С.Эрдэнэ: Х.Баттулга Монголын заналт дайсан, Ц.Туваан АН-ын шинэ хатиг

425e3489-a55b-4bb9-a42c-a94a586d3234-1536x1073

АН-ын дарга асан С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Та хэзээ Америк буцах вэ?

-Монголдоо хэд хононо. Нутгийн агаар салхи сайхан байна. Гэхдээ Чикаго Мичиган нуурын баруун эрэг дээр оршдог болохоор ч юм уу, Монголтой ойролцоо цаг агаартай, жилийн дөрвөн улиралтай хот.

-Яагаад АНУ-ын Чикаго хотын дэд консулаар явахаар шийдсэн юм бэ. Та АН-ын дарга, төрийн сайд хийж явсан хүн. Атал ийм шийдвэр гаргасанд олон хүн гайхсан бас шүүмжилсэн?

-Тодорхой хугацаанд улс төрийн “time out” авахыг хүссэн. Хар залуугаасаа эхлээд Монголын ардчиллын төлөө ямар ч завсарлагагүйгээр олон жил зүтгэжээ. Нэг мэдсэн  36 жил өнгөрсөн байна.  Улс төр, нам, төр засгийн ажил гээд ар гэрээ ч орхигдуулснаа ойлгосон. Тиймээс хэсэг хугацаанд гэр бүлтэйгээ, улс төрөөс зайтай амьдрахыг хүссэн. Миний огт ажиллаж үзээгүй, ганц салбар байсан нь гадаад харилцаа. Тиймээс дипломат албанд ажиллая, 36 жил хуримтлуулсан туршлага маань тэнд хэрэг болж магадгүй гэж бодсон. Намайг аль нэг улсад Элчин сайдаар ажиллах санал ч ирж байсан. Гэхдээ дэд консулаар явах нь гэр бүлдээ цаг, зав гаргахыг хүссэн миний сонголт байсан.

ТӨРИЙН АЖИЛ ХИЙХИЙН САЙН МУУ, САЙХАН МУУХАЙ БҮХНИЙГ НЬ БИ МЭДНЭ

-Таны томилгоог Чикагогийн монголчууд эсэргүүцэж байна гээд энд /Улаанбаатарт/ багагүй улстөржсөн. Тэд яагаад таныг эсэргүүцээд байсан юм бэ?

-Нэг зүйлийг эрүүл, саруул ухаанаар бодоод үзэх хэрэгтэй. Америкт, Чикагод монголчууд амьдралаа дээшлүүлэх гэж хүний газар очсон болохоос улс төр хийх гэж очдоггүй юм. Хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлэх гэж, сайхан орчинд амьдрах гэж, аж амьдралаа дээшлүүлэх гэж хүний нутгийг зорьдог. Тухайн улсын дэд консулаар Эрдэнэ очно уу, эсвэл өөр хэн нэгэн очно уу, сонин биш. Амьдралын төлөө зүтгэж яваа хүмүүст энд байгаа монголчууд шиг улстөржих зав байхгүй. Намайг очиход эсэргүүцэж, жагсаж угтсан нэг ч хүн байгаагүй. Уулзсан, учирсан монголчууд маань монгол хүний ёсоор мэндтэй, устай угтсан.

-Тэгээд гадаад харилцааны салбарт, хэн нэгний удирдлага дор ажиллах хэцүү биш байна уу. Та чинь дандаа улс төрийн удирдах албан тушаал хашиж, дарга сайд хийж ирсэн хүн шүү дээ?

-Дэд консул боллоо гээд гундсан юм алга. Америкт амьдарлаа гээд баярлаад байх ч юм алга. Хүний доор, дээр байх нь зуудугаар асуудал. Би Монгол төрийн ажил хийж яваа хүн. Монголын төрд 36 жил зүтгэхдээ ажлыг сайн, муу гэж голж явсангүй ээ. Яаж төрийн ажлыг сайжруулах вэ, яаж монголчуудынхаа аж, амьдралыг дээшлүүлэх вэ гэж зүтгэж явсан. Тиймээс сайн муу, сайхан муухай бүхнийг нь би мэднэ. Манайхан дарга гэхээр нэг нь загнаад, нөгөө нь загнуулаад суух ёстой юм шиг боддог. Надад одоогоор хүндрэлтэй байдал үүсээгүй байна. Хэн, хэн нь өмнөх ажлаа хийгээд явчихад бэрхшээл, асуудал гарахгүй биз.

-Ажлаа аваад та найман сар болж байгаа байх. Гэхдээ найман сар гэдэг ажилтайгаа танилцахад хангалттай хугацаа. Тэндхийн монголчуудад тулгамдсан асуудал юу байна вэ?

