Б.Ерөөлт: “Шар айраг уухгүй бол унтаж чадахгүй” гэдэг бол хамааралтай болсны хүчтэй дохио
MedTugee богино контентын шинэ дугаарт сэтгэцийн эмч Б.Ерөөлтийг урьж архинд донтох эмгэг, хор уршиг болон эмчилгээний үр дүн, нийгмийн хандлагын тухай ярилцлаа.
Тэрбээр хөл нь өвдсөн хүн гүйлтийн тэмцээнд ороод яагаад ч амжилт үзүүлж чадахгүй шиг, сэтгэц нь өвдсөн хүнд өөрийнхөө сэтгэлийн хүчээр өөртэйгөө тэмцэнэ гэдэг маш хэцүү. Архинд донтох эмгэг бол сэтгэцийн өвчин. Тиймээс сэтгэцийн эмнэлэгт, сэтгэцийн эмч түүнийг эмчилж, тэмцэх ёстой гэж онцлов.
Энэ сэдвийг гүнзгийрүүлэн судалж, шалтгаан үр дагаврыг нь мөшгөн тунгаасан түүний ярилцлагыг хүргэж байна.
“ХОЁР ПИВОНЫХОО МӨНГИЙГ ӨӨРӨӨ ОЛЧИХДОГ, ХЭРҮҮЛ МАРГААН ДЭГДЭЭДЭГГҮЙ БОЛ ХЭН Ч ТҮҮНИЙГ БАРЬЖ АВЧ ЭМЧИЛЬЕ ГЭХГҮЙ”
-Бид өнөөдөр архинд донтох эмгэгийн талаар гүнзгийрүүлж ярина. Архины хэрэглээ, хамаарал хоёр ямар ялгаатай вэ?
-Архи бол дэлхий даяар түгээмэл хэрэглэдэг идээ ундааны нэг төрөл шүү дээ. Хэрэв архийг хэрэглэж байгаа нь тухайн хүнд болон амьдралд нь хор уршиг учруулаагүй, хэрэглээгээ хянаж чаддаг бол хамаарал биш. Харин хэрэглээгээ хянаж чадахгүй болсон, хэрэглээнээс шалтгаалж эрүүл мэнд, ажил, гэр бүл, сэтгэл зүйд нь асуудал үүсэж байгаа бол “архины хамаарал” буюу “архинд донтох эмгэг” гэж үздэг.
-Орой бүр нэг лааз шар айраг уудаг хүн хамааралтайд тооцогдох уу?
-Ерөнхийдөө хэрэглээгээ хянаж чадахаа болихыг л “архины хамаарал” гэж ойлгож болно. Жишээлбэл, баяр ёслол, тэмдэглэлт өдрөөр, найз нөхөдтэйгөө уулзахад ч юм уу, архи хэрэглэхдээ тодорхой цаг хугацаанд зогсоож, цаашдын амьдрал нь хэвийн үргэлжилж байх ёстой юм. Гэтэл уухаа зогсоож чадахгүй байх, цааш үргэлжлүүлэн хэрэглэх, олон өдөр дараалж уух зэрэг тохиолдолд донтох эмгэгт өртсөн гэсэн үг.
-Өөрийгөө хянаж чаддаг, оройдоо хоёр шил шар айргаас хэтрүүлэлгүй хэрэглэдэг хүмүүсийн хувьд асуудал ямар байх вэ?
-Хүн болгон адилгүй учраас хүн бүрийн хэрэглээ адилгүй. Зарим тохиолдолд ямар ч асуудал үүсгэхгүйгээр өдөр бүр хоёр пиво уугаад байвал тэр хүнийг шүүмжлэх эрх надад үүсэхгүй. Хань ижилд нь бэрхшээлгүй, маргаашийн ажил амьдралд нь ч асуудалгүй, эдийн засгийн хувьд хоёр пивоныхоо мөнгийг өөрөө олчихдог, гэр бүлээ санхүүгийн хувьд хангаж чаддаг, хэрүүл маргаан гардаггүй, өвчин зовлон үүсгэдэггүй нөхцөлд тэр хүнийг барьж аваад эмчилье гэж хэн ч хэлэхгүй шүү дээ.
