“Influencer”-үүдийн зөвлөгөөгөөр эм хэрэглэх нь эрүүл мэндэд эрсдэл үүсгэж болзошгүй
Сүүлийн үед TikTok, Instagram зэрэг платформ дээр олон Influencer эм, витамин, гоо сайхны бүтээгдэхүүн сурталчилж, иргэдийн эмийн зохистой хэрэглээнд нөлөөлөх болсон. Гэвч эдгээр бүтээгдэхүүн зарим тохиолдолд эмчийн зөвлөгөөгүйгээр хэрэглэгдэж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй юм. Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс “Жоргүй олгох эмийн сурталчилгааг зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах” хууль батлагдсан ч өнөөдрийг хүртэл зарим олны танил олон дагагчтай хүмүүс эмийн хамааралтай бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилж байгаа нь хууль бус үйлдэл болж байна.
28 настай эмэгтэй TikTok дээр нэг “influencer”-ийн зөвлөсөн эмийг худалдан авч хэрэглэсний дараа толгой өвдөж, арьс нь улайжээ. Эмчийн үзлэгээр харшил үүссэн болох нь батлагдсан байна. Мөн 35 настай эрэгтэй “Instagram”-аас нэг “influencer”-ийн санал болгосон витамин хэрэглэсэн боловч ходоодны өвдөлт нь улам ихэссэн гэх мэт баримтууд олон болсон .
Эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтэн У.Соёл-эрдэнийн зөвлөснөөр “Эмийн зохистой хэрэглээ гэж хүн болгон сонсож байсан боловч иргэд хаанаас эхлэхээ мэддэггүй. Иргэн бүр өөрөөсөө эхлэх ёстой. Зохистой хэрэглээний дадал хэвшлийг бий болгох хэрэгтэй. Заавал эмнэлгийн байгууллагад үзүүлж эмчийн бичигтэйгээ албан ёсны эмийн сан, гэрээт борлуулагчаас худалдан авалт хийж, эмийн гарал үүсэл эх сурвалжийг судлах хэрэгтэй” гэлээ.
Хятадаас оруулж ирсэн зарим эмийн чанар Монголын стандарттай нийцэхгүй байх эрсдэлтэй бөгөөд албан ёсны зөвшөөрөлгүйгээр худалдаалагдаж буй бүтээгдэхүүнүүд зохицуулалтын дутагдалтай байна. ЭМЯ, МХЕГ-аас “Сошиал медиа платформууд дахь эмийн сурталчилгаа хяналтгүй, зөвшөөрөлгүй байж болзошгүй тул иргэдийг болгоомжтой байхыг анхааруулж байна” гэж мэдээлжээ.
“Ай Ёо Доктор” гэх эрүүл мэндийн нэвтрүүлгээр олонд танигдсан Б.Дугархүү хуурамч эм их хэмжээгээр захиалгаар үйлдвэрлүүлж, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэх ноцтой мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан. Энэ талаар тодруулбал, Нидерланд улсад үйлдвэрлэсэн “NMN” эмийг Хятадын Гуанжу хотод 11,000 төгрөгөөр дуурайлган үйлдвэрлүүлж, Монголд 21 дахин өндөр үнээр буюу 234,000 төгрөгөөр зарсан гэх хардлага үүсээд буй. Тэгвэл БНХАУ-д амьдардаг Монгол залуу Гуанжу дахь үйлдвэрийн ажилтантай уулзаж, зураг баримттайгаар Б.Дугархүү эмчийг илчилсэн.
Харин Б.Дугархүү эмч болсон үйл явдлыг эрс эсэргүүцэж “Зөв буруу, үнэн худал гэсэн хэрүүл олон нийтийг төөрөгдүүлж байх шиг байна. Надад айж сандрах зүйл байхгүй. Үнэн зөвөөр явсан. Хувь хүний бөгөөд байгууллагын нэр хүндэд халдсан тул шүүхэд хандана” гэсэн тайлбарыг өгсөн.
Өнгөрсөн парламентаар баталсан “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаа. Тиймээс 126 гишүүнээс бүрдсэн шинэ парламент “Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг хэлэлцэж баталсан.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “2024 оны аравдугаар сарын 1-нээс эм болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг цахим сүлжээгээр сурталчлах боломжгүй болно. Хэрвээ сурталчилсан тохиолдолд торгууль ногдуулж, хариуцлага тооцно. Харин жороор олгодоггүй эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг телевиз, радио, хэвлэл мэдээлэл, вэбсайтаар сурталчилж болно гэх мэт зохицуулалт хийж байгаа” гэсэн. Түүнчлэн, эмч нар эм сурталчлахыг ч мөн хуулиар хориглосон. Үүнд:
- Зар сурталчилгааны зөвшөөрөлгүйгээр олон нийтэд эм сурталчлах,
- Эмнэлгийн мэргэжилтэн эм сурталчлах,
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийг сурталчлах,
- Эмийг зүй бус, бодит байдал болон ёс суртахуунд үл нийцсэн, далд агуулгаар сурталчлах,
- Иргэн, хуулийн этгээд зар сурталчилгааны зөвшөөрөлгүй эмийн сурталчилгаанд оролцох, дэмжих, сурталчлах, санхүүгийн дэмжлэг өгөх, авах,
- Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг өвчнийг оношлох, эмчлэх үйлдэлтэй гэж төөрөгдөлд оруулсан байдлаар сурталчлах,
- Телевиз, радио, самбар, мэргэжлийн хэвлэл, албан ёсны цахим хуудаснаас бусад мэдээлэх хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр сурталчлах,
- Тамирчин, спортоор хичээллэж байгаа иргэнд эмчилгээний бус зорилгоор Дэлхийн допингийн эсрэг код, олон улсын стандартад хориглосон жагсаалтад орсон эмийг санал болгох, дэмжин сурталчлах, зарж борлуулах зэргийг хоригложээ.
Эмийн борлуулалт ашигтай байгаа учраас бизнес болтлоо хөгжсөн. Тийм учраас бидний “influencer” гэж нэрлэдэг олны танил хүмүүс эрүүл мэндийн бүтээгдэхүүн сурталчлах нь элбэг болжээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар /ЭЭХХЗГ/-аас тодруулснаар, “Бид нийгмийн сүлжээнд тавигдсан эрүүл мэндийн бүтээгдэхүүнтэй холбоотой зар сурталчилгаанд хяналт тавин ажиллаж байгаа. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга” 2024 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Өмнө нь “influencer”-үүд эм болон биологийн идэвхт бүтээгдэхүүн сурталчилж болохгүй гэдэг заалт журам дээр байсан бол одоо хуульд иргэн гэдэг заалтаар тусгаж өгсөн” гэв.