-Уг нь миний үүрэг бол төрийн үйлчилгээг тэнд амьдарч, сурч, ажиллаж байгаа монголчууддаа хүргэх юм шүү дээ. Гэвч намайг улстөрч гэдгээр нь хараад өөр зүйл хүлээдэг бололтой. Надад боломж байвал би монгол хүнийхээ төлөө зүтгэнэ. Мэдээж, хилийн гадна, эх орноосоо хол амьдарч байгаа хүмүүст тулгамдсан асуудал цөөнгүй. Чикагогийн монголчуудын талаас илүү хувь нь тэнд удсан хүмүүс байна лээ.

Албан бусаар амьдарч байгаа иргэд ч багагүй байсан. Тэдний  гол зорилго тухайн улсдаа албан ёсоор орших суух хуулийн эрхтэй болох гэсэн. Амьдарч суугаа газрынхаа хууль, дүрмийг нь зөрчихгүйхэн шиг, эрх зүйн чадамжгүй иргэн болчихгүйн тулд хичээж амьдардгаа ч нуугаагүй. Гэхдээ тухайн газрын хууль дүрмийг сайн судлаж, ойлгож байж асуудлаа тэр хүрээнд тавих ёстой. Одоогоор  Чикагод хэчнээн монгол хүн амьдардаг вэ гэсэн тодорхой тоо байдаггүй юм байна.
Тэндхийн монголчуудын асуудлыг Чикаго хотын удирдлагуудад таниулах, ойлгуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэл рүү ажиллах бодолтой.

Ялангуяа Монголын бараа бүтээгдэхүүнийг Чикагод экспортлохын тулд эхний ээлжинд тэнд хамтарсан үзэсгэлэн гаргахыг зорьж байгаа. Гэх мэтчилэн очоод хийе гэсэн бодсон, төлөвлөсөн зүйл их.

-Гадаадад амьдарч байгаа монголчуудыг нийгмийн даатгалд хамруулах асуудлыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд байхдаа та шийдэж өгч байсан. Үнэндээ, олон хүнд өгөөжөө өгсөн шийдэл болсон шүү?

-НДЕГ-ын дарга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа гадаадад амьдарч байгаа монголчуудын судалгаа гаргаж байсан юм. Тэгээд 5000-аас дээш монгол хүн амьдарч байгаа таван улстай нийгмийн хамгааллын эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар яриа, тохироо хийж байсан.
Тэр үед Өмнөд Солонгост 50 мянган монгол хүн ажиллаж, амьдарч байсан. Тэднийг нийгмийн даатгалд хамруулах асуудлыг АН засаглаж байхдаа шийдвэрлэсэн. Үр дүнд нь нэг сая орчим иргэд тэтгэвэр, тэтгэмж авах орчныг бүрдүүлсэн дээ. Миний санаачилан батлуулсан хуулийн дагуу тэтгэвэртээ гарсан хүмүүс надтай тааралдахаа талархсан сэтгэлээ илэрхийлдэг.

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТОМ АЛДАА БОЛ Х.БАТТУЛГАТАЙ НИЙЛСЭН ЯВДАЛ

-Таныг явсан хойгуур АН засгаас хөөгдсөн. Ер нь АН анхнаасаа Л.Оюун-Эрдэнийн урилгыг хүлээж авах нь зөв байсан уу. Урьж аваачаад хөөж гаргана гэж мэдээж АН-ынхан төсөөлөөгүй байх л даа?

-Хамтарсан Засгийн газрыг би анхнаасаа дэмжээгүй ээ. Ард түмэн яагаад МАН-д 65 суудал, АН-д 42 суудал өгсөн юм. Нэг нь засгийн эрхийг барь, нөгөө нь сөрөг хүчнээ хийж, хяналтаа тавь гэсэн үүрэг өгсөн хэрэг. Гэхдээ МАН-ынхан эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна, гадаад геополитикийн асуудал хэцүү байна, хамтраад явъя гэж өөрсдөө гуйсан. Тодорхой хугацаанд хамтраад асуудлыг шийдвэрлэх байх гэж хүлээсэн. Гэвч ийм богино хугацаанд эвсэл тарчихна гэж төсөөлөөгүй. Эсвэл тарах болсон олон асуудал байна. Нэгд, мафи болтлоо томорсон улс төрийн бүлэглэлийн хэтэрхий их шунал, эрх мэдэл хөрөнгө мөнгөөр далайлгасан, айлгасан дарангуйлал олон нийтийн зэвүүг хүргэсэн байна. Хоёрт, МАН-ын гомдогсод, гортигны гадна үлдсэн хүмүүс ууртай хоцорсон юм байна.

Л.Оюун-Эрдэнийн том алдаа бол Х.Баттулгатай нийлсэн явдал. Бүр хууль зөрчөөд төрийн хамгаалалтад авчихсан байсан нь ил боллоо. Үүгээрээ Л.Оюун-Эрдэнэ унах нүхээ өөрөө ухсан. Залуус эрх мэдэл, албан тушаалтай зууралдаж, эргэж ноцоод, уйлж гомдлолгүй улс төрийн хариуцлагаа үүрч сурах хэрэгтэй. Бидний үеийнхэн улс төрийн хариуцлагаа үүрч чаддаг байсан. Иймээс М.Энхболдын улс төрийн соёлоос Л.Оюун-Эрдэнэ суралцах ёстой юм.

