“Хоёр нялх хүүхэдтэй эмэгтэй гэртэйгээ урсах гэж байсныг татаж гаргасан”
“Үер буух үеэр бага насны хоёр хүүхэдтэй эмэгтэй гэртэйгээ урсах гэж байсныг татаж гаргасан” гэдгийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Ж.Галмандах хэлсэн юм. Тэднийх мөн л бага насны хүүхдүүдтэй бөгөөд үерийн ус гаталж, эсэн мэнд гарсан гэв.
Тэрбээр тус хороонд шинэ хашаа худалдан аваад нэг жил болж байгаагаа учирлалаа.
Гэтэл худалдан авсан хашаа нь өчигдөр /2025.08.21/ нийслэлд орсон усархаг борооны улмаас үерт автаж, тэр чигтээ лаг шавар овоорчээ. Гэрийнх нь ханаар татсан борооны ус орж, тавилга эд хогшил нь хэрэглэх аргагүй болсон байлаа. Тэрбээр “Гэсэн хэдий ч өөр очиж айл байхгүйгээс хүүхдүүдтэйгээ лаг шавартай гэртээ хоноод, эд хогшлоо гаргаж байна” гэдгийг хэлсэн юм. Хашаанд нь элдэв хог хаягдал овоорч, хөрш айлынх нь модон жорлон урсч орж ирсэн дүр зурагтай угтав.
Иргэн Ж.Галмандах “Манай гэр, хашаа үерт автаад хэцүү байна. Энэ хавьд далангийн ажил хийж байсан залуу машин техникээрээ шуудуу татаад өгчихсөн бол арай бага хохирох байлаа. Айл үерт автаж байхад машин дотроосоо хараад л сууж байдаг. Үнэхээр сэтгэлгүй юм. Манайх ам бүл зургуулаа. Бага насны хүүхдүүдтэйгээ үерийн ус гаталж, эсэн мэнд гарцгаалаа. Хөрш айлын модон жорлон нь урсч орж ирсэн байдалтай байна. Гэр дотор дүүрэн усанд автсан. Хонох айл байхгүй учраас хүүхдүүдтэйгээ лаг шавар дотор хонолоо. Манайх энэ хашааг өнгөрсөн жил худалдаж авсан юм
Гэтэл үерийн усанд урсчихлаа. Хороо, дүүргээс усанд автсан айлуудыг нүүлгэн шилжүүлнэ гэнэ. Гэтэл хүүхдүүд маань хичээл сургуулиасаа холдоод улам хэцүү болчихно. Гэр, хашаа бохир лаг шаварт дарагдсан учраас яаж цэвэрлэж ариутгахаа мэдэхгүй байна.
Хэд хоногийн дотор шийдэж өгөх юм бүү мэд. Манайхаас гадна үерт өртсөн айлууд гайхаад л байцгааж байна. Онцгой байгууллагынхан үерийн ус багассан хойно нь ирээд, зураг дараад л явсан. Өмнө нь ингэж айхтар үер болж байгаагүй гэсэн. Бид цаг агаарын мэдээг сайтар сонсч байсан. Тэглээ гээд гэр, хашаанд үерийн ус урсаад ороод ирнэ гэж санасангүй” гэдгийг хэлсэн юм.
“ҮЕРТ ӨРТСӨН 33 АЙЛЫГ ЯАРАЛТАЙГААР НӨХӨХ ОЛГОВОРТОЙГООР ГАЗРЫГ НЬ ЧӨЛӨӨЛНӨ”

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн менежер Д.Баярсайхан:
-Улаанбаатар хотод орсон өчигдрийн борооноор Нарангийн голын 2, 35, 20 хорооны айлууд усанд автсан, үерт орсон байдалтай байна. Тодруулбал, 35 дугаар хороонд 22 айл, 2 дугаар хороонд 10 гаруй айл, Ногоон зоорины орчимд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүд үерт өртсөн.
Маш их усархаг бороо орж, энэ хавь улаанаараа эргэлдэж, гол болж урссан.
Дүүргийн 2 дугаар хорооны хувьд өмнө нь үерт өртөж байгаагүй, 35 дугаар хорооны хувьд эрсдэлтэй бүсэд орж ирсэн. Жил бүрийн өвөл нь халиа тошин үүсдэг, зундаа үерт өртдөг. Нийт 10 гаруй айл халиа дошин, үерт өртөж ирсэн. Сүүлийн гурван жилийн хугацаанд эрсдэлтэй бүсэд амьдарч байгааг иргэдэд нүүх мэдэгдэл өгч ирсэн ч “Нүүхгүй” гэдэг тайлбар хэлсээр ирсэн.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас холбогдох хүмүүс өнөөдөр энд ажиллаж байна. Үер болон халиа тошинд өртдөг 35 дугаар хорооны 33 айлыг яаралтайгаар нөхөх олговортойгоор газрыг нь чөлөөлье гэдэг шийдвэр гаргаад ажиллаж байна. Газрын албаныхантайгаа хамтраад айл өрхийн иргэдтэй уулзаад явж байгаа юм. Үдээс хойш үнэлгээний компани ирнэ. Өнөө маргаашдаа үнэлгээ хийгээд яаралтайгаар газар чөлөөлөх ажлыг хийнэ. Дүүргийн 35 дугаар хороон дээр нэг жолооч машинтайгаа урслаа гэдэг дуудлага Онцгой байдлын хэлтэст ирж, яаралтай ажиллаж, арга хэмжэ авсан. Мөн нэг хүн явганаар явж байхдаа урслаа гэдэг дуудлага ирсэн байгаа.
Тухайн хүн маань овсгоотой тулдаа шонгоос зууралдан их усыг өнгөрөөж байх үед Онцгой байдлын хэлтсийнхэн маань шуурхай ажиллаж аварсан.
Хүний амь нас хохирсон, автомашин урссан зүйл байхгүй. Үер буусан үеэс эхлээд хорооны төв зам болоод үерт өртсөн хэсгүүд дээр Сонгинохайрхан дүүргийн зам цэвэрлэгээний байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, зам дээр овоорсон лаг шороог цэвэрлэсэн. Шөнөжин ажиллалаа. Одоо ариутгал халдваргүйтэл хийж эхэлж байна. Нийт дөрвөн бригад зүүн талын хороодоосоо ажил эхлүүлээд явж байна. Далан суваг шуудууны хувьд, энэ байршилд баригдсан үерээс хамгаалах суваг Цэргийн хотхон руу гарч, Хүнс трейдээр дамжин Сонсголонгийн оргил худалдааны төвийн зүүн талаар цэвэрлэх байгууламж руу гарахаар төлөвлөгдсөн. Нийт 4.3 км ажил өнгөрсөн жилээс эхлээд өнөө жил үргэлжлэн хийгээд явж байна. Толгойт дэд төвийн хүрээнд хийгдэж байгаа ажил юм. 2026, 2027 он дамнаж хийгдэх ажил. Графикийн дагуу үргэлжилж байна.
Далангаа хаасан хаалтаа хийгээд бэхжилтээ авч байгаа цаг хугацаа таарсан үед өчигдөр ширүүн бороо орлоо. Цаашдаа энэ даланг Тоосгоны үйлдвэр хүртэл үргэлжлүүлэн хийх юм.










