20 хүүхдэд зодуулсан 14 настай хүүгийн ээж: Үр хүүхдээ араатан болгон өсгөж буй хүмүүстэй тэмцэнэ
Энэ сарын 8-ны орой 14 настай хүү ахлах ангийн хорь гаруй хүүхдэд зодуулсан хэрэг гарсан. Мэдээлэл анх нийтэд хүрэхдээ “Зодуулсан хүүхэд хичээлээ тараад харьж явахад нь 62 дугаар сургуулийн X ангийн хүүхдүүд таарч аль сургуульд сурдгийг нь асуусан. Хүүг сургуулиа хэлэхэд “Тэгвэл чи өнөөдөр үхсэн” гэж хэлээд зодсон гэдэг.
Хүүг зодуулж байх үед нь ангийн багш нь очиж шавиа салгаж авсан бөгөөд хөвгүүд түүн рүү чулуу шидэх гэх мэтээр дөхүүлэхгүй байсан тухай мэдээлэл ч гарсан. Бид зодуулсан хүүгийн ээжтэй ярилцлаа. Тэрбээр үр хүүхдээ араатан болгож буй хүмүүстэй эцсээ хүртэл тэмцэнэ гэв.
-Хүүхдийн тань бие яаж байна?
-Эхний үзлэг, шинжилгээгээр гэмтлийн зэрэг хөнгөн гэж гарсан. Миний хүү спортын хичээллэдэг. Жүдо, сагсаар маш тууштай яваа хүүхэд. Тийм ч учраас зодуулах үедээ өөрөө яаж ч чадахгүйгээ мэдээд нүүрээ хамгаалаад биеэ суллаад хэвтсэн гэж хэлсэн. Гэхдээ гэмтэл хожим илэрдэг учраас хөнгөн гэдэг онош дүгнэлтэд нэг их найдалгүй хүүгээ анзаарч байна.
-Хэргийн нөхцөл байдал хэрхэн үргэлжилж байна вэ?
-Тэнд олон хүүхэд байсан учраас хүү бид хоёрын эсрэг тэр чинээгээрээ олон хүн босч байгаа. Ямар сайндаа одоо миний хүүг хүүхэд зодсон гээд гүтгэж эхэлсэн. Багшийг нь авах гээд очиход манайхаас гадна нэг хүү зодуулсан байдалтай байсан гэсэн. Өчигдөр би хүүгээсээ бас багшаас нь асууж мэдээлэл авлаа. Миний хүү бол “Ээжээ, хүү нь хүний хүүхэд зодчихсон бол өөрөө чимээгүй л зодуулаад ирэх байсан. Би тийм хэрэг хийчихсэн бол юу гэж тань руу залгаж ирээч гэж хэлэхэв дээ” гэсэн. Хүүгийнхээ энэ үгэнд би үнэхээр итгэсэн. Хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхдөө ч гэсэн би хүүгээсээ асуусан.
Ажил мэргэжлийнхээ тал дээр ч камераас хол байж, өөрийгөө сурталчлахыг огт хүсдэггүй би нийгэмд бугшсан энэ муухай хандлага, хүүхэд хүүхдээрээ биш хүнлэг бусаар өсч өндийж байгааг бусдад сануулах гэж гарч ирсэн. Ер нь тэр орой олон хүүхэд зодуулсан. Нэг хүү толгой руугаа хоёр удаа тоосгоор цохиулсан. Би өнөөдөр ганцхан миний хүүг хохироочихлоо гэдэг хандлагаар бус ээж, аавууд өсвөр насны хүүхдүүддээ анхаараач. Хэдхэн хүн ч гэсэн миний яриаг уншаад үзээд нээрээ миний хүү хэдээс тараад, хаана юу хийж яваа бол гэж сэртэсхийж анхаараасай гэсэндээ л дуугараад байгаа.
-Та тэр хүүхдүүдтэй уулзав уу?
-Б гэж аравдугаар ангийн хүүхэд бусдыгаа зааж, чиглүүлж зодооныг хийсэн гэдэг. Гэтэл одоо эргээд миний хүүг хүүхэд зодсон болгох гээд байгаа. Миний хүүгийн хэлсэн үг ээжийнхээ зүрхэнд орсон. Нээрээ л миний хүү өөрөө хүүхэд зодчихсон бол чимээгүй зодуулаад өнгөрөх байсан гэдэгт би итгэж байгаа. Муухай нийгэмд чимээ өгье гэж дуугарсан чинь эргээд хүүг минь буруутгаж эхэлсэн. Үнэн гутлаа өмсөж байхад худлаа уул даваад явдаг гэдэг дээ. Ээж хүү хоёрыг гутлаа өмсөж байхад бидний эсрэг худал зүйлс уул даваад явчихлаа. Гэвч би бууж өгөхгүй. Хүүгийнхээ ард бат зогсож, үр хүүхдээ араатан болгон өсгөж буй хүмүүстэй эцсээ хүртэл тэмцэнэ. Ер нь 62 дугаар сургуулийн хүүхдүүд ТЭСО-гийн урд талын далан дээр байнга ийм зодоон хийдэг юм байна.