-Л.Оюун-Эрдэнэ нэгэнтээ, өөрийн амаараа УИХ-ын гишүүн Х.Баттулгыг нүүрсний хамгийн том хулгайч гэж нэрлэж байсан. Гэтэл нөгөө хулгайчаа хууль зөрчиж, төрийн хамгаалалтад авчихсан гэхээр Монголын улстөрчдийн үг үйлдэл болгон байнга зөрдгийн нэг жишээ юм даа?

-Нүүрсний хулгай ярьсан хүмүүс өөрсдөө нүүрсний хулгайч нар байсан нь ойлгомжтой болж байна. Нөгөө талаар нүүрсний хулгайч нар мөнгөтэй, хүчтэй байна. Тиймээс улсыг төртэй нь, төрийг намтай нь худалдан авахыг санаархаж байна. Төсвийн хулгай ярьдаг хүмүүс хамгийн их эрх мэдэлтэй байна. Тэд бас хуулийг, хуулийнхантай худалдаад авчихдаг юм билээ. Би Женкогийн хонгилоор орсон хүмүүсийн нэг. Ерөнхийлөгч байхдаа Төрийн ордны гурван давхраас даалгавар өгч нээсэн хэргийг хуулийнхан хаадаг ч үгүй байлгаад байдаг нь сонин шүү. У.Хүрэлсүх хууль засаглах ёстой гэдгээ илэрхийлсэн. Авлигач, хулгайч нартайгаа хариуцлага тооцно гэж Л.Оюун-Эрдэнэ амлаж байсан.

Тэгвэл Х.Баттулгад хэн хариуцлага тооцов. Хууль засаглаж байгаа юм бол Х.Баттулгыг хийсэн хэргээр нь шоронд хийх ёстой биз дээ. Хэдэн их наядаар нь улсыг хохироосон, улсаас хулгайлсан.

Хэрэг хуучирдаггүй, Монголын төрөөс хулгайлсан болгон нь мөртэйгөө байгаа. Х.Баттулга бол Монголын төрийн заналт дайсан. Энэ нөхрөөс АН салах ёстой. Хийсэн хэрэгт нь ял, шийтгэл хүлээлгэх ёстой.

-Женкогоос АН яаж салах ёстой юм бэ. Харин ч бүр АН-ыг авах гэж илэрхий тачаадаж байна шүү дээ?

-Монголын төрд олон муу хүмүүс шургалдаг. Гэхдээ Х.Баттулга шиг Монголын төрийг гай гамшиг болгосон хүн байхгүй. Гай гамшгаасаа салахгүй бол Монгол Улс хөгжихгүй. Тиймээс Монголын төрийг цэвэрлэхийн тулд намууд цэвэрших ёстой.

Өнгөрсөн парламентын үед Ерөнхийлөгчийн санаачилгаар Улс төрийн намын тухай хуулийг шинэчилсэн. Шинэ хуулийн дагуу намууд шинэчлэлтээ хийх хэрэгтэй. Харамсалтай нь, шинэ дүрмээ боловсруулсан, бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчилсэн ямар нам байгаа юм бэ. Бүгд бие, биеэ отоод сууж байна. Өдийд улс төрийн намууд анхан, дунд шатандаа шинэ дүрмийн хэлэлцүүлгээ ид зохион байгуулж байх ёстой юм шүү дээ.

-МАН, АН-ын дарга нар де факто огцорсон. Тиймээс улс төрийн намуудын шинэчлэлт зогсонги байдалд орчихлоо. Уг нь улс төрийн намуудын шинэчлэлд АН, МАН хоёрын аль нэг нь манлайлал үзүүлэх ёстой байх, тийм үү?

-Нам бол байгууллага. Нэг хүнээс хамаардаггүй юм. Намын удирдах шатны бүтэц гэж бий. Тэр нь ажлын хэсэг гаргаад шинэчлэл дээр ажиллах ёстой. АН хэдийгээр  дарга нар нь хууль бус ч энэ намын албан ёсны эрх барих дээд байгууллага нь Үндэсний бодлогын хороо. Үндэсний бодлогын хорооны шийдвэр бол эцсийн шийдвэр. Тиймээс манай намын ҮБХ ажлын хэсэг гаргаад шинэчлэлтээ эхлүүлэх шаардлагатай байна.

Үнэндээ, улс төрийн намуудад манлайлагч болох боломж гарч ирсэн. Манлайлагч гэдгээ харуулахын тулд улстөрчид улс төрийн шинэчлэлтийг зоригтой эхлүүлэх, идэвхтэй оролцох шаардлагатай.
Харамсалтай нь, улс төрийн намууд, хувь хүнд ч манлайлал үзүүлэх эр зориг алга. Улстөрчид нь яаж намын эрх мэдлийг авах вэ гээд хор найруулаад явж байна. Манай нам гэхэд л Улс төрийн намын тухай хуульд байхгүй, намын дүрэмд байхгүй асуудлаар УДШ-д хандаж байх жишээтэй.