Гэлээ ч үүнийг уншсан хүмүүс “Ингэж болох юм байна” гэж ойлгож болохгүй. Өдөртөө хоёр лааз пиво уухад олон төрлийн асуудал үүсэж, эрүүл мэнд нь хохирдог, эдийн засаг нь хямардаг бол, уучлаарай, үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй.
–Өдөр болгон ганц пиво уухад гэр бүл, санхүүд ямар нэг асуудал үүсэхгүй байж болох ч тэр хүний элэг муудах зэрэг эрүүл мэндийн асуудал үүснэ. Өдөр тутмын ажил амьдрал нь хэвийн хэр нь шөнө нойр хүрэхгүй байх жишээтэй. Ийм нөхцөлд орсон хүмүүс өөрсдийгөө хамааралтай болчихлоо гэж хэлдэг.
–Энэ тохиолдолд “Пиво уух ёстой” гэдэг санамж уураг тархинд үүсчихсэн байна гэсэн үг. Үүнийг л бид хамаарал гэж үзээд байна. Өөрөөр хэлбэл пивоноос хамааралтай нойртой болчхоод байна шүү дээ. Орой бүр “Пиво байвал л унтана, байхгүй бол унтаж чадахгүй” гэдэг бол хамаарал үүссэн гэдгийн хүчтэй дохио.
Энэ мэтчилэн оновчтой, зөв мэдлэгийг авахгүйгээр хүн бүр өөр өөрийн үзэл бодлоор хандвал шинжлэх ухаан оршин тогтносны хэрэг байхгүй болно.
“ДОРЖ ХАМААРЛААСАА ГАРЧ ЧАДСАН Ч БАТЫН ЭХНЭР НӨХРӨӨ ТҮҮНТЭЙ ХАРЬЦУУЛАН ЗАГНАЖ БОЛОХГҮЙ”
-Хамааралтай гэдгээ мэдээд, “болино” гэх сэтгэлийн тэнхээ хүн бүрд байдаг уу?
-Хүн бүр адилгүй гэдэг онолоо бид байнга бодож байх ёстой. Зарим хүмүүс хэн нэгний амжилт, алдаа дутагдлыг өөр нэгэнтэй заавал харьцуулах гэсэн хандлагатай. Жишээлбэл, Дорж пиво уухгүйгээр унтаж чадахгүй болсноо ойлгож мэдээд, хэрэглээгээ хязгаарлалаа. Үүнийг харсан Батын эхнэр нь нөхрөө Доржтой харьцуулан, загнаж болохгүй гэсэн үг. Амьдралын хэв маягийг нөгөөд нь тулгана гэдэг байж болохгүй асуудал.
–Нийгэмд дийлэнхдээ эрчүүд архи хэрэглэж, хор уршгийг эхнэр, хүүхэд нь, цаашлаад тэтгэврийн ээж аав нь хүртдэг. Нийгэм архитай тэмцсээр гуч дөчин жил болж байгаа ч төдийлөн шийдэж чадаагүй. Энэ асуудлыг яривал?
-Архитай тэмцэх гэдэг “архины хамааралд орчхоод, зовж яваа эр хүний л асуудал” байдаг юм. Олон үйлчлүүлэгчтэй тулж ярилцахад архины хор уршгийг мэдэхгүйгээр, түүнийг хүсэж хэрэглэж буй архинд донтсон нэг ч хүн байгаагүй. Бүгд л дотроо шаналж, “үүнийг болих юм сан, эхнэр хүүхдэдээ туслах юм сан, энэ хар уснаас болж амьдралдаа алдаж байна” гэдгийг дотор сэтгэлдээ ухаарч ойлгосон, мэдэрсэн байдаг.
“Чи л тэвчих ёстой, чиний амаар ууж байгаа болохоос архи чиний ам руу гүйж орохгүй байгаа” гэх мэтээр хувь хүнд л асуудлыг нялзааж тэмцэх нь хангалттай биш. Жинхэнээсээ тэмцэхийн тулд энэ асуудлыг бүлэглэж, системтэй ярих хэрэгтэй. Нэгэнт гэр бүлийн асуудал болсон учраас бүлээрээ ямар арга хэмжээ авах ёстой юм? Архины хамааралтай хүний эхнэр, хүүхэд нь хэнд хандах ёстой вэ?
