Олимпын бөх
Монгол Улсаас олимпын анхны аварга төрсөн баярт өдөр өнөөдөр тохиож байна. Түүхэн өдөртэй холбогдуулаад олимпын анхны аваргын тухай тэмдэглэлээ сөхлөө.
Н.Түвшинбаяр жүдо бөхийн олимпын алт, мөнгөн медаль хүртсэн нь яг 100 кг-ын жиндээ бол хэний ч гаргаагүй амжилт юм билээ. Хоёр олимп дараалан аваргын төлөө үлдэнэ гэдэг хэр баргийн аавын хүүгийн гаргаад байдаг амжилт биш л дээ.
“Лондон 2012” олимпод түүнийг ялсан Тагир Хайбуллаев аваргыг хожим Монголд бэлтгэл хийхээр ирээд байх үед нь уулзаж ярилцахад манай бөхийг маш хүндэлж, “Н.Түвшинбаяр гэмтээгүй байсан бол яах байсныг хэлж мэдэхгүй”, “Би өмнө нь Найданд ялагдаж байсан” хэмээн ярьж байсан нь санаанд тод байна.
Их Монгол Улсын зургаа дахь хаан Хубилайн цэцэн зөвлөх Лю Би Лянь нэгэнтээ “Мориноос буулгүй дэлхийн талыг эзлэх амар. Харин мориноос буугаад төрийг төвхнүүлэх хэцүү” хэмээн сургасан. Тэгвэл энэ алдарт үгтэй утга нэг “Аварга болох амархан, аваргаа хамгаалах хэцүү” гэсэн үг спортын ертөнцөд туйлын үнэнд тооцогдсоор өнөөг хүрчээ. Үүнийг заавал аварга болох, алтан медаль авах биш, “Аливаа амжилтыг гаргахад амархан, давтахад хэцүү” гэж ойлгож ч болно.
Үнэндээ сүүлийн үйл нь эхнийхээсээ үлэмж хэцүү гэдгийг харуулахын тулд л “амархан” гэдэг үг хэрэглэсэн болохоос амархан юм гэж юу байх вэ. Мориноос буулгүй дэлхийн талыг эзлэх нь агуу үйл хэрэг, анх удаа аварга болох нь ч хэцүү даваа. Тиймээс дээрх үгийг заримдаа “Мориноос буулгүй дэлхийн талыг эзлэх маш хэцүү, мориноос буугаад төрийг төвхнүүлэх түүнээс ч хэцүү” гэх юм уу, “Аварга болох хэцүү, аваргаа хамгаалах түүнээс хэцүү” гээд засчихмаар санагддаг юм. Энэ утгаараа Н.Түвшинбаярын амжилт үнэхээр том.
“Лондон 2012” олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд “Бээжин 2008” олимпийн аваргуудаас 48 кг-ын жинд Румыны Алина Думитру, эрэгтэй 81 кг-д хүч үзсэн Германы Оле Бишоф, манай Н.Түвшинбаяр нар л шигшээ барилдаанд шалгарч чадсан, нэг нь ч алт авч чадаагүй. Харин Ардчилсан Солонгосын Ан Кум Аэ, БНСУ-ын Ким Жаэ Бум нар Бээжингийн мөнгөн медалиа алт болгож чанаржуулсан. Хүн төрөлхтний их баяр цэнгэл олимпийн наадамд хоёр удаа аваргын төлөө шалгарна гэдэг бол домогт бөх боллоо гэсэн үг.

Домогт бөхчүүдийн тоонд нэр төртэйгөөр алхан орсон эдгээр бөхчүүдээс манай Н.Түвшинбаяр Лондон хүртлээ маш хүнд хэцүү замыг туулсан, аваргаа батлах барилдаанд бэртэлтэй орсон гэдгээрээ ялгарна. Энэ баримт түүний мөнгөн медалийг алттай дүйцүүлэх үнэ цэнэтэй болгож байгаа юм. Товчхондоо, аваргаа баталсан нь Н.Түвшинбаярын гол гавьяа байсан юм.