-Нээрэн, танай намын генсек Н.Ганибал УДШ-д хандаж, АН-ын даргын түр орлон гүйцэтгэгчийг бүртгэх хүсэлт явуулсан гэсэн. Нөгөө “Чоно борооноор, муу хүн дүйвээнээр” гэгчээр найр, наадмаар далимдуулан, АН-ын тамгыг авах гэсэн луйвар юм биш үү?

-Тамга хулгайлдаг бохир технологио Женко, Туваан хоёр болих хэрэгтэй. Л.Гантөмөрийн хамар доорх нөхдүүд намын тамгыг нь луйвардахыг санаархсан байна гэж харж сууна.

Улстөрийн намын тухай хуульд УДШ-д хэн, ямар асуудлаар өргөдөл гаргаж болохыг нарийн зааж өгсөн байдаг. Хэн дуртай нь  бичиг өгдөг, УДШ түүнийг нь хүлээн авч, бүртгэл хийдэг асуудал биш юм. Хэсэг бүлэг танхай хүмүүсийн дур мэдэн танхай үйлдэл гаргаж байгааг УДШ өөгшүүлж болохгүй.

-АН дүрмийн шинэчлэлтээ эхлүүлсэн юм уу. Улс төрийн намын тухай хууль хэрэгжихэд дөрвөн сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна шүү дээ?

-АН дүрмийн өөрчлөлтөө боловсруулж байгаа гэж сонссон.

Гэхдээ хулхидаж, хэдхэн хүн өөртөө давуу байдал үүсгэдэг, өөрсдөдөө зориулсан тоглоомын дүрэм зохиодгоо болих цаг болсон.

Бүхэл бүтэн намын хувь заяаг хэдхэн хүн шийдэхгүй. Тухайлбал, Архангай аймгаас шинэ дүрмийн хэлэлцүүлгийг эхлүүлэх хэрэгтэй. Үүний дараа Баян-Өлгий, Баянхонгор гэх мэтээр зохион байгуулаад явах ёстой юм. Ийм хэлэлцүүлгээс зугатаад байгаа болохоор хуйвалдааны бүтэц, хуйвалдааны тоглоомын дүрэм боловсруулж байна гэж хардаж сууна.

АН-ЫН ШИНЭ ДАРГААР ҮНЭТ ЗҮЙЛТЭЙ ХҮН ГАРЧ ИРЭЭСЭЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙГАА

-АН ахиад л морь унасан толгойгүй нам  болчихлоо. Л.Оюун-Эрдэнийн гэрийн асуудлаас болоод Л.Гантөмөр дарга хариуцлага хүлээхээр болсон. Атал ҮБХ-ны даргаар сонгогдсон О.Амгаланбаатар нь дүрмийн бус. Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалын томилгоо мөн дүрмийн бус. Тэгэхээр улс төрийн шинэчлэлийг манлайлаад хийчих хүн АН-д харагдахгүй байна шүү дээ?

-Улс төрийн манайлал хувь улстөрчийг эр зоригоос хамаардаг. Социалист нийгэмд манлайлагчийг төрүүлдэг бол ардчилсан нийгэмд манлайлагч өөрөө төрдөг. Намын дүрэм дээрээ манлайлал үзүүлж чадсан хүн манлайлагч болно. Намын дүрэм хүн болгонд таалагдах ёсгүй. Гэхдээ намын гишүүдийн 60-70 хувьд нь хүрсэн байх ёстой. Улс төрийн намын хамгийн чухал нь чи тэр намд орсон бол Үндсэн хуулийн эрхээ хязгаарлуулдаг. Өөрөөр хэлбэл, намын тоглоомын дүрмээс зөрөн нэр дэвшигчийнхээ эсрэг ажиллаж болохгүй байх үүрэгтэй. Дүрэм гэснээс би АН-ын дарга болсныхоо дараа Монгол Улсын Дээд шүүхэд үндсэн дүрмээ бүртгүүлж байлаа. Тэр үед МАН хүртэл УДШ-д намын дүрмээ бүртгүүлээгүй байсан. Сүүлд 30 дугаар хурлаараа МАН үндсэн дүрмээ бүртгүүлсэн.

-Таны УДШ-д бүртгүүлсэн, танай намд өнөөдөр мөрдөгдөж байгаа дүрэм хэр сайн болсон бэ?

-АН намын үндсэн дүрэмд таван эрх чөлөөг суулгаж өгсөн. Би үүгээрээ бахархаж байдаг. Муу дүрэм биш. Харин дүрмийг хэрэгжүүлэх үед санаатай болон санаандгүй байдлаар үзэл санааг нь гажуулдуулах асуудал гарсныг үгүйсгэхгүй.

-Ингэхэд АН-ын гишүүдийн тоо хэд хүрсэн бэ?

