Гишүүдийнхээ тоог нэмсний дараа яамдын тоог нэмэх үү

0

Эрх баригч нам сонгуулийн тогтолцоогоо өөрчилж, гишүүдийн тоог нэмэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.

Засгийн газраас 152 парламентын гишүүнтэй болж, 50 хувийг нь тойргоос, 50 хувийг нь жагсаалтаар сонгох хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Гэхдээ эрх баригч намын дарга нар хэлэлцүүлгийн явцад гишүүдийн тоог 120 болгох, 60 хувийг тойргоос, 40 хувийг жагсаалтаар сонгох дээр санал нэгдсэн гэх.

Тэгвэл гишүүдийн тоог нэмж байгаатай холбоотойгоор Засгийн газрын бүтцийг өөрчилж, яамдын тоог нэмэх үү гэдэг асуулт гарч ирж буй. Учир нь парламентын гишүүн бүхэн сайд болох мөрөөдөлтэй гэж хэлэхэд үнэнээс хол зөрөхгүй болов уу. Тиймээс 152, магадгүй 120 гишүүнтэй болвол сайд болох хүсэлтэй хүмүүсийн тоо улам л нэмэгдэнэ. Тиймээс 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ өөрчилж, яамдынхаа тоог нэмж магадгүй. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр Ш.Раднаасэд гишүүн “Жагсаалтаар орж ирсэн гишүүдийг Засгийн газрын гишүүн болохыг хориглох хэрэгтэй. Тэгвэл жагсаалтад орох гээд мөнгө төгрөг барьж гүйгээд байх хүн ч олдохгүй” гэдэг санал хэлсэн. Хуульд ийм хаалт оруулах нь сайн ч тойргоос сонгогдох 76 гишүүний дунд сайд болох өрсөлдөөн өрнөсөөр байна.

Засгийн газар бүтцээ өөрчилж, шинэ яамд байгуулах нь цаг хугацааны л асуудал болжээ

“Давхар дээл” буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсран хийх асуудлыг бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд шийдэж чадаагүй л явна. Нэг бол “давхар дээл” шиг хэрэггүй юм алга гэж хуулиар хориглоно. Үгүй бол “Давхар дээл” шиг хэрэгтэй зүйл байхгүй байж, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар хийхгүй бол Засгийн газар хүчгүйдэж, асуудал нь Их хурал дээр орж ирээд унаж байна гэж “давхар дээл”-ийг зөвшөөрч, мөн Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан.

Засгийн газрын түүхийг харахад П.Жасрайн Засгийн газар “давхар дээл”-тэй байж болно, М.Энхсайханых байж болохгүй, Ц.Элбэгдоржийн танхим УИХ-ын гишүүдээс бүрдэж болно, Ж.Наранцацралтынх “давхар дээл”-тэй байж болохгүй, Р.Амаржаргалын танхим “давхар дээл” өмсөж болно гэж явсаар өнөөдрийг хүрчээ.

Өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Ерөнхий сайдтайгаа нийлээд 23 сайд, 18 яамтай ажиллаж байна. Үүний 18 нь “давхар дээл”-тэй сайд. Мөн Цахим хөгжил харилцаа холбоо, Эдийн засаг, хөгжлийн яам гэсэн хоёр шинэ яамыг байгуулан ажиллаж байгаа. Энэ бүх өөрчлөлт нь сайд болох мөрөөдөлтэй гишүүдийн л захиалга. Тиймээс шинэ Засгийн газар бүтцээ өөрчилж, шинэ яамд байгуулах нь цаг хугацааны л асуудал юм.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *