Тэргүүн шадар сайд Н.Учрал орон тоо нэмэх бус харин хэмнэсэн гэв
Эдийн засаг, хөгжлийн яамны Хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, Н.Учрал сайд есөн зөвлөхтэй гэдэг нь ташаа мэдээлэл хэмээн дараах тайлбарыг өглөө.
Улс орны эдийн засаг, хөгжлийн өргөн чиг үүрэгтэй Тэргүүн шадар сайд орон тооны буюу 2.4 сая төгрөгийн цалин авдаг таван зөвлөхтэй. Эдгээр зөвлөхүүд хууль тогтоомж боловсруулахаас эхлээд өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог юм. Харин орон тооны бус зөвлөхүүд цалин хөлсгүй, тодорхой төсөл, хөтөлбөрт мэргэжлийн дэмжлэг үзүүлж тусалдаг. Өөрөөр хэлбэл, зөвлөхүүд гэхээс илүү эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг зөвлөл хэлбэрээр ажилладаг байна.
Н.Учрал сайдаар томилогдсон даруйдаа Эдийн засаг, хөгжлийн яамны 28 хэлтсийг 18 болгож, 10 бүтэц, нэгжийг цомхотгосон. Мөн салбар харьяа байгууллагуудын бүтцийг тус бүрд нь есөн хувийн хэмнэлт хийж Засгийн газарт танилцуулахаар ажилласан байна. Өмнөх Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын ажлын алба 15 хүнтэй байсныг долоо болгон цөөлжээ.