-Улс төрийн намын гишүүдийн эцсийн тоо сонгуулийн үеэр гардаг. Хэдэн хүн тэр намд санал өгсөн байна, тэр тоогоор тооцдог.

-Та түрүүнд дурдсан, “Улс төрийн намын гишүүн болсон хүн намын тоглоомын дүрмээс зөрөн нэр дэвшигчийнхээ эсрэг ажиллаж болохгүй байх үүрэгтэй” гэж. Гэхдээ 2020, 2021 оны сонгуульд танай намынхан намынхаа эсрэг ажилласан шүү дээ. Таныг Ерөнхийлөгчид нэр дэвшихийг эсэргүүцэж, талбай дээр өлсгөлөн хүртэл зарлаж байсныг санаж байна?

-АН-ын Үндэсний бодлогын хороо шийдвэрээ гаргаж, намайг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн. Манай намынхан намайг баалдаг юм, “Гурван хүн нэр дэвшсэнээс С.Эрдэнэ дөрөвт орсон” гэж. Би тэр сонгуульд ялахгүйгээ мэдэж байсан.  Бүх талын тооцоо судалгаа надад байсан. Гэхдээ Монголын ардчилал, тусгаар тогтнол, АН-ын бүрэн бүтэн байдал, шударга ёсны төлөө өөрийгөө золиосолсон юм.

2021 онд намайг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд явж байхад манай намын үүрийн дарга нар үүдээ цоожлоод зугатаж байлаа. Гадны, дотны асар их дарангуйлал дунд би өрсөлдсөн. Тиймдээ ч “Дарангуйлалгүй Монголын төлөө” уриатай орсон юм. Нэгд, иргэдэд хандаж, “Сэрээч, нүдээ нээгээч, ардчилалд аюул учирлаа” гэдгийг ойлгуулах гэж. Хоёрт, Х.Баттулга, Н.Алтанхуяг, босоо С.Ганбаатар гурвын шуналыг зогсоох гэж би дэвшсэн. Тэд гурвуулаа АН-ын гишүүн биш байсан. Ардчиллын бамбай болж чадах хүмүүс бүр ч биш байсан.

Гэтэл манай намаас мандат авч, УИХ-ын гишүүн болсон хүмүүс тэдэнтэй нэгдээд, АН-ын үзэл санааны эсрэг, ардчиллын эсрэг Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж байсан. Одоо тэд тэр явдлаа мартсан биз.

-Та АН-ыг У.Хүрэлсүхэд зарчихсан юм биш үү. Тийм яриа танай нам дотроос гарсан нь үнэн…?

-У.Хүрэлсүхтэй нэг ч удаа уулзаж, барааг харж байгаагүй. Намайг зориудаар гутаах гэсэн манай намынхны зохиосон хар пиар.

-2020 оны сонгуульд та АН-ыг удирдаж ороод мөн ялагдал хүлээсэн. Дараа нь “Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойлголцож чадаагүй нь АН ялагдах шалтгаан боллоо” гэж мэдэгдэж байсан. Ойлголцох…, энэ ямар утгатай үг байсан бэ?

-Х.Баттулга МАН-тай нийлж, АН-ын эсрэг ажилласан. Тухайн үед манай намаас нэр дэвшиж байсан зургаан хүнийг сонгуулийн сурталчилгааны ид үеэр Х.Баттулга шоронд хийж байсныг санаж байна уу. Би тэгэхэд АН-ын даргын хувиар Х.Баттулгатай очиж уулзсан юм. Юу болоод байгаа юм бэ гэсэн чинь над руу харж инээснээ, “тийм зүйл байхгүй” гэсэн. Тэгээд орой нь хуугаар нь баривчлаад, ачаад явчихсан. 2020 оны дөрөвдүгээр сард Х.Баттулгын даалгавраар надад хэрэг үүсгэсэн. Эргэн тойрны хүмүүсийг маань баривчилж, надад шахалт үзүүлэхийг хүссэн. Мэдээж, төрийн хар машин бүхэлдээ АН-ын эсрэг ажиллаж байхад яагаад ч ялах боломжгүй байсан л даа. С.Эрдэнийг ялагдуулж байгаад АН-ыг авна гэж хар тооцоо хийсэн юм билээ.

-Та тэрийг нь мэдэлгүй Ц.Туваанд тамгаа өгөөд явчихсан. Гэтэл Ц.Туваан АН-ын тамгыг хадаг, сүүтэй Х.Баттулгад аваачаад өгчих шахсан байдаг?

-Ардчилсан намын дүрмийн дагуу тамгаа би Ц.Туваанд хүлээлгэж өгсөн. Ц.Туваан тэгэхэд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан юм. Тухайн үед би түүнд итгэж байсан. Тиймээс Ц.Тувааныг намын Их хурлыг зохион байгуулаад АН-ын шинэ даргыг сонгоно гэж найдсан бас итгэсэн.

-Гэтэл дараа нь чононд хонио хадгалуулсан байснаа ойлгосон, тийм үү?