Н.Түвшинбаярын бас нэгэн гавьяа бол 2008 оны сонгуулийн дараа улс төрийн талцалаас болж эв эвдэрсэн монголчуудыг буцаан эвлэрүүлж, уур амьсгалыг зөөллөсөн явдал. Хэрвээ Н.Түвшинбаяр олимпийн алтан медаль хүртэж, монголчуудын магнайг тэнийлгээгүй бол юу ч болох байсан юм билээ.
Бээжинд тэр алдарт бөх болсон, харин Лондонд “амьд домог” болсон юм.
-Үүнээс гадна энэхүү тэмдэглэлийн гарчиг болсон бас нэгэн онцлог түүхийг Н.Түвшинбаяр бий болгосон учрыг дороос уншина уу-
Бөхийн спортод “Олимпын бөх”, хөлбөмбөгийн спортод “Тэмцээний баг” гэсэн ойлголт бий. Олимпийн гурван удаагийн аварга Японы домогт бөх Тадахиро Номура ДАШТ-д тааруухан оролцдог, тэр ч байтугай заримдаа улсынхаа аваргад ялагдан ДАШТ-д оролцож ч чаддаггүй байсан атлаа олимпийн жилд гэнэт цоордог байснаараа “Олимпийн бөх” гэсэн ойлголтыг бий болгосон. Японы Аюуми Танимото, Германы Оле Бишоф, Румыний Алина Думитру гээд энэ ангилалд багтах жүдочид бий. Чөлөөтөөс жишээ нь, БНАСАУ-ын бөх, олимпын хошой аварга Ким Ил Ёныг /Ким Ил гэх товч нэрээрээ алдаршсан/ нэрлэж болж байна.
Тэмцээний баг гэдэг нь харин багийн спортод хамаарах нь нэрнээсээ тодорхой байна. Германы хөлбөмбөгийн шигшээ баг 2000 оноос хойш “од” тоглогчгүй шахам болж, нөхөрсөг тоглолтуудад муухан тоглодог ч ДАШТ, ЕАШТ-ээс үргэлж медаль хүртсээр ирснээрээ “Тэмцээний баг” гэдэг нэрийг авсан.

Тэгвэл манай Н.Түвшинбаяр мөн л олон алтан медаль аваагүй, тэр ч байтугай Бээжингийн олимпоос хойших дөрвөн жилийн хагаст нь барилдаагүй. Ази тивийн аваргаас нэг мөнгө, хоёр хүрэл медальтай. Зүүн өмнөд Азийн аваргаас мөн хүрэлтэй. Олон улсын тэмцээнээс ч голдуу мөнгө, хүрэл медаль хүртэж байсныг нь спорт сонирхогчид мэдэх биз (Олимпод түрүүлж, үзүүрлэснээсээ хойш буюу 2014 онд Азийн наадам, 2016 онд Азийн АШТ-т түрүүлж байв). Гэвч тэр “Олимпийн бөх” байжээ. 2016 оны олимпод Кубын бөх Хосе Арментерост маргаантай шүүлтээр ялагдсаны дараа ОУЖБ холбоо тухайн мэхэнд үнэлгээ өгөх ёсгүй байсныг шүүгч нарын семинартаа онцолж байсан юм. Тэгж будлиагүй бол яах ч байсан юм билээ. Олимпоор л онцгой өнгөтэй болчихдөг бөх шүү дээ, Н.Түвшинбаяр.
Бээжингийн олимпийн алтан медаль түүний хувьд олон улсын чанартай тэмцээнд түрүүлсэн анхны тохиолдол нь байсан бол үүнээс хойших олон улсын тэмцээний анхны медалиа хаа байсан хоёр жилийн дараа, нутагтаа болсон “Чингис хаан-2010” дэлхийн цомын тэмцээнд аваргалж авч байлаа. Энэ алт ирэх хүртэл тэр олон удаа ялагдаж, шүүмжлэлийн бай болж байсныг бүгд мэднэ. Тэр үед шүүмжилж байсан хүмүүс харин түүнийг “Олимпын бөх” байсныг нь мэдээгүй байж дээ