Цаашлаад архины хамаарал нь хувь хүний асуудал мэт боловч нийгмийн дэд бүтцийг бүхэлд нь хамарсан асуудал юм. Хэвийн ажиллах чадамжтай, идэр насны хүмүүс архинаас болж л ажиллах чадамжгүй болчихдог.
Өөрөөр хэлбэл, бидний татварын мөнгөнөөс тэднийг тэжээх хэрэг гардаг гэсэн үг. Их дуудлагатай орой эргүүлд гарч буй олон цагдааг цалинжуулах хэрэг гарна. Нэг оройн дуудлагын тал хувь нь “гэр бүлд агсам согтуу тавилаа”, “архичин гадаа унтаж байна, зодоон хийж байна, агсам тавьж байна” гэх мэт мэдээллийн дагуу цагдаа нарын тал нь цаг заваа зарцуулдаг. Гал гарлаа гэж бодоход, согтуу үедээ тамхи татаад эсвэл хоол хийж байгаад гэр орноо шатаасан байх жишээний.
Архи тухайн улс үндэстэнд маш том зарлага гаргана. Эрүүл мэндийн номер нэг дайсан архи болоод их удсан шүү дээ, элэг цөс, нойр булчирхай, зүрх судсыг өвчлүүлдэг. Эрүүл мэндийн даатгалын ихэнх хувь нь архинаас үүдэлтэй хор уршгийг эмчлэхэд зарцуулагдаж байна. Тэгэхээр архитай тэмцэнэ гэдэг бүхэл бүтэн улс орон, төр засгийн хэмжээнд яригдах асуудал юм.
Архи уудаг хүн өөрийнхөө төлөө яаж тэмцэх ёстой вэ, ар гэр нь яаж тэмцэх ёстой вэ, албан байгууллага нь яаж тэмцэх ёстой вэ, төр засаг нь яаж тэмцэх ёстой вэ гэхчлэн өөр өөрийн үүрэг хариуцлагатай ажиллах ёстой.
Манай эмнэлэгт барилгын компаниуд их ханддаг юм, дан ялангуяа. “Бусад байгууллагатай гэрээгээр хугацаа товлож, ажил хүлээсэн байхад ажилчид маань цалингаа авуутаа, архи уугаад долоо хоног, арван хоног алга болчхоод ирэх юм. Эдгээр асуудлыг яаж шийдэх вэ” гээд ажилчдаа авч ирж, үзүүлж, оношлуулдаг.
Эдгээр хүмүүс архины хамаарлаас гарвал нэгдүгээрт, ар гэрээ тэжээж, эрүүл энх амьдрахад өөрсдөд нь хэрэгтэй. Хоёрдугаарт, байгууллагын ажил гэрээний дагуу цаг тухайдаа хүлээгдэж өгнө. Энэ мэтээр шат шатандаа, системтэйгээр энэ асуудалд анхаарах юм бол маш сайн үр дүн гарах юм.
Бусад өвчинтэй тэмцэхээс илүү архины хамааралтай системтэйгээр тэмцэж чадвал илүү амар. “Нэг сумаар хоёр туулай буудах” гэж монголчууд ярьдаг.
Саяны компаниар жишээ авч ярихад, архи уухгүй л бол ажилдаа маш чухал хэрэгтэй, хамгийг үүрдэг ажилчин, уухаараа хэзээ ирэх нь мэдэгдэхгүй алга болдог байлаа. Тэр хүн архины эмчилгээнд компаниараа мөнгийг нь гаргуулаад ч болов, зээл аваад ч болов явлаа. Ийнхүү нэг хүн эмчилгээнд хамрагдсанаар түүний хүрээллийн хүмүүст “Дорж архи уухаа больчихлоо, яаж болив, хаана хандав, архи уухаа больсноос хойш ямар байна, хүүе! болдог юм байна” гэдэг сурталчилгааг өөрөө давхар хийдэг гэсэн үг.