-Түүнийг Женкод урвачихна гэж төсөөлөө ч үгүй. Түүнийг хэн ч биш байхад нь улс төрд гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн хүний нэг нь би юм. Бүх зүйл дээр дэмжсэн. Х.Баттулга Үйлдвэр худалдааны сайд байхдаа хөөгөөд явуулахад нь би түүнийг ойлгож, хүлээж авсан. Харин одоо Ц.Туваан бол Х.Баттулгыг залгамжилсан Монгол төрийн гай гамшиг, албин чөтгөр болсныг би хаа ч хэлнэ.

-Тэгэхээр та АН-ын шинэ дарга Ц.Тувааныг дэмжихгүй гэсэн үг үү. АН-ын дарга болохоор асар их амбицлаж яваа хүн шүү дээ?

-Дэмжихгүй, бүр эсрэг ажиллана. Энэ хүн бол АН-ын шинэ хатги гэдгийг зарлана. Хэдийгээр би төрийн албанд ажиллаж байгаа ч ардчилсан Монгол Улсын иргэн хүний хувьд улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх эрхээ Үндсэн хуульд заасны дагуу эдэлнэ.

-Тэгвэл Э.Одбаярыг дэмжих үү. АН-д таны хөтлөж оруулж ирсэн МАН-ын БЭТ гэгддэг?

-Э.Одбаярт намын гишүүдийн дэмжлэг нэгд байхгүй. Хоёрт, тэр хүүхдийг би багаас нь мэднэ. Манай хүүтэй нэг ангид сурдаг байсан юм. Гуравт, би түүнийг улс төрд хөтлөж оруулсан юм байхгүй. АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа намайг дагаж,  улс төрийн олон хүнтэй уулзаж, орон зайгаа мэдэрсэн байх. 2024 оны сонгуульд АН-д гол  үүрэгтэй оролцсон гэдгийг мэднэ.

-Та АН-ын дарга явсан хүний хувьд Л.Гантөмөрөөс тамга авах хүнийг хэн байгаасай гэж бодож байна?

-Ардчилсан намын шинэ даргаар үнэт зүйлтэй хүн гарч ирээсэй гэж хүсэж байгаа. Монголын залуучууд арай болоогүй байна. Улс төрд туршлагаших, ухаан суух хугацаа, нас гэж бий. Улс төрд үед солигдох явц нь жамаараа явах ёстой. Хүчээр үе соливол төр дампуурдгийг анх Н.Энхбаярын улс төрөөс харсан. Мань хүн олон залуусыг улс төрд оруулсан. Үүнээс болж төрийн байранд хүн амины хэрэг гарч байсан. Авлига, хулгай бол асуудал болсон.

-АН 42 суудалтай том сөрөг хүчин болсон. Гэсэн хэдий ч МАН-ын, Женкогийн үгнээс гарч чадаагүйг Л.Оюун-Эрдэнийг огцруулах үеэр илэрхий харагдлаа.

-126 гишүүд дунд өөрийн толгойтой хүн цөөхөн байна. Манай намын бүлгийнхэнд Женког эсэргүүцэж чадах хүн ер нь их цөөхөн харагдаж байгаа. МАН дотор ч Женкогийн хүмүүс байна, байна.

-Сонгодог парламентыг бэхжүүлнэ гэж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тоо, тогтолцоог өөрчилсөн. Гэтэл шинэ УИХ-ын чадамж хуучныхаасаа дордсон мэт санагддаг. Гол нь УИХ-ын гишүүд улс төрийн бүлэглэлүүдийн барьцаанд байсаар байна?

-УИХ-ын гишүүдийн тоог нэмсэн ч үнэн чанартаа “чанаргүй” улстөрчид олширсон. Хуулиа мэддэг, хэлэлцэх асуудлаа ойлгодог, ардчиллын үнэт зүйлийг мэддэг хүн ч цөөрсөн байна. Жагсаалтын гишүүдийг би огт танихгүй байгаа. Манай намд байсан эсэхийг мэдэхгүй хүмүүс жагсаалтаар гарч ирсэн. Уг нь жагсаалтад намдаа олон жил зүтгэсэн,  намынхаа үнэт зүйлийг дэмждэг хүмүүсийг оруулах ёстой юм. Гэтэл 2024 онд намын дарга нар өөрсдийнхөө хүмүүсийг л шахчихсан.

-УИХ-ын гишүүд нь хяналт тавих ёстой гүйцэтгэх засаглалынхаа сайд нарт загнуулж, доромжлуулах нь хэвийн үзэгдэл болсон байсан. Харин засаг огцорсноор сайд нарын чих зөөлөрсөн шинжтэй байна лээ?

