Эрчим хүчний салбарын ажилчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлэхийг шаардав

0

Дулаан цахилгаан үйлдвэрлэгч түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд шаардлага хүргүүллээ. Тус холбооноос нийт ажилчдын цалинг 30 хүртлэх хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм байна. 

Дулаан цахилгаан үйлдвэрлэгч түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Э.Адъяасүрэн:

-Дулаан цахилгаан үйлдвэрлэгч түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбоо нь эрчим хүчний салбарт ажиллаж байгаа хөдөлмөрчдийнхөө хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сайн дурын үндсэн дээр 2022 оны 11-р сард зохион байгуулагдсан. Тус холбоонд Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Дулааны 2-р цахилгаан станц ТӨҮГ, 4-р цахилгаан станц, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, Дорнод бүсийн эрчим хүчний дулааны цахилгаан станц, “Хасу мегават” компанийн үйлдвэрчний эвлэлийн холбоод нэгдсэн. 

Тус холбооны зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 20-р зүйлийн 20.1 дэх зүйлийг үндэслэн “Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамт тарифын хэлэлцээрт” оролцох хүсэлтийг ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Тавинбэхэд 2022 оны 11-р сарын 15-ны өдөр хүргүүлсэн.

Гэтэл ЭХЯ-ны ТНБД-аар ахлуулсан ажлын хэсэг нь зөвхөн Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг оруулж 2022 оны 12-р сарын 23-ны өдөр салбарын хэлэлцээрийг хийсэн байна. Тарифын хэлэлцээрээр бидний цалин тогтоогддог. 2019 оноос хойш хүрсэн түвшнээсээ буурсан гэж бид үзэж байна. Одоо манай салбар ажиллах хүчний хомстолд орох дээрээ тулаад байна. 2022 онд 200 гаруй хүн ажлаасаа гарч байгаа нь цалин хөлс бага байгаатай холбоотой юм.

Эрчим хүчний яам, Эрчим хүчний ассоциаци болон Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулагдсан дээрх 2023-2024 оны хамт тарифын хэлэлцээр нь тус салбарын хөдөлмөрчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн илэрхийлээгүй, ажилчдад тулгамдаж байгаа нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэж чадаагүй зэргээр тус салбарын ажилчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 хувь буюу бодит байдлаас зөрүүтэй хэт доогуур нэмэгдүүлэхээр тогтсон байна.

Иймд ЭХЯ, Эрчим хүчний ассоциаци болон Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны хууль зөрчин байгуулсан 2022 оны 12-р сарын 23-ны өдрийн “Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамт тарифын хэлэлцээрийг” хүчингүй болгож, тус салбарын нийт хөдөлмөрчдийн төлөөллийг бүрэн оролцуулан хэлэлцээрийг шинээр байгуулахыг шаардаж байна. Нийт ажилчдын цалинг 30-с дээш хувиар нэмэгдүүлэхийг шаардаж өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж байна. Манай холбоонд элсэн орсон дулааны цахилгаан станцын ажилтан, албан хаагчид ажил хаяна гэдгээ мөн илэрхийлсээр байгаа гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *