын нийтлэлч, “Талхны гайхамшигт машин” бүтээлээс. 1966 онд анх, 1999 онд 2 дахь удаа хэвлэгдсэн)
Монголын хуульчдын төрх байдлыг ёстой ний нуугүй үзүүлсэн байна лээ дээ. Хуульчид нь философи, этикийн мэдлэг боловсрол дутуу, тархинд нь байгаа ганц зүйл нь цээжилсэн хэдэн хуулийн зүйл, анги байдаг учраас асуудалд яг л робот-машин шиг ханддаг тухай өгүүлж. Нээрэн ч зохиогчийн хэлснээр, “байгаа ганц багаж нь алх юм бол бүх асуудал хадаас болж харагдахаас” өөр яах билээ.
Энэ бүлгийн дэд сэдвүүд: Хууль ёс: Ер нь хууль гэж юу вэ?; Хууль тогтоогчдын тухай; Хуулийн үүсэл; “Тамхины хуулиас” үүдэлтэй бодомж; Үндсэн хууль; Хууль завхардаг тухайд; Монгол хүн хуулиар сэтгэж, түүний дагуу амьдардаг уу?, Зүй ёс: Зүй ёс бол хуулийн үндэс-суурь; Зүй ёсны онол; Эрх зүйн философийн тухай, Хүн ёс: Хуульжсан хүн ба ёс суртахуунжсан хүний тухай; Хүмүүний ил, далд үйлдэл; Ёс суртахуун гэж юу вэ?; “Тунгалаг Тамир”-ын Эрдэнэ тийм сайн хүн мөн үү?
Хууль гэж жинхэнэдээ юу болохыг философи үндэслэлтэй гаргажээ. УИХ-д суугаа хэдэн нөхдийн санаасаа зохиосон зүйлийг хууль гэдэггүй юм гэдгийг хэлсэн байв. Улс төрчид болоод тэдний гар хөл болсон хуульчид зүй бус (unjust) хууль гаргаж аваад түүнийгээ ард түмний нуруун дээр тохсон эмээл болгоод дээр нь сууж аваад биднийгээ давирч, ташуурдаж өгдөг тухай өгүүлж.
Монголчууд яагаад хуулиар амьдарч чаддаггүйг түүхэн үндэслэлтэй тайлбарласан байв. Энэ бүлэг дэх хууль нь бичиг үсэгтэй салшгүй холбоотой болох тухай санаа бол үнэхээр бодууштай. Тэгэхээр нийтээр шахуу, ө.х. 95-96% бичиг үсэггүй ард түмэн хуулиар хэрхэн амьдрах вэ, болох, болохгүйг, хориотой хориогүйг хэн нэгний амнаас л сонсох нь, ийм уламжлалт ард түмэн хуульд хэр дассан байх вэ, хуулийг юу гэж үзэх, амьдралд нь ямар үүрэг гүйцэтгэх вэ гээд олон чухал асуудлыг хөндсөн байв.
Мэдээж, хуулийн тухай өгүүлж буй үед Ф.Бастиа, түүний нөгөөх алдарт бүтээл “Хуулийн” талаар яаж дуугүй өнгөрөх билээ! Бастиа болон Хууль номын зургийн тайлбарт: Төрөөс гаргадаг хууль хэр зэрэг завхарсан зүйл байдгийг Бастиа энэ номдоо маш ойлгомжтой, уран яруу илэрхийлсэн юм гэжээ.
Бас нэлээн философилог хоёр асуудлыг энд хөндсөн нь зүй ёс (justice) ба хууль ёсны харьцаа, хууль ёс ба хүн ёсны харьцааны асуудал байв. Маш сонирхолтой жишээ, баримттай.
Энд мөн сэтгэл эмзэглүүлдэг нэг асуудлыг гаргаж тавьсан нь Монголд хуульчдын өдүүлж буй гэмт хэргүүдийн тухай байв. Тэдний авилга, зодоон нүдээн, арын хаалгын тухай. Нийгмийг эрүүлжүүлж, цэвэршүүлэх ёстой хүмүүс маань яг үүнийхээ эсрэг зүйлийг хийж явдаг талаар өгүүлсэн байв.