-Парламентад хэнтэй ч үл хуваалцах дархлаа гэж байдаг.  Тэр дархлаа нь хууль санаачлах түүнийгээ боловсруулах батлуулах үе шат юм. Харамсалтай нь, Монголын парламентад дархлаа алга. Анх Женко гэж хүний явуулгаар парламент хууль тогтоох эрхээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шилжүүлсэн. Би тэгэхэд хэлж байсан ш тээ, “Та нар бүгд гөлөг болно” гэж. Иргэд намайн тохуурхаад өнгөрснөөс ийм аюул бодитоор нүүрлэснийг хараагүй. Энэ цагаас л Монголын төрийн зовлон эхэлсэн дээ.

БИ ХҮН ТАНИХДАА МУУ ЮМ БИЛЭЭ

-Х.Баттулгыг Ерөнхийлөгч болоход таны оролцоо багагүй бий. Та тэр үед АН-ын дарга байсан, түүнийг нэр дэвшүүлсэн?

-Түүнийг амилсан чөтгөр байсныг би яаж мэдэх вэ дээ. Би байтугай манай намынхан бүгд мэдээгүй. Энэ бүх шийдвэрийг би ганцаараа дур мэдэж гаргасан юм биш. Нам дотроо нэр дэвшигчийн сунгаа явуулсан, Женко гарч ирсэн. Миний хувьд хүн таних тал дээрээ муу юм билээ. Үүнийгээ би одоо хүлээн зөвшөөрч байгаа. З.Энхболдыг хүртэл бүрэн танилгүй алдсан. З.Энхболдыг шударга, бэлтгэгдсэн лидер гэж харж байсан. Харамсалтай нь, би зуун хувь алдсан байсан.

-Өнгөрсөн 30 гаруй жилд МАН дийлэнх хугацаанд засгийн эрх барьсан. Гэтэл АН цөөхөн удаа засгийн эрхийг дангаараа болон хамтарч барихдаа эдийн засгийн нэн чухал реформуудыг хийсэн байдаг?

-Сайтай, муутай, алдаа оноотой ч Ардчилсан намд хийсэн ажил олон. МАН өөрсдийнхөө хулгай, луйврыг нуухын тулд Ардчилсан намыг харлуулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд манай нам маш олон реформыг хийсэн. Өнөөгийн чөлөөт зах зээлийн үндэс суурийг Ардчилсан нам тавьсан. Үнэ чөлөөлсөн, өмчийг хувьчилсан. Үг хэлэх эрх чөлөөг нь олгосон. Эдийн засгийн эрх чөлөөг нь өгсөн. Өмчтэй, хөрөнгөтэй болгосон. “Чингис бонд” босгож, Улаанбаатарыг 21 аймагтай холбосон. Казакстаны компанид зарах гэж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг оросуудаас худалдаж авах эр зоригийг АН-ын Засгийн газар гаргаж байсан.

Харин “Эрдэнэт” Монголын өмч болсны үр ашгийг МАН-ынхан хүртэж байна. Хэл амтай ч Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсний үр дүнг мөн л МАН-ынхан эдлэж суугаа.

НӨАТ-ыг шинэчилсэн нь МАН-д ашиг тусаа өгсөн. 2012-2016 онд эдийн засаг асар хүнд байсан ш тээ. Харин нүүрсний үнэ өссөн үеийг МАН-ын өмнөх Засгийн газар ашиглаж чадсангүй. Нүүрсний 40 их наядын хулгай, ногоон автобусны хулгай МАН-ын үед гарлаа. Гэтэл МАН яасан С.Зоригийн алуурчдыг сулласан, эдийн засгийг уруудуулсан. Төрийн авлига хулгай, луйврыг гааруулсан. МАН-ын хурган даргын гэрээс 10 тэрбум гарч ирдэг нь хэвийн зүйл шахуу болсон.

-Харамсалтай нь, АН шиг муу нам, АН-ынхан шиг муу хүмүүс байхгүй гэсэн ойлголтыг танай намын Женко.Баттулга, “Херо” Б.Баатартай нийлээд олон нийтэд төрүүлчихсэн. Женкогийн хүн л биш бол танай намд сайн нэртэй хүн байхгүй болсон ш тээ?

-Ардчилалын төлөө дуугарч ирсэн бид нэг л зарчим барьж ирсэн. Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам бидэнд нэг зарчим байдаг. Хэн нэгнийг шүүмжиллээ гээд шүүхэд өгч байсангүй. Монголчууд хэнээс ч үл айлгүйгээр үгээ хэлдэг байгаасай гэж хүссэнийх. Харамсалтай нь, энэ зарчим зарим муу хүмүүсийн бохир улс төрийн өгөөш болсон. Үндсэндээ, бид нэр төрөө золиосолсон байж, алдаа оноотой ч Монгол Улсын ардчиллыг хамгаалж чадсан. Монголын ардчиллаар тоглож гараа угаасан хүмүүс хэзээ нэгэн цагт энэ бүхний хариугаа хүртэнэ, карма гэж бий.

