Монгол, Японы инженерийн цэргүүд “Зам-2025” хамтарсан сургалтыг 11 дэх жилдээ эхлүүллээ
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хамтарсан “Зам-2025” сургалтын дадлага Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Э.Гансүх, ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагч хурандаа Б.Энхбаяр, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч хурандаа Ш.Гантулга, Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Мурасе Рёосуке, Япон Улсын Өөрийгөө хамгаалах Хуурай замын цэргийн штабын Гадаад хамтын ажиллагааны бодлогын төвийн дарга хурандаа Тамура Хидеки нарын албаныхан, сургалтад оролцох хоёр орны цэргийн алба хаагчид оролцлоо.
Хошууч генерал Ч.Цогтжаргал энэ үеэр хэлсэн үгэндээ Монгол, Япон хоёр орны Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаас хамгийн урт хугацаанд, тууштай хэрэгжиж байгаа нь “Зам” сургалт, дадлага юм. Энэ нь хоёр улсын цэргийн хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлж, Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн цэргийн чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг цохон тэмдэглэж байна.
“Зам” сургалт, дадлага 2014-2024 оныг хүртэл III шатны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн мэргэжлийн офицер, ахлагч нар асфальтан хучилттай авто зам болон ус зайлуулах хоолойн зураг төслийг боловсруулах, замын хэвтээ болон дагуу өнцгийн хэмжилт хийх, ажлын зураг боловсруулах, зургийн дагуу зам барилгын ажлыг гүйцэтгэх ур чадвар эзэмшиж, энэ хугацаанд цэргийн инженерийн салбар бие дааж авто зам барих чадамжтай болсон. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд 530 гаруй инженер техникийн офицер, ахлагч нар авто зам болон ус өнгөрүүлэх гүүр хоолой барих мэргэжлийн ур чадвараа ахиулж, Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байгаа “Инженерийн рот”-д үүрэг гүйцэтгэх зам, барилгын мэргэжлийн сургагдсан бүрэлдэхүүний тоог жил бүр нэмэгдүүлж байгааг дуулгахад таатай байна” гээд сургалтад оролцогчдод амжилт хүслээ.
Нээлтийн ажиллагааны дараа дадлага явагдах газар орон, сургалтад ашиглах техник, тоног төхөөрөмж болон барилгын материал хэрэгсэлтэй танилцсан юм. Энэ жилийн “Зам” сургалт, дадлагын хувьд IV шатны шинэ хөтөлбөр хэрэгжиж “НҮБ-ын мандаттай Энхийг дэмжих ажиллагааны цэргийн бааз байгуулах” сэдвээр зохион байгуулагдах гэж буйгаараа онцлог юм. Сургалт, дадлагын эхний шатны онолын сургалт Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн Инженерийн сургуулийн байрлалд 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ба онолын сургалтаар боловсруулагдсан ажлын зураг, график төлөвлөгөөний дагуу ийнхүү II шатны дадлагын сургалт эхэллээ.