Үнэнийг хэлэхэд, ханан дээрх “Архи амьдралыг залгиж байна” гэсэн муухай зургийг үзээд сэтгэл нь сэртхийж байгаа хүн бараг байхгүй. Харин архи ууж байсан бодит хүн өөрийн амьдралаа өөрчилсөн байгаа нь архитай тэмцэхэд хамгийн том сурталчилгаа болдог.
Эмчилгээг нь хийгээд өгчихөд бусад хүмүүсийг эмчлүүлэхэд уриалах, урьдчилан сэргийлэх давхар хөрөнгө оруулалт хийж байгаа юм.
“РЕКЛАМД ИТГЭХ БИШ ӨӨРТ ЯГ ТОХИРСОН ЭМЧИЛГЭЭГ ОЛЖ ЧАДВАЛ АРХИНААС ГАРАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ”
“Спираль” эмчилгээг үр дүнгүй гэж үзэх хандлага байна. Энэ хэр бодитой вэ?
-Энэ бол маш чухал асуудал. Энэ хандлагаас үүдэж эмчилгээнд итгэх иргэдийн итгэл мохож байна. Түүгээр ч зогсохгүй, бүхий л эмчилгээг тойрч яваад, элдэв янзын зан үйл, дом шившлэгт итгэж эрүүл мэнд, цаг хугацаагаар хохирчхоод ирдэг.
Гэтэл спираль мэтийн эмчилгээнүүдийг огт үр дүнгүй гэж ойлгож болохгүй. Яагаад “эмчилгээнүүд” гэж ярих шаардлагатай вэ гэхээр, бүх хүнд тохирч үйлчлэх туйлын үр дүнтэй эмчилгээ одоогоор зохион бүтээгдээгүй байна.
Эм, тариа, спираль, код, сэтгэл засал, АА гэсэн зургаан төрлийн эмчилгээ байна гэж үзье. Тэгвэл нэг эмчилгээ нь зургаан хүн тутмын нэгд нь үр дүнгээ өгдөг гэж үзвэл аль нь тохирох эсэхийг эхлээд тодорхойлох ёстой.
Эмчилгээний үр дүн тухайн хүний бие махбодын онцлогоос шалтгаална. “Надад үйлчлэхгүй байна” гэдэг нь тэр эмчилгээ тухайн хүнд тохироогүй байж болохоос биш аргыг бүхэлд нь үгүйсгэх шалтгаан биш.
Сорил тавьснаар аль эмчилгээ илүү үр дүнтэйг мэдэх боломжтой бол зарим үед заавал хамрагдаж байж үр дүнг нь харах тохиолдол бий. Эмчийн зөв оношилгоо, зөв эмчилгээний төлөвлөгөө чухал. Тиймээс эмчилгээний арга барилаа хайж буй хүмүүс “туйлын” гэдэг үзэл бодлоо орхих нь зөв. Зүй нь архинд донтох эмгэг бол сэтгэцийн өвчин. Сэтгэцийн эмнэлэгт, сэтгэцийн эмч тухайн хүнийг эмчилж, тэмцэх ёстой.
Харамсалтай нь зарим мэргэжлийн бус эмнэлэг “архины хордлого тайлна”, “архины эмчилгээ хийнэ” гэсэн маркетинг хийх нь олширсон. Нийгмийн эрэлт хэрэгцээ ихэссэнтэй холбоотой боловч, мэргэжлийн бус учраас эмчилгээ нь зохих, эсэх талаар нарийн мэдлэггүй байдаг. Тиймээс аль болох мэргэжлийн хүмүүст хандаж, шинжлэх ухаанчаар асууж лавлаад эмчлүүлэх ёстой.
Рекламд итгээд зохихгүй эмчилгээ хийлгэж, хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа алдсаар байна. Харин өөрт яг тохирсон эмчилгээг олж, шат дараалалтайгаар эмчлүүлж чадвал архинаас гарах бүрэн боломжтой.
–Эмчилгээ эхэлснээс хойш дунджаар хэр хугацаанд үр дүн үзүүлдэг вэ?