АВЛИГАГҮЙ, ДАРАНГУЙЛАЛГҮЙ, БИЗНЕСИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ДЭЭДЭЛСЭН ТӨСӨВ БАТЛАХ ЁСТОЙ

-Шинэ Засгийн газраас олон нийт багагүй хүлээлттэй байгаа. Ний нуугүй хэлэхэд үг хэлэх эрх чөлөөг хамгаалаасай, эдийн засгийн эрх чөлөөг олгоосой гэж хүсч байгаа. Өмнөх засгийн үед үг хэлсэн болгоныг хууль шүүхээр айлгаж, хэвлэл, олон нийтийн сүлжээнд гүтгэж, гүжирдэх нь хэвийн зүйл болсон байсан л даа?

-Шинэ Засгийн газраас Челийн ерөнхийлөгч шиг зүйлийг хүлээж байна. Үнэнийг хэлэхэд, өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан төсвийн хэт тэлэлтээс тэс өөр бодлого явуулах ёстой. Тэгж байж л Монгол шокноос гарах байх. Гэхдээ Монголд бие даасан улстөрийн бодлого явуулахад дарамттай байдгийг ойлгож байгаа. Хоёр том хөршийн зүгээс улс төр- эдийн засгийн нөлөөлөл үзүүлэхийг оролддог, дарамталдаг нь үнэн. Монгол Улс эдийн засгийн хувьд бие даасан биш болохоор асуудалтай нь ч үнэн.

Гэвч бидэнд эр зориг, сэтгэл дутаж байна. Өмнөх Засгийн тэргүүн авлига, хулгайтай тэмцэнэ гэсэн мөртлөө хамгийн том хулгайчтайгаа хамсаатан болсон. Улстөрчид нь улсаасаа хулгай луйвар хийхээсээ айхаа больсон байна. Ард иргэдээсээ ичихээ байсан байна. Төсөв, төсөл, тендерийн хулгай өнгөрсөн жилүүдэд утгаа алдсан шүү дээ. Монголын нийгэм, эдийн засгийн байдал илтэд хүндэрсэн үед учир утгагүй олон мега төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг худлаа байсан. Дөрвөн жилд 14 мега төслийг хэрэгжүүлэх эдийн засгийн чадамж ч байхгүй. Мега төсөл гэдэг тийм амархан хэрэгжчихдэг юм биш. Тиймээс шинэ Засгийн газар 2026 оны төсвийг батлахдаа гурван зүйлийг анхаарч үзмээр байна. Нэгд, авлигагүй төсөв батлах ёстой. Хоёрт, дарангуйлалгүй төсөв батлах ёстой. Гуравт, бизнесийн эрх чөлөөг дээдэлсэн төсөв батлах ёстой. Тэгж байж төсөв эрүүлжинэ, эдийн засаг эрүүлжинэ.

Үндэсний баялгийн санд 34 хувийг авна гэсэн балай яриагаа одоо бүр боль. Энэ яриа Х.Баттулгад улс төрийн хожил авчирна уу гэхээс, эдийн засагт үр ашиг өгөхгүй.

Газрын доорх шороог баялаг гэхгүй. Олборлоно, нэмүү өртөг шингээнэ. Тэгж байж баялаг болно. Хүний бий болгосон баялгийн 34 хувийг авна гэдэг ил цагаан дээрэм. Харин төр татвараа л сайн авах тухай ярих хэрэгтэй.

-Ерөнхий сайд Г.Занданшатар энэ бүгдийг хийж чадах болов уу. Нөгөө Женкогийнхон “бослого” гаргавал яана?

-Хийх ёстой. Өдөр хоногууд яваад л байна. Монголчууд өвлийг өнтэй давах нь чухал байна. Тиймээс Г.Занданшатар өөрчлөлтийг зоригтой хийх хэрэгтэй.

Нөгөө талаар Х.Баттулгыг хийсэн хэрэгт нь ял өгөх цаг болсон. Тэр хүн улсаас хэдэн зуун тэрбум, хэдэн арван их наядыг хулгайлсан хэрнээ чимээгүй явдаг байж болохгүй. Гэтэл өнчин ишиг хулгайлсан хүнд хэдэн жилийн ял өгдөг билээ дээ. Хуулийг хоёр өөрөөр хэрэгжүүлж болохгүй.

-С.Зоригийн аллага АН-д, Монголд ардчиллыг муухай харагдуулах пропаганда болж хувирсан. Найзын чинь үхлээр МАН шоудаж байгаад та харамсдаг уу?

-С.Зоригийн үхлийг МАН, С.Оюун хоёр л маш сайн ашигласан. АН, ардчиллынхан хамгийн их хэлмэгдсэн. Түүний амийг хөнөөсөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг буцааж шоронд нь хийх ёстой. Тэгж байж ядаж сүнс амрах байх.

-Та АНУ-д Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нартай уулзав уу?

-Уулзаагүй. АНУ-д очоод Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой зөвхөн утсаар холбогдсон. Ерөнхий сайд асан Сайханбилэгтэй мөн адил утсаар ярьсан. Муу, сайн ч нэг намын, нэг журмын нөхөд шүү дээ.

Эх сурвалж: Nnews.mn

About Author