-Эмчилгээний арга техникүүд өөр өөр хугацаа, үр дүнтэй. Жишээлбэл, спираль гэдэг бодис нь тухайн хүнд хэр удаан хадгалагдах чадамжтай вэ гэдгээс шалтгаалж үр дүн гарна. Зургаан сар хадгалагдах бол зургаан сар уухгүй, жил хадгалагдах боломжтой бол жил уухгүй байх жишээний.
-Эргэн тойрныхон нь өөр бодолтой ч өөрөө “би архичин биш” гэж хэлдэг хүмүүс бий. Дагуулж ирээд эмнэлэгт хандаж эмчлүүлбэл үр дүн гарах уу?
-Уугаад байдаг хэр нь өөрийгөө архичин биш гэж үзэх нь архинд донтох эмгэгийн үндсэн шинж юм. Өөрийнх нь буруу бодлыг өөрт нь ойлгуулж, “Энэ бол өвчин юм байна”, “Тоглоом биш юм байна”, “Амьдралд минь аль хэдийн хор хөнөөлөө үзүүлээд эхэлчихсэн байна”, “би нээрээ л архинд донтох өвчтэй юм байна” гэдгийг мэдрүүлэх нь мэргэжлийн эмчийн чадвар.
Тэр хүн хүсэхгүй байхаар л үр дүнгээ өгөхгүй гэсэн үг биш, харин мэргэжлийн эмчийн зөв онош тайлбар тэр хүнд тусалж чадна гэсэн үг. Өөрөө хүсэхгүй ч зохисон эмчилгээ хийвэл эмчилгээ үр дүнгээ өгнө.
Яагаад гэвэл эмчилгээ гэдэг тэр хүний хүсэл зоргоос хамаарч гардаг зүйл биш шүү дээ. Химийн урвал ууртай байвал өөр явагдаад, сайхан байвал бүр өөрөөр явагдана гэсэн үг биш.
“ХҮН ГЭНЭТХЭН Л “АРХИ УУХГҮЙ ЭЭ” ГЭЭД ХАМААРЛААСАА ГАРЧИХГҮЙ”
-Эмчилгээний үр дүн эрэгтэй, эмэгтэй хүний хүйсээс шалтгаалж өөр өөр байдаг уу?
-Өмнө нь архинд донтох эмгэг гэдэг эрэгтэйчүүдийн өвчин гэж ойлгогддог байлаа шүү дээ, биднийг оюутан байхад. Харин сүүлийн үед хүйсийн ялгаа арилж байна, гурван хүний нэг нь эмэгтэй хүн байх жишээтэй.
Эмчилгээний арга техникийн хувьд адилхан ч сэтгэл зүй болон хүйсийн онцлогоос шалтгаалж янз бүрийн барил ашиглах хэрэг гарна. Гэхдээ үр дүнгийн хувьд ялгаагүй хүн л учраас аль нэг нь илүү сайн үр дүн гаргадаг гэж хэлэх боломжгүй.
Ховор тохиолдолд сэтгэцийн өвчинтэйгөө тэмцээд ялсан тохиолдол бий боловч архины хамаарлаас санааны зоргоор гарна гэдэг утгагүй асуудал.
Зөвхөн өөрөө л хичээгээд гарна гэдэг маш ховор тохиолдол. Тодруулбал, хүн гэнэтхэн л “архи уухгүй ээ” гээд хамаарлаасаа гарчих тухай асуудал биш ээ. Бие нь өвдөх, нэг өдөр өөрөөсөө асар их ичих, хүүхэд нь сэтгэл эмзэглүүлэм үг хэлэх, дааж давшгүй өрд орох гэхчлэн бусад хүн анзаарахгүй ч сэтгэл зүйд нь нөлөөлөхүйц өвөрмөц үйл явдал цаана нь өрнөсөн учраас л “архи гэдэг зүйлээс больё” гэсэн сэтгэл төрнө. Нөхцөл байдал хүн бүрд адилхан нөлөөлөхгүй учир хэнд нэгэнд ямар нэг зүйл тохиолдохыг хүлээгээд сууж болохгүй юм.
Жишээ нь, нэг нөхөр зурагтаа тэврээд ломбард руу гүйжээ. Архины мөнгөөр солих мөчдөө “үүнийгээ ломбардад тавьж архи уух хэмжээнд доошоо орсон хэрэг үү” гэж өөрийгөө үзэн ядаад больсон байна. Гэтэл өчнөөн саяын үнэлгээтэй компаниа дампууруулаад, байраа зараад, өөртөө юу ч үгүй болтол хоосроод гудамжинд гарсан хүнийг хэн ч зогсоож чадахгүй байх жишээтэй.
Зарим тохиолдолд ээж нь үнэн сэтгэлээсээ уйлж гуйхад, сэтгэл нь өвдөөд архийг хаяж байхад, ээжээсээ архины мөнгө нэхэж зовоодог хүн ч байна. Нөхцөл байдал бүр ялгаатай учраас дээрх зургаан аргаас сэтгэцийн эмч аль тохирохыг нь сонгож, нөөц бололцоогоо дайчилж эмчилдэг юм.
Өөр үр дүнтэй арга бий. Найз нөхөд хоорондоо “Архи уухгүй байх сорилт” эхлүүлээд хамаарлаасаа гарсан тохиолдол ч бий. Энэ зургаан найзын жишээнд хамтдаа архигүйгээр баяр тэмдэглэж, аялж зугаалж, илүү эрх чөлөө мэдэрсэн түүх байдаг. Ганцаараа архинаас гарснаас илүү найз нөхдөөрөө гарч чадвал илүү их аз жаргал, эрх чөлөө авчирдаг.
-Олон жил архи уусан хүнд эмчлэгдэх найдвар бий юу?
–Архины эмчилгээнд хоёр жил, хорин жил, дөчин жилийн ямар ч ялгаа байхгүй. Тэр тусмаа гэр бүлтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг, 45-55 орчим насныхан илүү өндөр үр дүн үзүүлдэг.
Архины үйлдвэрлэл жил ирэх тусам нэмэгдэж буй. Түүнчлэн “архинд донтуулах бодис, чихэрлэг амт нэмж байна” гэсэн яриа ч гардаг. Тэгвэл төр засгаас ямар арга хэмжээ хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?
-Судалгаанаас харахад жил ирэх тусам зөвхөн Монголд гэлтгүй, дэлхий даяар архины хэрэглээ, хамаарал нэмэгдсэн.
Архи өөрөө донтуулагч бодис юм шүү дээ. Архитай тэмцэхийн тулд архины эмчилгээ хийдэг хувь эмнэлгүүдийг төр засгаас дэмжиж, реклам сурталчилгаанд зарж байгаа их мөнгөнөөс хөрөнгө оруулбал, олон хүн эмчлэгдэнэ, эмнэлгийн үйлчилгээ орчин нөхцөл сайжирч, ажлын байр ч нэмэгдэнэ. Мянган хүнийг эмчиллээ гэж төсөөлөхөд, тэд нийгэмд гараад архины хамаарлыг эмчлүүлэх “амьд” сурталчилгаа болж, бусдыг үлгэрлэн дагуулах юм. Архинд донтох эмгэг бол шат шатанд анхаарахаас аргагүй, зайлшгүй асуудал.
–Төгсгөлд нь сэтгэцийн эмч болон сэтгэл зүйчийн ялгааг энгийнээр тайлбарлаж өгөөч?
-Хүний сэтгэл баярлах, гомдох, уйлах гэх зэргээр байнга хувьсаж, тогтворгүй оршдог. “Хэмжээ бол маш чухал” гэдэг үг бий.
Сэтгэл зүйч бол бие махбод болон нийгмийн амьдралд хохирол үзүүлэхээргүй түвшинд байх сэтгэл хөдлөлийг илүү тайван, тогтуун болгоход тусалж ажилладаг мэргэжилтэн. Харин сэтгэл зүйн тогтворгүй байдал нь биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд хор уршиг учруулж эхэлбэл үүнийг өвчин гэж үзээд, сэтгэцийн эмч эмчилнэ. Энгийнээр тайлбарлавал ийм.
-Маш чухал сэдвээр ярилцаж, мэдлэг мэдээлэл өгсөн танд баярлалаа.